“Бэрэн майнинг” IPO гаргана

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

“Бэрэн майнинг” IPO гаргана

“Бэрэн майнинг” компани ирэх оны эхний улиралд багтааж Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, олон нийтээс санхүүжилт татахаар болжээ.

Тус компанийн IPO гаргах ажлын андеррайтероор “Bdsec” ХК ажиллаж байна.  
“Бэрэн Майнинг” хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах зөвшөөрлөө өнгөрсөн зун Санхүүгийн зохицуулах хорооноос авжээ.

Мөн энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж “Бэрэн майнинг” компанийн үнэт цаасыг бүртгэх шийдвэр гаргасан гэж Монголын хөрөнгийн биржээс News.mn-д мэдээллээ.

“Бэрэн Майнинг” компани МХБ-ээс 130 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрвээ амжилттай болох юм бол МХБ-ийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө татсан IPO болох юм байна.

Энэ жил МХБ-д нэг л IPO гарсан нь E-Транс Ложистик ХК-ийн IPO байсан ба 924 сая төгрөг татан төвлөрүүлсэн юм.

“Бэрэн Майнинг” компани нийт хувьцааныхаа 30 хувийг буюу 522 сая 243 мянга 996 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгох ба 250 төгрөгөөр зарах юм байна.

Компани хөрөнгийн зах зээлээс босгосон санхүүжилтээ ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулахад ашиглах юм байна. Мөн үйлдвэрийн дэд бүтцийн холболт, оффиссийн барилга, ажилчдын байр барихад зарцуулах ажээ. 

“Бэрэн групп”-ийн охин компани “Бэрэн майнинг” Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байрших “Тамирын гол”-ын төмрийн хүдрийн уурхайд түшиглэн жилдээ 250 мянган тонн 63-67 хувийн агуулгатай төмрийн баяжмалыг үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэрийг 2007 онд ашиглалтад оруулсан. Компани нь төмрийн хүдрийн баяжмалаа “Хөх ган”-д борлуулж, БНХАУ руу экспортолдог аж.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж