Хэний хаяа дэрлэж явахыг хэлэхэд хэцүү

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Хэний хаяа дэрлэж явахыг хэлэхэд хэцүү

Хэний хаяа дэрлэж, хүний нохойд боорлуулж явахыг хэлэхэд хэцүү

Ес эхэлж, ертөнц “сөнөх” айдастай зэрэгцэн Монголын улс төрд жавар хургуулсан томчуудын томоогүйтэл төвөг удсан хэвээр байна. 

Харагдах өнгөнөөсөө бол тохуурхлын ч юм шиг, эсвэл тохиролцооны улс төр яваад байна. Парламентад суудалтай улс төрийн хүчний үг яриа, үйлдэл хөдөлгөөн нь чавганцуудын аяга цайны хачир болдог “ам цуурах”-аас арай ялгаатай баймаар санагддаг. МАХН гэх өвгөн нэртэй нялх нам буй. Тормон дээр ачсан тооно гэдэг шиг нэр дагаж бяр бас ирснийг өнгөрсөн сонгуулийн дүн харуулж цөөдөхгүй суудал авсан юм. Наанаа эх орны эрх ашиг гэж ярих боловч цаанаа Намбарын Энхбаяр гэсэн ганцхан “бурхан”-тай, түүнийхээ төлөө төрийн ажлыг гацаахыг сахлын будаа шувтрахтай адил амар хэмээн эндүүрсээр ирсэн нь энэ намын өнөөгийн өнгө будгийн нэг хэсэг.

Энэ долоо хоногийн улс төрийн шийдлийн нэг хүлээлт нь МАХН Засгаас гарах эсэх тухай асуудал байсан юм. Юутай ч тэд эргэлзээ тээнэгэлзээгээ  нэг тийш болгожээ. Өчигдөр болсон  МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаанаар өмнө шийдвэрлэсэн МАХН Засгийн газраас гарах тухай асуудлыг “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлд тавьж, хэлэлцүүлэх эсэх тухай байсан гэнэ. Тэгээд  энэ хурлын дараах улс төрийн амьдралын гол сюрприз нь МАХН-ынхан өмнөх шийдвэрээсээ ухарсан мэдэгдэл болов. Тэд Засгийн газраас гарахгүй гэнэ. Угаасаа ингэх л байсан. Бялуунаасааа татгалзах тэнэг толгой гэж нэгээхэн ч байхгүй. Зүгээр л айлгах тактик байсан байхгүй юу. УИХ-д эвслийн ч болтугай бүлэгтэй учраас МАХН өөрсдийн гартаа том хөзөр атгаж байгаа гэж боддог юм шиг байгаа юм.

Хэрэв МАХН засгаас гарвал талд төөрсөн янзага шиг л болно. Хэний хаяа дэрлэж, хүний нохойд боорлуулж явахыг хэлэхэд хэцүү. Юун нөгөө “Монголоо аврах таван хувьсгал”-аа хэрэгжүүлэх байтугай улс төрийн орхидос дээр өөрсдийгөө сайн дураар аваачиж хаясантай адил юм болно. Тэр бүхнээ дутуу тооцож, том ярьж томоогүйтсэнийхээ төлөө эргээд нүүрээ улайлгаж байгаа нь энэ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар Засгийн газраас гарах эсэх тухай асуудлыг Эвслийн удирдах зөвлөлд тавих шаардлагагүй гэлээ. Харин өмнө гаргасан засгаас гарах шийдвэрээ дахин эргэж хараад цаашдаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ. Олох нь орхихоосоо хэцүү гэдгийг  ойлгосон байлгүй дээ.

Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлж байгаа нь Засгаас гарах үндсэн шалтгаан болж байгааг хэдхэн хоногийн өмнө нотолж байсан энэ намынхан сүүлийн үес “Дарга маань Засгаас гарч болохгүй. Төрийн ажлыг тогтвортой байлга” хэмээн захьсан тухай дахин дахин давтах болсон. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй гэсэн  урьдач жиргээ нь энэ байсан юм. Тэд Засгаас гарах тухай шийдвэрээ Н.Энхбаярын шүүх хурлын өмнөх өдөр гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн арга байсан нь тодорхой зүйл. Энэ намаас төрд төлөөлөл болж байгаа УИХ-ын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хүртэл өлсөх цангах дээрээ тулж намба алдсан юм даг.  Энэ мэт арай л сэрүүдсэн алхмуудыг хийдгээрээ тэд хэний төлөө, юуны тулд төр түшилцэж байгаа билээ гэх эргэлзээг олон нийтэд төрүүлдэг. Олон түмнийхээ гэж том ярихаа байг гэхэд гишүүдийнхээ итгэл найдварыг тээж энэ өндөрлөгт хүрэгсэд нь ингэж томоогүйтэхээр энэ намын төлөвшил нь түүхийгээрээ, улс төрийн зангараг гэдэг юм нь мөн ч хол байна даа гэх бодол төрдөг.

Өнөө ярьснаасаа маргааш буцдаг, нэг хүний эрх ашгийг эх орны, бүх нийтийн эрх ашгаас өндөрт тавьдаг болохоор энэ ер нь улс төрийн нам мөн үү, биш үү гэсэн эргэлзээ ч төрдөг. Энэ мэт болчимгүй, бодлогогүй үйлдлээрээ тэд энэ багахан хугацаанд сонгогчдынхоо итгэлийг гээж, нэр хүндийнхээ хүүдийг эргүүлээд сэгсэрчихлээ.

Харин үүний нөгөө талд МАХН-ын Засгаас гарах тухай мэдэгдлийн хариуд хамтрагч МҮАН “Энэ бол эвслийн байр суурь биш. МҮАН-ын хувьд хэзээ нэгэн цагт Засгийн газраас гардаг юмаа гэхэд шалтгаан нь нэг хүний бус нийт ард түмний эрх ашгийн асуудал л байх болно” гэсэн мэдэгдлээрээ олон нийтээс чамгүй оноо цуглуулаад авах шиг болно билээ. Нэг хүний бус, нийтийн эрх ашгийн асуудал л улс төрд байх учиртай гэдэг ч  харин үнэн шүү.

П.БУЛГАН

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж