Иргэдийн хадгаламжийг даатгадаг болно

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Иргэдийн хадгаламжийг даатгадаг болно

Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны систем эзэлж байгаа учраас банкны салбарыг хамгаалах шаардлагатай гэж буй. Үүний тулд харилцагчийн арилжааны банкинд байршуулсан хадгаламжийг даатгах тухай асуудлыг төрийн хэмжээнд хэлэлцэж байна. Тодруулбал, Хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ-ын эхний шатны хэлэлцүүлгээр энэ сарын эхээр оруулсан бол хоёр дахь шатны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийх тухай албаныхан мэдээлж байгаа. Хадгаламжийг даатгана гэж юу гэсэн үг вэ? Иргэд мөнгөө хадгалуулсан бол ирээдүйд амсаж болзошгүй эрсдлээс хамгаалах, улс орны хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь. Энэ нүсэр ажлыг хийхийн тулд Хадгаламжийн даатгалын корпораци байгуулж, харилцагчийн хадгаламжин дахь 20 хүртэлх сая төгрөгийг даатгах тухай хэлэлцэж байна.

Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Иргэдийн хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөгийг даатгах боломжтой гэж буй. Түүнээс дээш хадгаламжтай иргэдийг даатгахгүй гэхээр эрсдэлд учрах нь байна? 

-Яг энэ асуудлыг сайтар тооцож үзсэн. Тэгэхээр арилжааны банкинд хадгаламж эзэмшигчдийн бараг 99 хувийг 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэд эзэлж байна. Үүнээс үзэхэд, дийлэнх олонхийн эрх ашгийг бодож үзээд, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг даатгана гэж хязгаар тогтсон. Үүнээс дээш хуримтлалтай бол энэ хэмжээний хадгаламжаа даатгуулаад, бусад банкинд тараан байршуулах гарц бий. Цаашдаа өндөр хуримтлалтай иргэдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах байдлаар асуудлыг шийдэж болох байх гэсэн дүр зураг бий.

-Үүнтэй холбоотойгоор банкуудын хариуцлага сулрах байдал хэр ажиглагдах бол?

-Банк харин ч илүү хариуцлагатай болно. Өөрт нь итгэж мөнгөө хадгалуулсан байгаа харилцах хадгаламжийг шимтгэл төлж даатгаж байгаа юм. 

-Хадгаламжийг даатгадаг болохын тулд бүтцийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Шинэ батлагдах хуулиар  энэ ажлыг хийх байгууллагыг Хадгаламжийн даатгалын корпораци гэдгээр тусгаж байна. Энэ нь хараат бус байж, хадгаламжийн даатгалын хураамжийг татан төвлөрүүлэх, гишүүн банкуудын санхүүгийн эрсдлийг үнэлэх, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох ажлыг хийнэ.

-Хадгаламжийн даатгалын тогтолцооны тохиромжтой хэлбэр гээд байгаа даатгалын санг хэрхэн бүрдүүлэх юм бэ?

-Корпорацийн анхны санг бүрдүүлэхэд Сангийн яам, Монголбанк тус бүр 50 тэрбум, арилжааны банкуудаас 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

-Мөнгөн хадгаламжийн эрсдлийг хамгаалах талаар урьд нь ямар бодлого баримталж байсан юм бэ?

-2007-2008 оны хооронд Монголын банкны салбар ихээхэн доголдолтой байсан учир төрөөс Банкин дахь хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг 2008 онд баталж, үр дүнд хүрсэн. Энэ хууль 2012 оны 11 дүгээр сард дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэхээр, ингэхдээ банкны салбарыг хэрхэх талаар эрх зүйн орчиндоо шинэчлэх олон асуудал байгаа юм. Тиймээс л Банкин дахь хадгаламжид баталгаа гаргах тухай хууль дээр үндэслэн Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байна.

-Монголын банкны салбарт хамтран ажиллах гадныхан ямар шалтгаанаар орж ирдэггүй юм бол. Ер нь одооны банкны салбарын эрх зүйн орчин хэр байна вэ?

-Манай хуулийн зохицуулалт банкны салбарт аливаа хямрал, гэмт хэрэг, зөрчил, залилангийн хэрэг гарвал ихэнхдээ банкны тал нь буруутаж, хаалгаа барих дээрээ хүрдэг шүү дээ. Энэ жишээг Монголын хоёр ч банк харууллаа. Тийм болохоор аль ч улсын банк өөрсдөд нь сөргөөр нөлөөлөх ажилд оролцохгүй байна гэж хэлж болмоор.  Хууль зүйн үндэстэй яривал,  банкны салбарт аливаа залилан гарвал шүүхээр хэлэлцүүлж, харилцагчийн зээлийн хүүг зогсоодог бол хадгаламжийн хүүг банкнаас тооцсон хэвээр байдаг.

-Бусад орны туршлагын хувьд?

-Төсвийг бэхжүүлэхийн тулд хадгаламжийн даатгалыг онцлоод, дэлхийн 160 орон нэвтрүүлсэн байдаг.  Ер нь хадгаламжийн даатгалын системийг хэрэгжүүлдэг бусад орны туршлагаас үзвэл, арилжааны банк дампуурлаа гэвэл, хадгаламжаа авч чадахгүй байгаа иргэний эрх ашгийг хамгаалахын тулд зээлээ төлөхгүй байгаа харилцагчийн барьцаа хөрөнгийг ашиглах замаар эргэн төлөлтөөр шийдэх аргыг их хэрэглэдэг. Үндсэндээ нэгээс нөгөөд нь шилжүүлэх замаар ашиг сонирхлыг нь хамгаалах асуудлаар шийддэг гэх үү дээ.  Ингэхдээ хадгаламжийн даатгалын компани дампуурсан банкийг баасан гарагт очиж хаадаг туршлага бий гэнэ. Энэ бол европын өнөөх хар баасан гараг.  Өөр нэг арга нь хадгаламжийн даатгалын сан бүрдүүлээд түүнээсээ эрсдлийг нөхөн тооцох жишээний. Үүнийг Монголд тохиромжтой гэж үзэж байна.

-Цаашдаа банкны салбарт юу хийх хэрэгтэй вэ?

-Зээлийн баталгаа хөрөнгийг тухайн зээлдэгчийн зөвхөн эзэмших эрхтэй байлгаж, зээлээ бүрэн төлвөл өмчлөх эрхэнд шилжүүлэх, банкинд барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр хүлээхгүйгээр худалдан борлуулах боломжийг нээж өгөх зэрэг ажлуудаас эхлэх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчны хувьд, Иргэний, Үл хөдөлөх хөрөнгийн барьцааны, Үл хөдлөх хөрөнгийн тухай бүртгэлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Арбитрын, Дампуурлын тухай хууль, Банкны тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж