Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэнгүй

МАХН-ын Гүйцэтгэх товчооны өнөөдөр болсон хурлаараа МАХН Засгийн газраас гарахгүй гэсэн шийдэлд хүрсэн талаар бид мэдээлсэн. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлыг МАХН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн хүрээнд ярьжээ.

МАХН-аас сонгогдсон иргэдийн төлөөлөгчид “Н.Энхбаярт хүлээлгэж байгаа  хоёр хэрэг бол түүнтэй огт холбоогүй асуудал. Энэ бол хувьчлалын цаана байгаа, Н.Энхбаяр даргатай хамааралгүй,  хууль эрх зүйн хувьд  ямар ч боломжгүй асуудал. Тиймээс  үүнийг цагаатгах нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь ёстой гэсэн саналыг иргэдийн төлөөлөгчид илэрхийлжээ.

Өнөөдөр болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар эдгээр саналыг сонссон байна. Гэхдээ үүнийг албан ёсны хэлэлцүүлэх асуудал биш гэж үзжээ. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдсан хойно л Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг ярилцахаар болжээ. Ингээд өнөөдрийн хувьд зөвхөн Засгийн газраас МАХН  гарах эсэх тухай асуудлыг хэлэлцэн Засгийн газарт үлдэх шийдвэр гаргаснаар хурал өндөрлөв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж