&#34Жүдо, үндэсний бөхөөр оргилд хүрэхийг боддог&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

&#34Жүдо, үндэсний бөхөөр оргилд хүрэхийг боддог&#34

Өнгөрсөн аравдугаар сарын эхээр Тайванийн Тайпей хотод жүдо бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, +100 кг-ын жинд Сонгинохайрхан дүүргийн тамирчин Ө.Дүүрэнбаяр алтан медаль хүртсэн. Тэрбээр сүүлийн хэдэн жил өсвөр үе, залуучуудын ангилалд босоо байгаа. Өдгөө 18 настай тэрбэээр хоёр талын бөхийн удамтай. Түүний аав улсын начин Л.Өлзийбаяр, өвөө нь ард түмэндээ “Тавхай” хэмээх алдаршсан улсын заан Д.Лувсан, ах нь чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Лу.Энхбаяр агсан. Харин ээжийнх нь ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, улсын заан Р.Давааням агсан. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө нь энэ жилийн жүдо бөхийн залуучуудын Азийн аварга болсонд баяр хүргэе. Тайванийн татамид хаанахын бөхчүүдтэй хүч үзэж түрүүлсэн бэ?

-Баярлалаа. Миний хувьд залуу­чуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, алтан медаль хүртсэн. Эхний тойрогт Узбекистаны Бензодхон Сахатовыг юүкогоор ялж, хагас шигшээ барилдаанд Тайванийн Ли По Йенийг, алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Хьюн Жеоныг ялж, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахиа түрүүллээ.

-Сая хүч үзсэн бөхчүүдтэй өмнө нь барилдаж байв уу?

-Хоёр жилийн өмнө Тайландын нийслэл Бангкокт болсон залуучуудын Азийн АШТ-д 16 настайдаа оролцож, өөрөөсөө гурав, дөрвөн насаар ах жүдочдыг ялж, түрүүлсэн. Тэгэхэд Узбекистан, БНСУ-ын бөхчүүдийг ялж байв.

-Залуучуудын Азийн АШТ-ий дараа “Тайпей Опен” насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Өөрийн тань хувьд насанд хүрэгч­дийн анхны олон улсын тэмцээн үү?

-Өнгөрсөн сард Улаанбаатар хотод болсон “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд анх удаа насанд хүрэгчдийн ангилалд барилдсан. Харин “Тайпей Опен” насанд хүрэгчдийн ангилалд оролцсон хоёр дахь тэмцээн байлаа.

-Тайваньд хаанахын бөхчүүдтэй зодоглож, медальд хүрсэн бэ?

-Сингапур, Тайванийн бөхчүүдийг ялж, алтан медалийн төлөө Японы бөхөд алтан цагт ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.

-Энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд медаль хүртэх боломжтой байсан. Ялангуяа хүрэл медалийн төлөө барилдаанд ялж яваад ялагдсан. Уг тэмцээний талаар ярих уу?

-Тийм ээ. “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд жаахан аз дутаад медалийн гадна үлдсэн. Группийн аваргын төлөөх барилдаанд аварга болсон БНСУ-ын Чой Гу Хамд ялагдсан. Хэн хэн нь үнэлгээ аваагүй явж байгаад цаг дуусахтай зэрэгцэн вазари үнэлгээ алдаад ялагдсан. Харин дагах барилдаанд ОУХМ А.Давааням ахыг ялж, хүрлийн төлөөх барилдаанд Н.Батсуурь ахад дийлдсэн. Уг нь медалийн төлөөх барилдаанд юүкогоор ялж, яваад цаг дуусахаас зургаан секундын өмнө  цэвэр ялагдсан. Үнэхээр туршлага дутсан даа.

-Ингэхэд бөхийн спортоор хэдэн оноос хичээллэсэн бэ?

-Багаасаа аав, ах нарынхаа барилдааныг үзэж, дагаж явдаг байсан. 13 нас хүртлээ үндэсний бөхөөр барилдсан. Харин тавдугаар ангид байхад манайх гэр бүлээрээ Улаан-Үдэд очсон юм. Нэг өдөр аавтайгаа явж байгаад нэг орос хүн ирээд бидэнтэй уулзсан. Аав том биетэй тэгээд бас хулгар чихтэй болохоор нь намайг бөх болох хүү байна гээд секцэндээ урьсан юм. Тэр багшийг Евгений Юрьевич гэдэг. Тэнд хоёр жил жүдогоор хичээллээд Монголд ирээд Сонгинохайрхан дүүргийн дасгалжуулагч Б.Хаштогтох багшийнхаа удирдлагад одоог хүртэл бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.

-Сонгинохайрхан дүүргийн нэр дээрээс хэдэн жил барилдаж байгаа вэ?

-Дөрвөн жил барилдаж байна. Харин шинэ оноос Орхон аймгийн “Хангарьд”  спорт хорооны нэр дээрээс барилдаж эхэлнэ.

-Хойд хөршид хэдэн жил амьдарсан бэ?

-Би Улаан-Үдэд хоёр, Эрхүүд нэг жил болсон. Тэнд байхдаа найман тэмцээнд оролцож, таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан.

-Багаасаа том биетэй байсан уу?

-Тийм ээ. Ер нь үеийнхэн дунд том биетэйд тооцогддог байлаа.

-Тамирчин хүний анхны медаль үнэ цэнэтэй. Анхны медалиа ямар тэмцээнээс авч байв?

-Сибирьт болсон өсвөр үеийнхний тэмцээнээс +73 кг-ын жинд барилдаж аваргалж байсан.

-Чамайг жүдогийн багш, дасгал­жуулагчид сүүлийн хэдэн жил өсвөр үе, залуучуудын ангилалд тасархай байгаа гэж ярьж байсан?

-Яах вэ. Ганц хоёр тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэнийг эс тооцвол ихэнхэд нь түрүүлсэн. Тиймээс багш нар тэгж хэлсэн байх.

-Өсвөр үе, залуучуудын ДАШТ-д хэдэн удаа оролцсон бэ?

-2009 онд Унгарын Будапештэд болсон өсвөр үеийн ДАШТ, 2010 онд Мароккод, өнгөрсөн жил ӨАБНУ-ын Каптоун хотод болсон ДАШТ-д хүч үзэж байсан. Ирэх жил залуучуудын ДАШТ-д барилдаад насанд хүрэгчдийн ангилалд хүч үзнэ.

-2016 оны Рио де Жанейрогийн олимпийн шинэ цикл эхэлж байна. Олимпод барилдахыг хүсч байгаа биз дээ?

-Тийм ээ. 2016 оны олимпод орол­цохыг хүсч байна. Он гараад олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд эхэлнэ. Энэ тэмцээнүүдэд амжилттай оролцож, эрхээ авах бодолтой байгаа. Гэхдээ дотоодын өрсөлдөөн их.

-Дотооддоо өөрийн тань жинд хүчтэй өрсөлдөгчид олон биз дээ?

-ОУХМ Н.Батсуурь, Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Б.Төгөлдөр гээд ах нар бий.

-Дэлхийн хүнд жингийн шилдэг жүдочтой барилдахыг хүсч байгаа биз дээ?

-Тийм ээ. Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд таарч барилдах байх. Одооноос өөрийн жингийн шилдэг жүдочдын барилдааныг судалж байгаа.

-Үлгэр дууриал авдаг бөх тань хэн бэ?

-Жүдогоос олимпийн аварга Н.Түвшинбаяр ахыг, үндэсний бөхөөс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр нарыг хүндэлдэг. Тэдэн шиг сайн бөх болохыг хүсдэг.

-Үндэсний бөхөөр аймгийн начин цолтой байх аа. Хаана цолоо авсан бэ?

-Улсын баяр наадмын өмнөхөн Говь-Алтайд тав давж аймгийн начин болсон. Дөрвийн даваанд улсын начин С.Эрхэмбаярыг тавын даваанд аймгийн арслан Ж.Алтаншагай ахыг өвдөг шороодуулсан.

-Улсын баяр наадмаар хүүхдийн барилдаанд түрүүлсэн бил үү?

-Тийм ээ. 2010 онд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх, Баян-Өлгий аймгийн заан Б.Сериктэй үлдэж, түрүүлсэн.

-Түүнтэй олон удаа барилдсан уу?

-Бид хар багаасаа барилдаж эхэлсэн. Үндэсний бөхөөр өнгөрсөн жил Хөвсгөлийн Мөрөнд болсон өсвөр үеийн УАШТ-д би түрүүлж, тэр үзүүрлэсэн. Харин энэ жилийн УАШТ-д Б.Серик түрүүлж, би хоёрдугаар байрт орсон.

-Тэгвэл томчуудтай хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн жил дөрвөн түүхт ой давхцсан наадмаар анх барилдаад хоёр даваад гурвын даваанд Н.Ганбаатар ахад унасан. Харин энэ жил хоёрын даваанд улсын заан Ч.Батзоригт оноолтоор таарч өвдөг шороодсон.

-Өөрөө хоёр талын бөхийн мундаг удамтай. Аав, ах нар тань зөвлөгөө өгдөг биз дээ?

-Хар багаасаа олон зөвлөгөө сонсож өссөн. Ааваас гадна нагац ах улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин Д.Лхагвадорж, хүргэн ах улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар байнга зөвлөгөө өгдөг.

-Таны цаашдын зорилго?

-Мэдээж, тамирчин хүн бүрийн мөрөөдөл болох олимпийн аварга болох. Мөн үндэсний бөхөөр дээд оргилд нь хүрэх зорилготой.
-Ярилцсанд баярлалаа. Зорил­годоо хүрээрэй.

Б.БАТАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж