Д.Арвин АН-ын батламжаа гардана

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Д.Арвин АН-ын батламжаа гардана

МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, АН-д элсч буй тухайгаа албан ёсоор өчигдөр МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр мэдэгдсэн УИХ-ын гишүүн Д.Арвин өнөөдөр 10.00 цагт Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас гишүүний батлахаа гардан авахаар болжээ.

Саяхан УИХ-ын гишүүний тангараг өргөсөн тэрбээр МАН-аас гарах тухай өргөдлөө өнгөрөгч мягмар гаригт Баянзүрх дүүргийн намын үүрт өгчээ. Харин АН-д элсэх тухай хүсэлтээ Баянзүрх дүүргийн дахин санал хураалтын маргааш өдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд өгсөн юм байна.

УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр “Цагийн хүрд” хөтөлбөрт ярихдаа “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд барууны үзэлтэй нам, зүүний үзэл баримтлалтай намууд нэг Засгийн газарт хамтарч ажилласан. Энэ хугацаанд намуудын хооронд үзэл баримтлал, онолын зөрчил гараагүй. Тийм учраас Монголд барууны үзэл, зүүний үзэл хэт давамгайлахгүйгээр, энэ хоёр үзэл баримтлалын дундуур байж болно, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй гэж би бодож байна.

Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна гэж ойлгож байгаа. Манай нам хоёр задарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би 1990-ээд оны үед тухайн үеийн МАХН-д элсч, ямар ч гишүүнгүй хүнд үед нь бусад нөхдийнхөө адил түрийвчээ бариад очиж байсан. Оюун ухаанаа зориулж, өдөр шөнөгүй ажиллаж байсан. Ингээд манай нам удалгүй хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд ч хүчтэй нам болсон. Ийм үедээ манай намын удирдлагууд /Би жирийн гишүүдийг хэлээгүй шүү/, хэдхэн тооны хүмүүс биеэ тоож, гишүүдээ үл тоомсорлон, МАХН-ын нэрийг өөрчилсөн. Ингээд МАХН чадалтай, хүчтэй үедээ задарсан. Би одоо задарсан үед нь намаасаа явж байна.

Хоёрдугаарт, манай намынхан өөрсдийгөө удирдаж байсан үе үеийн удирдлага, дарга нараа үргэлж хэлмэгдүүлсэн. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргыг тухайн үеийн намын удирдлагууд байсан хүмүүс намаас нь хөөж, хэлмэгдүүлэн, өмч хөрөнгийг нь хурааж байсан. Ж.Батмөнх даргыг ч бас гудамжинд гаргаж, тэрээр сэтгэл санааны маш хүнд байдал, дарамтад байж байгаад өнгөрсөн. Хамгийн сүүлд Н.Энхбаяр даргыг хүнд байдалд оруулсанд олон жил энэ намын гишүүн байсны хувьд маш их харамсдаг.

Энэ мэт байдал, сөрөг хандлага надад ч бас төрсөн, илэрсэн учраас би МАН-ын гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргасан” гэсэн тайлбар өгсөн юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж