&#34Цааз&#34-ын ял сонссон барилгуудыг эргэн сурвалжлахад-1

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

&#34Цааз&#34-ын ял сонссон барилгуудыг эргэн сурвалжлахад-1

Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлийн багийнхан өнгөрсөн өдрүүдэд  олон нийтэд таалагдсан гэж онцолж болохоор нэгэн мэдээллийг хийв.

Энэ нь нийслэлд замбараагүй газар олголт хэрээс хэтэрснээс улбаалан улаан­баатарчууд айдас  дунд амьдарч байгаа тул илт хууль зөрчин олгосон нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, автомашины зогсоол, цэцэрлэгжилтийн талбай, орц гарцыг  хааж олгосон газруудыг захирамж гарган цуцлах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн явдал байв. Ингэснээр 12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 14066.8 га талбай бүхий газар олон нийтийн эзэмшилд буюу та бидний мэдэлд эргэж ирэх ажээ. Энэ бол таатай мэдээ. Яагаад гэвэл машин байтугай явган хүн зөрж өнгөрөх зайгүй болчихоод буй энэ хотын багахан ч гэсэн газар нь та бидний эзэмшилд эргээд ирж байна гэдэг яах аргагүй сайн мэдээ юм. Гэхдээ ажил хэрэг болбол шүү дээ.

Ийн онцолсон шалтгаан нь Э.Бат-Үүл даргын гаргасан захирамж амьдрал дээр хэрэгжих нь тун ч удаашралтай  байгаа. Учир нь, тэрбээр хотын дарга болсон даруйдаа олон нийтийн зүгээс талархал хүлээсэн хэд хэдэн ажлыг эхлүүлсний нэг нь зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай А/557 дугаар захирамж гаргаж улмаар газрын хөрснөөс арчих, байшин барилгынх нь жагсаалтыг эздийнх нь нэр устай нь олон нийтэд дэлгэсэн явдал байв. Харамсалтай нь, хууль зөрчсөн гээд зарлаад байсан барилгуудын эздийн хэд нь хотын мээрийн үгэнд орж, гаргасан захирамжийг нь мөрдсөнийг нь анзаарвал үр дүн нь тун ч тааруу, ёстой нөгөө “Монголын хууль гурав хоног” гэдэг шиг дүр зураг харагдаж байгаа юм. Энэ тухай олон бус цөөн баримтыг товчхондоо бол Улаанбаатар хотын захирагчийн тусгайлан нэр зааж нураах шийдвэр гаргасан хоёр захирамжийн биелэлт ямар байгааг тодрууллаа. Эхнийх нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Мах Импекс” компанийн зүүн урд талд, төрийн өмчийн газрыг дур мэдэн зөвшөөрөлгүй ашиглаж барьсан барилгыг нураах шийдвэр. Биднийг өчигдөр очиход уг барилгыг нураагаагүй л байна. Мөн Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг буюу төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн   эзэмшин барилга барьсан “Авзага трейд” компанийнхан барьж байсан барилгаа одоо болтол нураагаагүй л байгаа юм. Иймээс хотын даргыг энэ асуудалд анхаарал хандуулж, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчин барьсан барилгуудыг нураана гэсэндээ хүрээч гэх байна. Бид энэ талаар цувралаар сурвалжлан хүргэх болно.

Л.ОЮУ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж