Дэлхий сүйрэх, МАХН гарах хоёр агаар нэг болов

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Дэлхий сүйрэх, МАХН гарах хоёр агаар нэг болов

МАХН гэж тоглоомтой, даажинтай нэг нам байна. “Хүүхэд уйлахаараа, хүүхэн буцахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгана” гэж шалтаг л таарвал “Засгийн газраас гарлаа, явлаа” гэж тунирхана. Эртээдхэн “МАХН-ын даргыг суллахгүй хэлмэгдүүлээд байна. Орон нутгийн сонгуульд манай нэр дэвшигчдийг хавчиж хяхсан тул дахин хэлмэгдүүлэлт боллоо” хэмээн засгаас гарах шийдвэр гаргаад байсан яалаа. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хэмээх эрх бүхий байгууллага дахин хуралдаад өчигдөр засгаас гарахгүй гэдгээ хэллээ. 
Засгийн газарт гарна орно гэдэг тэгэхээр тоглоомын хэрэг болж байна уу. Дуртай цагтаа орж, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг, хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж байгаа хүнийг засагт байгаагийн эрх сүрээр далайлган суллахыг шаарддаг, гүйцэтгэх засгийн нэр барьж гадаад дотоодын дуртай байгууллага руугаа захидал шидэж албан бичиг илгээдэг тийм ёс зүйгүй наадам гэж байдаг юм уу.

УИХ-д эвслийн бүлэгтэй, Засгийн газарт гурван ч гол яамыг атгасан хэрнээ хэлэх хэлэхгүй үгээ салгаж ойлгодоггүй, арваадхан хоногийн өмнө хариуцлагатайгаар хэлсэн үгээсээ хэдхэн өдрийн дараа буцаж 180 хэм эргэдэг ийм улс төрийн хүчнийг төлөвшсөн гэж яасан ч хэлэхгүй.

МАХН-ын эргэж буцсан, айлгаж тунирхсан, буруу эрхэлсэн хүүхдийнх шиг энэ мэт үйлдлийг сонгогчид шүүмжилж, зарим нь доогдож тохуурхаж байна. Тэдний энэ хандлагыг сайтуудын сэтгэгдлээс бэлээхэн харж болно. “Чаддаг юм бол засгаас зайлаарай”, “Яагаад худлаа маяглаад төр, засгаар тоглоод байгаа юм”, “Олон хүний яс чанар танигдлаа”, “Угаасаа засгаас гарч чадахгүй”, “Өөрсдөө засгаас гарахгүй бол шахаад гаргачих” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна. Сэтгэгдлүүдийн IP ил гардаг болохоор нэг хүн дахин давтан бичсэн зүйл огтоосоо алга. Хайран сайхан парламентын намын нэр ингээд болчимгүй хэдэн хүний саваагүйтэж унагасан үгнээс болоод навс уналаа. “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг үгийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны нөхөд анзаардаггүй бололтой.

Орифлеймийн Г.Оюунгэрэл гэдэг хувь хүн “Дэлхийн төгсгөл ирнэ” гэж хэлсэн байхад “Сайхан цуурав аа” гээд өнгөрөөж болдог юм гэхэд парламентад суудалтай, Засгийн газрын танхимд гишүүдтэй улс төрийн намын эрх бүхий байгууллага хамтын шийдвэрээрээ “Засгаас гарна аа” гэчихээр албан ёсны асуудал болоод хувирчихаж байгаа юм. Сэтгүүлчдийн хэллэгээр бол баттай эх сурвалжийн мэдээ.

Засгийн газраас гарах тухай дэндүү болчимгүй мэдэгдэл хийхдээ тэд МАН-ын хэдэн нөхрийг АТГ-т өгөхөө мэдэгдсэн нь усанд хаясан чулуу мэт алга болов. Уг нь эр хүн хэлсэндээ гэдэгчлэн дуугарсан л бол гүйцэтгэх эр зориг МАХН-ынханд байх ёстой. Бас ямар нэг улс төрийн тогтворгүй байдлын тухай яриад МАХН түүний гэм бурууг хүлээхгүй гээд байсан. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр ямар гэгч тогтворгүй байдал үүсээд МАХН түүнд хамааралгүй болох нь тодорхой бус балархай хоцорлоо. МАХН засгаас гарна гэхээр л улс орон хямраад улс төр урваж шарваад унана гэж санасан юм болов уу.

Сүүлийн үеийн байдлаас харахад дэлхий сүйрэх, МАХН засгаас гарах хоёр агаар нэг болоод явчихлаа. Улстөрчид дэндүү ойрхон “хараатай” байх нь ингэж хүүхэд, нохойн доог болдог юм байна.  Гэхдээ доог тоглоом төдий гэж хэлээд өнгөрч бас болохгүй юм. Гадаад зах зээл дээр дөнгөж арилжаад, энэ сарын эхнээс хүүг нь төлөөд эхэлсэн “Чингис” бондын үнэ ханшид энэ тоглоом сөргөөр нөлөөлж алдагдалд оруулж дөнгөсөн. Засгийн газарт суудалтай намын зүтгэлтнүүд “хамар дор хагархай ам” гээд хаа хамаагүйг чалчиж болохгүйг энэ явдал гэрчилнэ. “Засгаас гарлаа” гэдэг үг дотоодод бол инээдэм, гадаад ертөнцөд ханиадам сонсогдож байгаа. Бид бол “МАХН ээлжит жүжгээ дэглэлээ” гээд мушийгаад өнгөрч болох ч гадна талд “Монголын хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэгч нэг субъект гарахаар боллоо” гэдэг үг маш хатуу, хариуцлагатай сонсогдож Монгол Улсад итгэх гадаад орнуудын итгэл рүү ус цацсантай ижил дуулдаж буй.

МАХН гэж мондийн тоглоомтой нам юм. Гэхдээ улс орныхоо гадаад нэр хүндээр наадаж байгаагаа цаашдаа анзаарахгүй бол “Дэлхий сүйрлээ. Лаа шүдэнзээ бэлдээрэй” гэсэн болчимгүй үгтэй агаар явдал болж өнгөрлөө шүү. “Дэлхийн төгсгөл ирлээ. Юун орон нутгийн сонгууль” гэж хэлсэн хүн ч яахав өөрийнхөө нэрээр наадаж. Харин тоглоомтой МАХН улсынхаа нэр, зах зээлийнхээ үнэ цэнээр наадчихлаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж