Хамтарсан Засгийн газраас гарна хэмээн “сүрдүүлсэн” МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрийн талаар өнөөдөр МҮАН-МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрлэж олон хоног эргэлзээ төрүүлсэн МАХН Засгийн газраас гарах уу, үгүй юу гэсэн асуултад цэг тавилаа. МҮАН-МАХН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар “МАХН Засгийн газраас гарахгүй, намын дарга Н.Энхбаяр ч Засгийн газрыг тогтвортой байлгах чиглэл өгсөн учраас гарахгүй” гэсэн шийдвэр гаргажээ.
Тогтвортойгоор Засгийн газрыг удирдана хэмээн гарын үсэг зурсан МАХН-ын Засгийн газраас гарах мэдэгдэл гэгч “айлгах тактик” нь Н.Энхбаярын шүүх хуралтай ч холбоотой байж болзошгүй гэж зарим хүмүүс харж байгаа. Олон хоног асуулт үүсгэсэн эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газраас гарахгүй гэдэг нь тодорхой боллоо.
УИХ дээр “гацаанд” ороод байсан нэг төсөл болох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль буюу МАН-ыг бүлэгтэй болох хуулийн төсөл энэ өдөр мөн урагш ахив. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МАН-ын бүлэгтэй болгох хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Энэ нь МАН бүлэгтэй болоход нэг шат ахиж байна гэсэн үг юм.
Өнөөдрийн онцлох үйл явдлын нэг нь дөрвөн жил тутамд хуралдаж, өнгөрсөн жилийн ажлын тайлангаа дүгнэн хэлэлцэж, ирэх дөрвөн жилийн зорилт төлөвлөгөөгөө хэлэлцэхийн сацуу удирдах төвшний эрхмүүдийг сонгодог Олимпийн чуулган өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Энэ хуралдаанаар МҮОХ-ны удирдлагуудаа сонгодог юм.
Цас орж, зам халтиргаа гулгаатай байгаа энэ үед Монголын оюутны холбоо нэгэн санаачлагыг гаргасан нь ТҮК-ийнхэн хүрч цэвэрлэж чаддагүй зам талбайг цэвэрлэхээр болсон байна. Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр 20 гаруй их, дээд сургуулийн 200 гаруй оюутан Нарны гүүр, эргэн тойрондох цасыг цэвэрлэлээ. Цаашид Монголын оюутны холбоо, Замын цагдаагийн газар, ТҮК хамтран нийслэлийн эзэмшлийн зам, талбайн цас, мөс цэвэрлэхээр хамтран ажиллахаар болсон байна.
Олон хоног хариулт нэхсэн МАХН Засгийн газраас гарахгүй гэдгээ мэдэгдэж, тангараг өргөсөн цагаас эхлэн бүлэгтэй болох “горьдож” байсан МАН бүлэгтэй болохоор нэг алхам урагшиллаа. Олон жилд “мөнгө авахаас өөр зүйл хийдэггүй” гэсэн нэр зүүж байсан оюутнууд өнөөдрөөс эхлэн нийслэлийн халтиргаа, гулгаа ихтэй зам талбайн цасыг цэвэрлэж байхаар шийдвэрлэсэн МАХН “айлгаж”, МАН баярлаж, оюутнууд “од” болсон өдөр байлаа.