Ерөнхийлөгч Пакийн охин Ерөнхийлөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Пакийн охин Ерөнхийлөгч боллоо

Анхны эмэгтэй Ерөнхийлөгч

Манай олон иргэний “хоёр дахь” эх орон болсон БНСУ-д Ерөнхийлөгчйин сонгууль болж түүхэндээ анх удаа эмэгтэй Төрийн тэргүүнтэй боллоо. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч “Сэнури” намаас нэр дэвшсэн хатагтай Пак Ген Хе сонгогчдын 50,1 хувийн санал авч ялалт байгуулаад байна. Түүний өрсөлдөгч Нэгдсэн ардчилсан намын гишүүн Мүн Жэ Ин 48,9 хувийн саналаар ялагдал хүлээжээ.

Хатагтай Пак Ген Хегийн дэвшүүлсэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах мөрийн хөтөлбөр ялалтад хүрэхэд нь гол нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид үзэж байгаа аж. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж буй  Пак Ген Хе нь тус улсын Ерөнхийлөгч агсан генерал Пак Чон Хи-ийн охин юм.

Ээжийгээ орлосон “тэргүүн хатагтай”

Шинэхэн Ерөнхийлөгч болж буй Пак Гён Хе нь 1967-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан Ерөнхийлөгч агсан Пак Чон Хи-ийн ууган охин юм. Ерөнхийлөгчийн охин гээд түүний зам дардан байсангүй. Цэргийн дэглэмийн үед төр барьж байсан эцгийг нь Хойд Солонгосоос удаа дараа заналхийлж, 1974 онд болсон халдлагын үеэр хатагтай Пак Ген Хегийн ээж амиа алджээ. Ээжийгээ үрэгдсэнээс хойш  ууган охин   Пак Гён Хе нэг хэсэг улсынхаа тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж эцэгтээ түшиг болж байсныг өмнөд солонгосууд мартаагүй байгаа гэнэ. Хатагтай Пак Ген Хе 2004 оноос улс төрд хөл тавьж өдгөө эрх баригч “Сэнури” намын даргаар ажиллаж байна.

Түүний эцэг Ерөнхийлөгч агсан Пак Чон Хи БНСУ-ыг Хойд Солонгосоос нэг их ялгарахгүй газар тариалангийн орон байхад нь Ерөнхийлөгч болж аж үйлдвэр өндөр хөгжсөн гүрэн болгон хойч үедээ хүлээлгэн өгчээ. Гэвч түүнийг АНУ, Японтой хамтран ажиллалаа, хатуу гараар удирдлаа гэж ард иргэд нь эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж 1979 онд буудан хөнөөжээ. Тухайн үед экс Ерөнхийлөгчөө эх орноосоо урвасан этгээд хэмээн нэрлэж байсан ч хожим нь улсын баатрын хэмжээнд өргөмжилсөн байна. Өмнөд Солонгосын эдийн засаг Пак Чон Хи-ийн үед огцом өсч, хөгжингүй улс болсон ч  хатуу чанга аргаар улс орноо жолоодсон харгис удирдагч байсан хэмээн түүхэнд үлджээ.

Хатагтай Пак Ген Хе эцгээсээ эрс өөр, ардчилсан удирдагч байхаа ард иргэддээ амлаж мөрийн хөтөлбөртөө жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоог өсгөх тал дээр анхаарах талаар тусгажээ. Тэрбээр өдгөө 60 настай юм байна.

Нэр дэвшиж байх үедээ Пак Ген Хе хэрвээ  Ерөнхийлөгч болбол Төрийн тэргүүний суудалд суух ёслолдоо Хойд Солонгосын лидер Ким Чен Ун-ыг урьж оролцуулна гэж байв. Хоёр Солонгосын уур амьсгалыг зөөлрүүлэх томоохон алхмын нэг болох үл ойлголцлыг арилгаж бүх талаар харилцах талаар ч мөрийн хөтөлбөртөө тусгажээ. БНСУ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсноор тус улсад ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт болно гэж ажиглагчид үзэж байгаа ажээ.

БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Ли Мён Бакийн бүрэн эрхийн хугацаа 2013 оны хоёрдугаар сард дуусч хатагтай Пак Ген Хе Төрийн тэргүүний үүргийг хүлээн авах юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж