-Танай төв хэзээнээс энэ үйл ажиллагааг эхлүүлэв?
-Манайх халамжийн үйл ажиллагааг 1998 оноосЯпон улсын иргэн, Токиогийн их сургуулийн багш Аратамэ-Кэнтэй хамтран эхлүүлсэн. Эхлээд Сонгинохайрхан дүүргийн өрх тойлгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр туслаж байсан. 2003 оноос байнгын асаргааны ажлыг эхэлсэн. Тэгээд түнхний мултралтай, тулгуур эрхтэний саажилттай хүүхдүүдийг асарч байсан. Тэр хүүхдүүд маань бүгд хөл, гар нь эдгэрээд сайхан болцгоосон.
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асардаг байгууллага тун цөөхөн байдаг байх. Таны хувьд хэчнээн хүүхдийг асарч, халамжлаад байна вэ?
-Анх би өөрөө зургаан хүүхдийг асарч байсан. Тэд бронхиттой, уушгины сүрьеэтэй байсан. Тэднийгээ монгол аргаар эмчлэхийн зэрэгцээ Гэмтэл согогсудлалын үндэсний төвтэй хамтарч эрүүл саруул болгосон. Энэ төвийг ажиллуулснаас хойш 90гаруй хүүхэд манайхыг дамжаад гарсан байдаг юм. Гэртээ буцсан хүүхдүүд маань холбоотой байдаг.
-Одоо хэчнээн хүүхэд байна даа?
-Манайх одоо хоёр төвтэй болсон. Нийт 26 хүүхэд бий. Наснаас нь хамаараад хоёр хуваасан юм. Оюуны хомсдолтой тусгай сургуульд явдаг, Сэтгэцийн эмнэлэгт хэвтдэг хүүхдүүд ч бий. Хүүхдүүд маань өөрсдийнхөө хэмжээнд боловсрол эзэмшээд явж байна даа.
-Танайх хоёр байраа түрээсэлдэг юм уу?
-Тийм ээ. Нэг байрны маань эзэн биднийг харж үзүүд тийм ч их мөнгө авдаггүй. Харин нөгөө байраа зах зээлийн жишгээр түрээснийх нь мөнгийг өгдөг. Гэхдээ байрны төлбөрөө төлөхөд байгууллага болоод хувь хүмүүс их тусалдаг. Нэг байрны маань түрээсийг “Монгол даатгал”-ынхан төлж өгдөг.
-Танай төвд өнчин хүүхдүүд бий юу?
-Байлгүй яах вэ. Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ирсэн хүүхдүүд бий. Манайд ирж байгаа хүүхдүүд ихэнх нь ямар нэг эмгэгтэй байдаг.
-Тэгэхээр та бас давхар эмчийн үүрэг гүйцэтгэдэг байх нь ээ?
-Хүүхдүүд маань өвдөхөөр ардын эмчилгээний аргаар л эмчилдэг. Би Дэнжийн 1000-аас мөн ч их яс зөөсөн дөө. Дугуй булантай цайнд ч олон удаа гүйсэн дээ. Ер нь бага насны хүүхдийг хар цай, ясны шөл, хонины сүүл гурав л хүн болгодог-. Айхавтар үнэтэй эмний оронд хар цайнд оруулаад салхи авахуулахгүй хэвтүүлчих л хэрэгтэй. “Жор мэдэх ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг л хүүхдүүдээ юу нь өвдөх гээд байна гэдгий хараад л мэддэг болсон шүү. Бямба, ням гариг бол миний хувьд хүүхдүүдээ хамгийн их цаг зарцуулдаг өдөр. Энэ өдөр хүмүүс “Найз нартайгаа ярьж суунгаа алжаалаа тайлна” гэцгээдэг. Надад тийм зав байдаггүй. Унтаж байхад хүртэл утас дуугарвал “Хүүхдүүд маань зүгээр байгаа даа” л гэж хамгийн түрүүнд боддог. Заримдаа хүүхдүүдийнхээ хувцсыг цуглуулна гээд Эрээн явна. Тэр үедээ байнга л утасдаад явна шүү дээ. Хахчихвий, өвдчихвий гээд л үргэлж санаа зовдог юм.
-Түүртэх, бухимдах үе гарна биз?
-Тийм үе бараг л гарахгүй. Хүүхэд өвдөхөөр л их айдаг юм. Хоёр жилийн өмнө зүрхний хагалгаанд нэг хүүхэд оруулахад өвдөг чичирч л байлаа шүү. Зургаан цаг болчихоод байхад гарч ирэхгүй, айж л байсан. Тэр үед янз бүрийн л юм бодож зогссон. “Янз бүрийн юм болбол намайг л буруутгах болов уу. Уг нь би сайн л үзүүлж байсан даа” гээд л элдвийн юм бодогддог юм билээ. Ер нь жаахан муу санаа суудаг юм байна. Дандаа л инээгээд явна гэж юу байх вэ. Янз бүрийн л ааш араншинтай хүүхдүүд ирдэг. Гоё хувцас өмсүүлээд, гангалаад л цэцэрлэгт нь явуулах гэхээр гарахдаа үүдэн дээр бүдэрч унаад трикогоо цоолчихно. Тэгэхээр уурлах ч хэцүү, уйлах ч хэцүү болно шүү дээ. Тийм юм их гарна. Цэвэр цэмцгэр өмссөн хувцсыг нь нөгөө рүү шилжүүлэх гээд л гэрийн эзэгтэй ямар л ажил хийдэг вэ, тэр бүгдийг л хийдэг дээ.
-Та энэ төвийнхөө үйл ажиллагааны санхүүжилтийг хэрхэн зохицуулдаг юм?
-Анх биднийг Аратамэ-Кэнтэй гуай ивээн тэтгэж байсан. Тэр хүний маань эрүүл мэндийн байдал 2008 оноос муудаж, эндэхийн цаг агаар ч таарахгүй, бас биднийг тэжээж байсан мөнгө төгрөг нь ч дууссан уу эх орон руугаа буцсан. Тиймээс би хөдөлмөр халамж үйлчилгээнийхээ газарт хандсан. ХХҮГ-аас манай төвд сард 800 мянган төгрөг өгдөг. Түүнийгээ хүүхдүүддээ зарцуулдаг. Өөрсдөө ч юм оёж зарна. Найз, нөхөд ч хааяа тусална. Энэ жил “Халуун сэтгэл” аяныхан бидэнд тусалж, шинэ жилийг маань тэмдэглэж өгсөн. Тэдэнд маш их баярлаж байгаа. Энэ ажлыг би өөрийнхөө сайнд ч хийгээд байгаа юм биш. Надад тусалдаг олон байгууллага бий. Дүүргийн халамжийн газар, Хүүхдийн төлөө газар гээд олон сайн санаатай, хүүхдэд хайртай хүмүүсийн буянаар л үйл ажиллагаагаа явуулж байна даа.
-Та зардлаа сар сараар нь гаргадаг юм шиг байна. Жилд хэчнээн төгрөг зарцуулах вэ?
-Би аливаа зүйлд тооцоотой, нямбай байхыг боддог. Хүмүүсийн тусалж дэмжиж, өгсөн, өөрсдөө юм зарж олсон гээд тооцоод үзэхээр жилд 14-15 сая төгрөг зарцуулдаг. Өнгөрсөн жил хүүхдүүдийнхээ хувцсыг авч чаддаггүй, хүйтрэх гээд байдаг. Тэгээд Гурвалжингийн гүүрний ойролцоо байдаг “HERO холдинг”компанид хандсан. Тэд манай хүүхдүүдэд өвлийн гутал, хүрэм авч өгсөн. Энэ жил өөрсдөө оёж шидэж байгаад хүнээс гуйлгүй хүүхдүүдээ хувцаслачихсан. Гэр ээжүүдтэйгээ нийлж байгаад бэлэг дурсгалын зүйл оёдог. Түүнийгээ “Баянгол” их дэлгүүрт тавьж борлуулдаг. Үүнээс олсон мөнгөөрөө хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэгслийг авна шүү дээ.
-Гэр ээж гэж танд тусалж байгаа хүмүүсийг хэлж байна уу?
-Тийм ээ. Манай хоёр төвд дөрвөн гэр ээж ажилладаг. Эд маань ар гэртээ татлаа түтлээгүй хүмүүс байх хэрэгтэй байдаг. Хүүхдэд л цаг зав гаргаж өгөх хүн энд ажиллана. Нөхөртэй, хүүхэдтэй хүмүүс хэцүү юм билээ.
-Гэр ээж нарыг цалинтай ажиллуулдаг юм уу?
-Тодорхой хэмжээний цалин өгдөг. Гэхдээ эд маань мөнгө гээд гараа тосоод суудаггүй. Бүгдээрээ нийлж байгаад бараа материал оёж зарсан бол түүнийгээ зараад л хувааж авдаг. Тэгээд “Тав хоног нүд чинь цавчихгүй сайн ажилласан болохоор чамд арай илүүг нь өгье” гээд инээлдэнэ дээ. Ер нь хөдөлмөрлөх шаардлагатай.
-Танай төвд асаргаанд байгаа хүүхдүүдийн эцэг эх нь тусалж дэмжиж байх юм уу?
-Эцэг эхээс ямар ч тусламж дэмжлэг үзүүлдэггүй. Дандаа хаягдсан, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүд ирдэг. Зарим эцэг эх нь хүүхдэдээ туслах нь битгий хэл надаас “Хоолны мах өгөөч” гэж ирдэг. “Хүүхдээ авч чадахгүй нь, харж байгаач” гэж хэлдэг. Гэхдээ л хүүхдүүд ар гэртээ санаа зовдог. “Би том болоод ийм мэргэжилтэй болно, Том болоод ахыгаа олж авна” гээд л ярьж байгаа нь өрөвдмөөр шүү. Мөнгө гуйгаад явж байгаа хүмүүсийн гурван хүүхэд асарч өгсөн. Эцэг эх нь ирээд “Хэнийг нь чи ад үздэг, хэнийг нь гэртээ оруулдаг юм” гэж загнаж байгаад л хүүхдээ аваад явна. Гэхдээ тэр бүхэнд гомдоод байдаггүй. Нийгэм маань ийм байгаа болохоор хүүхдүүдийг айх аюулгүй, эрүүл саруул амьдруулах юмсан л гэж боддог.
-Гэхдээ олон жил өсгөөд, хүмүүжүүлээд том болгочихдог. Гэтэл ээж аав нь авна гээд ирэхээр сэтгэл эмзэглэнэ биз?
-Ээж аав нь авна гээд ирэхээр өгөхгүй гэж зүтгэх хэцүү. Нэгэнт л би төрсөн ээж нь биш. Мэдээж хүйн холбоо гэж бий. Тиймээс “Хүүхдээ авна” гээд ирэхээр нь хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүдэд хандаж байж, хүүхдийг нь өгдөг. Энд дасчихсан хүүхэд төрсөн гэртээ очоод үзэл бодол таарахгүй, энд байдаг хүмүүжлээс өөр орчинд оччихоод дасан зохицохгүй байх тохиолдол бий. Гэхдээ би “Хайран юм даа” гэж бодсон ч хүний эх төрсөн үртэйгээ хамт байх шиг жаргал хаана байх билээ дээ.
-Танай төвийн хүүхдүүд нэгнийхээ төрсөн өдрийг тогтмол тэмдэглээд заншсан гэсэн үү?
-Тийм ээ. Хүүхдүүд маань төрсөн өдрөөрөө чихмэл тоглоом авах сонирхолтой байдаг. Урьд нь чихмэл тоглоом 3000 төгрөгөөр л авдаг байсан бол одоо доод тал нь 11 мянган болжээ. Сүүлийн үеийн хүүхдүүд номонд их дуртай болоод байгаа. Мөн оюун ухаан хөгжүүлдэг эвлүүлдэг тоглоомыг их сонирхдог. Энэ нь их үнэтэй юм аа. Би хүүхдүүдтэйгээ зун хөдөө явах их дуртай. Гэхдээ санхүү хэцүү байдаг. Хүүхдүүдээ аваад явах өөрийн гэсэн унаа алга. Хөлсний машин гуйхаар шатахууны үнэтэй байх юм. Гэхдээ хүүхдүүд маань эрүүл л байвал бусад асуудал аяндаа л шийдэгчихнэ дээ.
-Танай төвийн хүүхдүүд таныг юу гэж дууддаг вэ?
