Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна гэж ойлгож байгаа. Манай нам хоёр задарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би 1990-ээд оны үед тухайн үеийн МАХН-д элсч, ямар ч гишүүнгүй хүнд үед нь бусад нөхдийнхөө адил түрийвчээ бариад очиж байсан. Оюун ухаанаа зориулж, өдөр шөнөгүй ажиллаж байсан. Ингээд манай нам удалгүй хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд ч хүчтэй нам болсон. Ийм үедээ манай намын удирдлагууд /Би жирийн гишүүдийг хэлээгүй шүү/, хэдхэн тооны хүмүүс биеэ тоож, гишүүдээ үл тоомсорлон, МАХН-ын нэрийг өөрчилсөн. Ингээд МАХН чадалтай, хүчтэй үедээ задарсан. Би одоо задарсан үед нь намаасаа явж байна.
Хоёрдугаарт, манай намынхан өөрсдийгөө удирдаж байсан үе үеийн удирдлага, дарга нараа үргэлж хэлмэгдүүлсэн. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргыг тухайн үеийн намын удирдлагууд байсан хүмүүс намаас нь хөөж, хэлмэгдүүлэн, өмч хөрөнгийг нь хурааж байсан. Ж.Батмөнх даргыг ч бас гудамжинд гаргаж, тэрээр сэтгэл санааны маш хүнд байдал, дарамтад байж байгаад өнгөрсөн. Хамгийн сүүлд Н.Энхбаяр даргыг хүнд байдалд оруулсанд олон жил энэ намын гишүүн байсны хувьд маш их харамсдаг.
Энэ мэт байдал, сөрөг хандлага надад ч бас төрсөн, илэрсэн учраас би МАН-ын гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргасан” гэлээ.