Үүнд хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж, Оюутолгойн алдарт гэрээг үзэглэсэн Д.Зоригт, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд асан Н.Баяртсайхан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан Э.Мөнх-Очир, Л.Гүндалай гээд олон нэр дурдаж болно.
МАН /хуучнаар МАХН/-ын засаг барьж байсан 2000-2004 онд ганц дайчин ганцаардахгүйг харуулж, гол шуугианы эзэн болж, дараа, дараагийн хамтарсан Засгийн газруудын үед ч хамгийн их дуулиан дэгдээж байсан Л.Гүндалай эрхмийн нэр орон нутгийн сонгуулийн үеэр сонсогдож, аймгийн Засаг дарга болохоор горилж явна гэгдэж байснаа сүүлийн үед чимээ тасрав. Тэгвэл бас л нэгэн үеийн Сангийн сайд Н.Баяртсайхан эрхэм аавыгаа гадаадад эмчлүүлж хэсэг явсан сурагтай. Харин нэрт улстөрчийн хүү гэдэг утгаараа ч олны анхаарал татаж, үе үе зодоон цохионы шуугианаар “чимэглэгддэг” байсан эрхэм гишүүн асан Э.Мөнх-Очир саяхан Буудлагын холбооны тэргүүнээр улиран сонгогдоод сураг алдрав. Сайд асан Ц.Мөнх-Оргил, Т.Бадамжунай нарын хувьд бүр ч чимээгүй сураг тасарсан.
Харин Эрдэс, баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт сүүлийн үед Монголдоо бараг байхгүй, Шведэд судалгааны ажил хийж яваа сурагтай байна. Албан бус мэдээллээр бол түүнийг олон улсын байгууллагын шугамаар гадаад гарсан, тэндээ удаан хугацаанд амьдрах байх гэсэн таамаг ч байгаа гэх.