Шинэчлэлийн түүхийг харуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн түүхийг харуулна

“Big line film” студийн ерөнхий найруулагч З.Батболдтой холбогдож “Өглөөний мэнд”-ийг нь эрэв . Тэрбээр “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Бурхан өршөөг” зэрэг уран сайхны киног найруулсан билээ. Саяхан “Бурхан өршөөг” киног МҮОНТ-ээр гаргасан юм. З.Батболдоос энэхүү киноны тухай болон одоо хийж байгаа “Монгол төрийн товчоон” баримтат киноны талаар тодруулсан юм.
-Өглөөний мэнд хүргэе?

-Уншигчдадаа ч гэсэн өглөөний мэнд хүргэе.

-Саяхан “Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн кино МҮОНТ-ээр гарсан?

-Миний хувьд тэр өдөр сайхан байсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээсээ болж кино театрын дэлгэцнээс буусан киног маань МҮОНТ-ээр гаргасан нь маш сайхан байсан.

-“Бурхан өршөөг” киног кино театрт гаргахаа больсон ч ямар нэгэн сайтад тавиагүй шүү дээ?

-Тийм ээ. Ямар ч сайтад тавиагүй. Харин МҮОНТ-ээр гарсны дараа Youtube сайтад тавьсан. Монголд байгаа ч үзэж амжаагүй хүмүүст болон гадаадад ажиллаж, амьдардаг монголчууддаа зориулан тавьсан.

-Одоо бүтээж байгаа “Монгол төрийн товчоон” баримтат киноны талаар тодруулахгүй юу?

-“Монгол төрийн товчоон” баримтат кино нь нийт 20 минут үргэлжилнэ. Хүннү, Чингис хаан, Галдан бошигт, Занабазар, Богд хаан, ардын хувьсгал, социализм, ардчилал гэсэн төрийн шинэчлэлийн түүхийг харуулсан түүхэн баримтат кино байгаа юм. Уг киноны  хугацаа нь богинохон ч гэсэн бүрэн хэмжээний түүхэн киноноос ялгарах юм байхгүй. Зураг авалтын бэлтгэл ажил яг л бүрэн хэмжээний түүхэн киноныхтой адилхан явагдаж байгаа.

-Энэхүү киног бүтээж байгаа хамтрагчдынхаа тухай ярихгүй юу?

-Ерөнхий найруулагчаар З.Батболд миний бие болон ерөнхий зураглаачаар Д.Ангараг ажиллаж байна.

-Гол дүрд хэн, хэн тоглож байна вэ?

-Модун Шаньютай дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Чингис хааны дүрд “Бодлын хулгайч” киноны Төмөрийн дүрээр танил болсон жүжигчин Б.Батмэнд, Есүхэйн дүрд Б.Жаргалсайхан, Богдын дүрд жүжигчин Зоригт, Галдан Бошигт жүжигчин Т.Эрдэнэбилэг, Хуандигийн дүрд Х.Бат-Ундрал нар тоглож байгаа.

-Зураг авалт хэдэн хувьтай явж байна вэ?

-Зураг авалт бараг дуусах шатандаа орж байна. “Монгол төрийн товчоон” түүхэн баримтат кино нь Төрийн ордны “Төрийн түүхэн музей”-д энэ сарын сүүлчээс эхлэн байнга гарах юм.

-Зураг авалтуудаа хаана, хаана хийсэн бэ?

-Төрийн ордны урд талбайд, Богд хааны ордон музейд, Сонгинохайрхан уулын урд хормойд зураг авалтуудаа хийсэн.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж