![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/a6e2e60aca07b236/e5fc805bfedfcd81original.jpg)
Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Түүнд зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгчийг олон нийтэд тодорхой зарлана. Хэрвээ өмчийн эзэн солигдвол түүнийгээ тухай бүрт нь мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил мэдээлнэ гэх зэрэг заалтууд тусгаад байгаа. Харин өнөөдөр тус байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх шатанд төсөл санаачлагчийн зүгээс энэхүү хуулийн төсөл дэх наймдугаар зүйлийн 1-3 хүртэлх заалтыг бүхэлд нь татан авах санал гаргасан нь гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм. Учир нь дээрх заалтад редакцийн эздээс хараат байх зарчим туссан байжээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Энэхүү хуулийн төсөл дэх наймдугаар заалтыг бүхэлд нь татан авснаараа төслийг цааш хэлэлцэх боломжгүй болголоо” хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эздээс хараат байх ёстой гэсэн заалтыг яагаад татаж авав. Өдөр тутмын сонин, вэб сайтуудын эрхлэгч нараас гэсэн захидал өчигдөр бүхий л мэдээллийн хэрэгслээр гарсан байсан. Үнэндээ тэр чинь эздийн л захиа шүү дээ. Эзэд захиа бичингүүт энэ заалтыг авч байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзнээс хараат байна гэсэн заалтаа байхгүй болгож байна гэсэн үг. Ямар шалтгаанаар ийм алхам хийв” гэсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Наймдугаар заалтыг татсанаараа хуулийн гол үзэл санаа алдагдсан гэж үзэхгүй байна” гэсэн тайлбар хийлээ.