-Үнэхээр дуу хуурын нутаг Дундговь, дуурсаад барахгүй бүжгийн орон Дорноговь минь юм шүү. Тэртээ 1968 онд би Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. Уран бүтээлийн хүн болохоороо Сайншанд сумын тавдугаар сургуульд багшлахын хажуугаар аймгийн Хүүхдийн ордонд ажиллаж байна. Төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндолгорын Сэвжид, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Л.Ухнаа нарын урлагийн бурхад болсон хүмүүсээрээ бахархдаг даа. Тэр дундаа Ухнаа гуай говь нутгийн өнгө аястай монгол бүжгийн олон бүтээл туурвисан. “Уулган шарын тэшээ”, ”Мөнгөн буйлын эзэд”, ”Монгол залуус”, ”Зуун хэнгэрэгтэн”, ”Баяд ойрдын таван цацал”, ”Баатрууд”, ”Охидын бүжиг”, “Эх үрс амгалан байг”, ”Талын бэлчээрт”, “Ботгочин” гээд л бүжгийнх нь бүтээлүүдийг тоолж барахын аргагүй.
-Танай нутгаас олон сайхан алдартнууд төрсөн. Та сэтгэлд ойрхон явдаг хүмүүсийнхээ талаар ярих сонин ихтэй биз?
-Нэгэнт бидний яриа урлагаар эхлэсэн болохоор юуны түрүүнд манай аймгийн сумын олонх нь өөрийн гэсэн бүжгийн хамтлагтай. Их хэтийнхэн сумаараа бүжиглэдэг. Одоо бид мянган хүүхдийн бүжгийн чуулга бүрдүүлэх их ажил эхлүүлээд байгаа. Тун удахгүй манай аймаг мянган хүүхдийн бүжгийн чуулгатай болно. Нэрт морин хуурч, соёлын тэргүүний ажилтан Ч.Банзрагч гуай гэхэд л “Алтан говийн унага” зохиолын уртын дуу зохиосон хүн дээ. Яахын аргагүй Монголдоо зохиолын уртын дууны анхдагч нь байгаа юм. Сүүлийн үед зохиолын уртын дууны төрлөөр уран бүтээлчид урын сангаа баяжуулах болсон.
Манай ард түмний сэтгэлд мөнх настай үлдсэн “Ээжээ дурсана” дууны аяыг Дашдонойн Пунцагбал гуай Х,Хуушаан гэдэг хүний шүлгээр бүтээсэн. 1961 онд энэ дуу гарч, Сүхбаатарын талбай дээр дуучин Б.Зангад дуулж олон түмэнд зааж байсан түүхтэй юм билээ. Манай ард түмэн:
Хөөрхөн борлог мориороо
Хөндийгөө туулах бахтайсан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхансан… гэж одоо ч дуулсаар байна. Энэ дуу гурван бадагтай байсан бол одоо дөрөв дэх бадгийг нь төрсөн нутгийнхан нь нэмж зохиогоод дуулдаг болсон. Их хэтийнхэн:
Өндөр уулын оройгоор
Үүрээ эрсэн шувуу шиг
Өндийж бүүвэйлсэн ээжий минь
Үргэлж хүүдээ дурсагдана.. гээд л сүрхий зохиосон байгаа юм шүү. Сайн дуу, сайхан аялгуу гэдэг үг нь ч, ая нь ч чихэнд үлддэг болохоор шинээр бадаг төрөхдөө амархнаас гадна үнэхээр урт настай гэдэг нь эндээс харагдаж байгаа юм даа.
-Таны хоёр ч дуунд хөшөө босгосон гэсэн. Ингэхэд Ганболд гэж хөгжмийн зохиолч маань хаана сургууль дүүргэсэн хүн бэ. Урын сандаа хэчнээн дуутай болоод байгаа билээ?
-Айраг сумын дунд сургууль төгсөөд Соёл гэгээрлийн дунд сургуульд орж, соёлын ажилтан мэргэжлээр төгссөн. Би уран бүтээлээ дан хөгжмийн, жүжгийн, бүжгийн, нийтийн болон эстрад, хошин дууны гэсэн төрлөөр нийтдээ 500 гаруй дуутай. “Зүүдийг минь жаргааж яваарай”, “Ижий тандаа мөргөмү”, “Учирлын нуур”, “Тэнгэрлэг заяа” зэрэг уран бүтээлийн цомог гаргаж, бие даасан тоглолт зургаан удаа хийсэн. Мөн “Эрх цэнхэр”, “Гэгээ цацалсан бага нас”, “Мөрөөдөл”, “Зүүдний зураг”, “Хулганатай зурагт”, “Бардам Батаа”, “Домогт цагаан хүлэг”, “Монгол цагдаа”, “Утас минь дуугараасай” зэрэг хүүхдийн дууны цомог гаргаснаас гадна “Элсэн нүүдлийн эгшиг”, “Дорнын цэнхэр говь”, “Миний Сайншанд” гээд нэлээд олон бүтээлийн ард гарлаа. Бүтээл эзнээ хүртэл алдаршуулдгийг ч харсан. Сайншандад зохиосон дуунуудаас маань “Миний Сайншанд”, “Элгэмсэг хот Сайншанд” гэдэг хоёр дуу хөшөөтэй болсон. Үүнийгээ том хувь заяа гэж боддог.
-Сүүлийн үед хүүхдийн дуу түлхүү хийж байгаа бололтой. Хүүхдийн дууны ая хийхэд хөгжилтэй явдлууд олон тохиолдсон байх даа?
-Манай аймагт хүүхдийн зохиол бичдэг хүн ховор. Яруу найрагчид маань хүүхдийн дууны шүлэг гэхээр хэцүү, бэрх авьяас хүрэхгүй гэнэ. Үнэхээр ч хүүхдийн зохиолч гэж заяаны төрмөл авьяастай хүмүүс байдаг юм гэдгийг тэдний ярианаас мэдэж авсан. Нэг удаа хүүхдийн дууны хуурцаг гаргах юм боллоо. Ууганбаяр гэдэг шавьд маань шинээр дуулах дуу хэрэгтэй болоод үгийг нь бичээд өгөх хүн олдсонгүй. Эрэгтэй хүүхэд цэцэг навч, эрвээхэй гээд дуулалтай биш. Тэгээд л “Өвөөгийн гутал” гээд шүлгээ өөрөө зохиосон доо. Хүүхдийн дууны эрэл хайгуул хийж яваад өөрөө хүүхдийн уран бүтээл рүү орсон.
Хоёр дахь дуугаа хийх боллоо. Тэгэхэд манай хүү таван настай байсан. Тэр гадаа тоглосоор байгаад гар нь сайртчихсан байхын хараад:
Билгүүн хүүгийн бээлийтэй гар
Бэрзээнттэй адил бэржгэр гар
Өглөө угааж өчнөөн тословч
Өнгө ордоггүй өөдгүй гар… гээд “Бээлийтэй гар” дуугаа зохиосон. Тэр үеэ бодвол одоо олон хүнтэй хамтын сайхан бүтээлүүдээ хийх болж.
-Хүүхдийн дуу чинь шог хошин аястай юм байна. Шог хошин дуугаар гаршсан хөгжмийн зохиолч С.Мааяа гуайгаас хойш тасраад удаж байх шиг санагдах юм. Та шог дуу олныг хийж байна уу?
-Шог дуу надад олон байгаа. “Хурган дарга”, “Ховын дуу”, “Мантуу”, “Сахал” гээд бий бий. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, ард түмний гавьяат Л.Содномдоржтой
Түмпэнтэй махыг дор нь пялдаг
Тарваганы боодгийг усаар даруулдаг.. гэж хит болсон “Монгол ходоод” дуунаас аваад олон дуу бий. Яруу найрагч М.Чулуунтай “Спиртийн наймаа” нэртэй дуу ч бас хийсэн. Яагаад ийм дуунууд хийх болсон юм бэ гэвэл манай “Саран хөхөө” театрын дэргэд жааз драм гэдэг анги байгуулагдаад шинэ уран бүтээл хийх шаардлага гарч хошин төрлөөр Г.Батбаяр, Д.Батбаяр, Оюунчимэг, Бадамдэжид, Өлзийсайхан, Ундармаа нарын жүжигчид ёстой галтай, цогтой тоглож байсан үе. “Спиртийн наймаа” дуугаа магнитфоны хальсанд бичих болов. Г.Батбаяр хэмжээ муутай, би урдаас нь дохино, нөгөө Батбаяр араас нь хэмжээ өгч мөрөн дээр нь цохино. Тэгээд Батбаярынхаа мөрөн дээр “Дам, дам” гэж цохисоор байтал хөдөлж чадахгүй уйлах инээхийн хооронд болчихсон байсан даа.
-Хөгжимд татагдсан сэтгэлээ хүүхдийн дууны уран бүтээлд уралдуулж яваа хөгжмийн багш маань “Яван чангарна” гэсэн утгатай дууны студиэ байгуулжээ?
-Аяараа чанга гэсэн хөгжмийн хэллэгтэй “Сreshendo” студиэ байгуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ажлынхаа зав чөлөөгөөр дуулж бүжиглэдэг авьяаслаг хүүхдүүдээ тойруулаад өдөр өнгөрснийг ч анзаардаггүй юм. Хүүхэдтэй ажиллах амаргүй. Цэцэрлэгийн насныханд дууны үгийг мөр мөрөөр нь заана. Ер нь гуравдугаар ангиас дээш насны хүүхдүүдтэй уран бүтээл хийхэд илүү тохиромжтой. Дууны уралдаан болоход ажил ундарна. Манай эх, эцэг дууны уралдаан болоход С.Жавхлан дуулсан дуу л гоё дуу гэж ойлгодог. Ингэж л өөрийн хоолойных нь цар хүрээнд тохирохгүй дуу сонгож авдгаас хүүхдийн хоолойны өнгө багаасаа эвдэрдэг. Бид хүүхдийн дуулах авьяас хоолойны өнгийг өөрийнхөөр нь байлгамаар санагддаг юм.
-Орон нутагт хүүхдийн болон нийтийн дууны уран бүтээл хийж ажиллаж хөдөлмөрлөж яваа олон сайхан залуусын сураг сонсогдох боллоо. Баянхонгорт Г.Жанцансамбуу, Хөвсгөлд Б.Даваадорж, Дорноговьд Д.Ганболд, Эрдэнэтэд У.Нармандах, Дорнодод М.Ганболд гээд л нэрлэх байх. Ер нь хөдөө орон нутагт дууны уралдаан тэмцээн хэр зохиогдож байна даа?
-Манай аймагт жил болгон хүүхдийн “Яргуй” урлагийн наадам уламжлал болон явагддаг болсон. Нутгийн зохиолчдын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дагаад дуулаарай” наадмыг ч амжилттай зохион байгуулсан. Ч.Дэнсмаа даргатай Хүүхдийн ордон 2006 онд байгуулагдснаас хойш хүүхдийн болон нийтийн дуу, бүжгийн олон уралдаан тэмцээн зохион байгуулж, урлагийн авьяастай хүүхэд залуучуудыг дэмжиж, орон нутагт хөгжмийн боловсролыг шат дараатай явуулж, ардын дуу, бүжгийг хөгжүүлэх олон талын ажлыг хийж байна.
-Багш хүн шавиараа бахархах сайхан. Таны анхны шавь нар хаана ямар ажил төрөл эрхэлж яваа бол?
-“Яргуй” наадмаас олон авьяастан төрөн гарснаас Шатарын Өлзийбаяр хөгжмийн зохиолч, Готовцэрэнгийн Батхуяг Дарханы залуучуудын театрын дарга, Тунгалагмөрөн бүжигчин, Халтарын Ганболд дуучин болчихсон. Шавь нар маань сайн яваа.
![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2012/10/b13fab6ceb3736e4/883251952c6de81aoriginal.jpg)