
Хуулиндаа бол идлэг шонхор шувууг 11 сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртлэх хугацаанд барихыг хориглосон байдаг. Энэ хориглосон хугацаанд шонхор барьсан дээрээс нь үндэсний бахархалт шувууг шунахайн сэдлээр бусдад худалдахыг санаархсан түүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Шонхор бол устах аюулд өртсөн ховор шувуу. Гэтэл Амьтны аймгийн тухай хуулийн 27-р зүйл буюу “Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэсэн хэсгийн 27.1.2-т зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор амьтныг ашигласан иргэнийг 20000-50000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр тус тус торгох” гэсэн маш өрөвдмөөр заалт байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Хэн мөнгөтэй нь нэн ховор амьтныг дур зоргоороо ашиглачихаад хэдхэн бор төгрөг өгөөд л болоо гэсэн үг биш үү? Монгол хүмүүс бид өөрсдөө Монголынхоо бахархалыг хайрлан хамгаалахгүй юм бол хэн бидний өмнөөс бахархах, бардамнах зүйлсийг минь хайрлан хамгаалах юм бэ? Нэгэнт “Үндэсний бахархал”-аараа зарлачихсан шонхор шувууг хамгаалах, цаашлаад эх орныхоо ховор, нэн ховор амьтдыг хамгаалах, өсгөж үржүүлэх, тэднийг хууль бусаар барьсан агнасан этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг хууль эрх зүйн хүрээнд нь дээшлүүлэх цаг нэгэнт болжээ.
Дэлхий дээр жар орчим зүйлийн шонхор шувуу байдгаас манай оронд цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман гэсэн 10 зүйл байдаг. Эдгээрээс хамгийн том бие бялдар сайн, хурдан шаламгай, анд гарамгай нь идлэг шонхор. 2004 онд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны жагсаалтанд “Анхааралд өртөхөөргүй” гэгдэж байсан идлэг шонхорын статусыг дээшлүүлж “Устах аюулд өртсөн” ангилалд оруулсан юм. Манай улсад дэлхийн идлэг шонхор шувууны үржлийн хосын 38 хувь буюу 4400-6000 орчим идлэг шонхор шувуу нүүдэллэж ирдэг гэж тогтоогдсон байдаг. Манайхаас шонхорыг худалдан авдаг улс орнууд бол Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират Улс, Катар, Кувейт зэрэг орнууд. Эдгээр улс орнууд “шонхор шувууг худалдаж авсанаараа олон төрлийн мөнгөн тусламжийг манай оронд үзүүлдэг. Энэ нь улс эх орны эдийн засагт сайнаар нөлөөлж, үсрэнгүй хөгжилд хөтлөх нэгэн том арга” гэж улс орны удирдагч нар саяханыг болтол үздэг байлаа. Гэтэл энэ нь тийм биш гэдгийг сүүлийн хэдхэн жилийн дотор олноороо ирж зохисгүйгээршонхор шувууг барьсан Арабын орнуудын шонхорын ангуучид нотлон харуулсан. Учир нь 1993 оноос эхэлсэн шонхорын наймааны золиос болж харийн нутагт 4000-аад идлэг шонхор худалдагдсан байдаг. Эдгээрийг оноор нь ангилж үзвэл 1994 онд 90, 1995 онд 114, 1996 онд 25, 1997 онд 146, 1998 онд 25, 1999 онд 61, 2000 онд 184, 2001 онд 198, 2002 онд 303, 2003 онд 392, 2004 онд 385, 2005 онд 360, 2006 онд 167, 2007 онд 233, 2008 онд 266, 2009 онд 300, 2011 онд 140, 2012 онд 150 шонхор гаргасан байна.
Энэ бол зөвхөн төлбөрийг нь төлөөд зөвшөөрөлтэй гаргасан шувуудын тоо. Цаана нь хууль бусаар эх орноосоо бусдын нөлөөтэй гарсан хэчнээн байгааг мэдэх хүн өнөөдөр манайд байхгүй. Ингэж шонхорын төрөл зүйл дотроо бие бялдраар том, эрэмгий дайчин нь болох идлэг шонхорыг гадаадын улс оронд их хэмжээгээр худалдаалснаас болж идлэг шонхор тархсан долоон аймгийн тавд нь уг шувууны тоо толгой 53,1-99,2 хувиар багасч, хоёр аймагт бол огт байхгүй болсон гэсэн гунигт мэдээ ч бий. Тиймээс энэ жил Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу” болгосон билээ. Ингэснээр манай орон төрийн бахархалт шувуутай дэлхийн 88 дахь орон болсон юм.