-Амаа гэдэг. Зарим нь “Ээж ээ”, “Эмээ” гэнэ. Ер нь намайг нэг их нэрээр минь дуудаад байдаггүй.
-Танай хүүхдүүд асрамжийнх гэхээргүй хөөрхөн юм аа?
-Хүмүүс “Хүүхдүүд чинь асрамжийнх гэхээргүй өнгөлөг, сайхан юм” гэж их урам өгдөг. Энэ үгэнд нь их баярлаж явдаг. Үс зүс нь өнгөлөг байвал хүүхэд сайхан харагддаг. Тийм болохоор үнэтэй шампуньд гар татдаггүй шүү. Миний хүүхдүүд өнгөлөг шүү.
-Эцэг эх нь хаяад явсан хүүхдүүдийг хэрхэн овоглодог вэ?
-Асрамжийн төвд ирсэн гаригаар нь овоглож байгаа. Зарим хүүхдийг Олдох гээд овоглосон байдаг. Хүүхдүүд том болоод үүнд их эмзэглэдэг. Тийм болохоор Олдох гэдэг овгийг сольж байгаа.
-Та өөрийнхөө нэр дээр хүүхэд овоглож авсан уу?
-Үгүй. Нэгт би эмэгтэй, хоёрт муу санаа суусан л даа. Өөрөөрөө овоглочихоод байтал таваас зургаан жилийн дараа эцэг эх нь гарч ирээд хэл ам хийгээд байвал хэцүү шүү дээ. Нийгэм ч хэцүү болж. Тиймээс өөрийгөө бодож, цэгнэж явахгүй бол болохгүй байх.
-Ингэхэд та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?
-Хоёр охин, хоёр хүүтэй. Миний хүүхдүүд бүгд том болоод өрх тусгаарласан. Дөрвөн ач, зээтэй болсон.
-Таны ажлыг гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?
-Их дэмждэг. “Тусалчих юмсан” л гэнэ шүү. Тэднийгээ их залхааж байгаа. Нэг хүүхэд эмнэлэгт хэвтэх болохоор л гэрийнхнээсээ дэмжлэг хүсдэг. Сандарсан үедээ тэдний л дэмжлэгийг авдаг.
-Та яагаад хүүхэд асрах энэ ажлыг сонгох болов?
-Би өөрөө цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй. Тиймээс эдгээр хүүхдийг халамжлахад надад бэрхшээлтэй санагддаггүй. Тэгээд ч би хүүхэдтэй ажиллах л ёстой юм шиг санадаг. Хүмүүс “Яаж энд байдаг байна аа” гэдэг л юм. Сурсан ажил болохоор уур хүрээд бухимдаад байх зүйл гардаггүй. Би энэ жил хүүхдүүдийнхээ бүх бичиг баримтыг архивлаж, баталгаажуулж авсан. Манай төвийн нэг хүүхдийг “Монре” даатгал 100 мянган төгрөгөөр даатгаад дэвтэр гардуулж өгсөн. Энэ компанийнханд их баярлаж явдаг.
-Та хүүхэд асрах буянтай ажил хийдэг хэрнээ хүмүүст танигдахыг яагаад хүсдэггүй юм бэ?
-Би тэр бүр ил гарахыг боддоггүй. Гэхдээ хүмүүс энэ жилээс их сайхан сэтгэл гаргаж надад тусалж байгаа. Тусалж дэмжиж байгаа хүмүүстээ их баярладаг. Заримдаа мөнгөгүй болох үе ч гарна. Гэвч хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй хувцаслаж, хооллож байгаа. Саяхан манай дүүргийн мэргэжлийн хяналтынхан шалгалтаар ирээд, хүүхдүүдэд тараг, сүү өгөөд, ажлыг маань дүгнээд явсан. Шалгагдах ёстой байтал шалгалтынхан маань хүүхдүүдэд сэтгэл гаргаад “Хэрэгтэй юмыг нь аваарай” гээд мөнгө хүртэл өгсөн. Сайхан санагдсан шүү. Би өөрийн гэсэн асрамжийн байртай болохыг л мөрөөддөг. Тэгвэл энэ хэдэн хүүхдээ бүгдийг нь хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргээд өгчих юмсан л гэж боддог.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин