-Таны сайхан дуунууд өнөө хэр дуулагдсаар байгаа. Дуу бүхэн өөрийн түүхтэй байх. Тэр дундаас онцолж “Гайхмаараа” дуу хэрхэн бүтсэн тухай сонирхуулахгүй юу?
-Би тэр үед Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байлаа. Нэг өдөр урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ж.Бадраа гуай утасдаж “Нэг дууны шүлэг байна. Чи л ая хийж чадна. Ирж үзэхгүй юу” гэсэн. Тэр нь “Гайхмаараа” дууны шүлэг байсан. 1971 оны хавар юм. Манай чуулгынхан баруун аймгуудаар урлагийн бригадаар явах гэж бэлтгэлээ базаагаад ажил ихтэй байсан цаг. Энэ дууны ая амархан бүтсэн. Ая хийчихээд хэнээр дуулуулах билээ гээд Оросоогоор дуулуулдаг юм бил үү гээд өрөөндөө сууж байтал гавьяат жүжигчин Банзрагч ороод ирсэн. “Чи үүнийг дуулахгүй юу” гэтэл мань хүн нооттой нь аваад гарсан. Тэгээд хэсэг хугацаанд би ч мартчихаж.
Тун удалгүй радиогоор “Гайхмаараа” дуулагдаад эхэлсэн. Хүмүүс ч их шимтэн сонсч байгаа шинжтэй. Банзрагч бригад явахынхаа өмнө ардын найрал хөгжимтэй радиод бичүүлсэн юм билээ. Мань хүнийг хөдөө аймаг, сумдад очиход нь буудалд ч орсон радиогоор дуу нь яваад тоглолт дээр дуулна гэж хөтөлбөрт ороогүй байхад олон дахиулж заавал “Гайхмаараа”-г дуулуулж байж салдаг байсан гэдэг. Тухайн үед хүн бүр амандаа аялж мэддэггүй хүн ч ховор байсан байх шүү.
Тэр үед чинь үзэл суртал ноёлсон, чөлөөт сэтгэлгээгээр уран бүтээл хийж болдоггүй байлаа шүү дээ. Ямар ч концерт нам, эх орноо магтсан дууг эхлэл, төгсгөл хоёрт нь заавал дуулуулах жишээтэй. Урлагийг хөдөөд хүрэг гэж дээрээс мундагддаг байсан. Улирлын хатуу хөтүү цаг гэхгүй шуургатайд ч хөдөө явуулдаг байлаа шүү дээ. Нэг явахаараа хамгийн багадаа сар гаруй явна. Зарим үед 30-40 хүний бүрэлдэхүүнтэй явна. Ар гэрийн гачигдал байсан ч явахгүй гэх эрхгүй шүү дээ. Голдуу “Зил-130”-ийн тэвшин дээр явна. Сүүлдээ нэг “Паз” автобустай болсон юм. Манай чуулгын дарга Таяа гэж сүрхий хүн байсан. Залуу ч байж тэр даргаас их эмээдэгсэн. Тэр үеийнхэн дэндүү авьяастай ч, дуулгавартай ч байж дээ. Ардын жүжигчин Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин. В.Оросоо, Банзрагч, Нансалмаа, Д.Самбуу нар ид мандаж байсан үе. Мөн Гэрэлт-Од гэж өвөрмөц хоолойтой залуу гарч ирж байлаа.
-Таныг намын лоозонгийн үгэнд ая хийсэн гэж сонссон юм байна. Тэр дуу хэр удаан дуулагдсан бэ?
-Одоо бодоход инээдтэй л юм. 1978 онд байх аа. Намын Төв хорооны бүгд хурлаас “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач бай” гэсэн утгатай хоёр лоозон дэвшүүлсэн юм. Тэр нь гудамж талбай, албан байгууллага бүрийн хананд хадаатай эхэлсэн. Хүн бүрээр цээжлүүлж байсан. Түүнд би 1980-аад оны эхээр ая зохиосон юм. Тэр жил би Төв аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан. Нэг их дуулагдаж гавиагүй тэгээд л замхарсан. Тэгэхээс ч яах вэ. Аймгийн Намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Сүрэнжав гэдэг хүн байсан. Тэр нэг өдөр дуудаад “Энэ лоозонд ая хийж болдоггүй юм уу, чи нэг бодооч” гэсэн. Тэгж л санаа авч ая хийсэн. Тэгээд тэр аяыг өөр дуунд ашигласан. Даалгавраар хийсэн бүтээл хэзээ л сайн болж байлаа даа. Нэг хүндэтгэлийн концертод тоглогдоод л дуусна шүү дээ.
-Ж.Бадраа гэж дууны сайн мастер байж дээ. Тэр хүн дуучид, хөгжмийн зохиолчдоо сайн таньж бүтээл туурвидаг байсан хэрэг үү. Та олон шүлгэнд нь ая хийсэн үү?
-Олон биш ээ, хоёрын зэрэг дуу бий. Ж.Бадраа гуай дууны яруу найрагч байгаад зогсоогүй түүхч, ардын урлаг, хөгжим судлаач их өргөн мэдлэгтэй сайхан хүн байсан. 1970-аад онд түүний “Уяхан хорвоон хань” гэсэн нэртэй 100 дууны түүврийн ном нь гарсан. Одоо тэр ном олдохоо байсан. Цөөхөн хүний гар дээр бий дээ. Тэр хүний шүлгийн дуунууд мөн ч олон хүнийг мандуулсан даа. Ж.Шараа, Б.Зангад хоёр гэхэд л “Гоёхон чимэг ч юм уу даа” шүлгээр нь олонд танигдаж байв. Хөгжмийн өндөр боловсролтой учир дуучин, ая зохиогчдоо сайн таньдаг учир тэдэндээ зориулаад шүлгээ биччихдэг байсан тал бий байх. Тэр хүнд их авьяас байсан.
-Таны ид уран бүтээл хийж байх үед их цензуртэй байж. Өнөөдрийн энэ чөлөөт сэтгэлгээгээр зохиогдож буй бүтээлүүдэд та ямар дүгнэлт өгдөг вэ?
-Ямар ч урлагийн бүтээлийг халтуурдаж болдоггүй. Болохгүй, чадахгүй байгаа бол бүтээл хийх гэхийн хэрэггүй л байхгүй юу. Нийтийн дуун дээр авч ярихад сүүлийн жилүүдэд бие биеэсээ өрсөөд л хурдан морь, сайн бөхчүүдэд дуу зохиогоод эхэлсэн. Яваандаа сайн үүлдрийн хуц, ухнанд дуу зохиож мэднэ шүү. Дуртай хүн халтар шүлэгт ая хийчихээд өөрийгөө хөгжмийн зохиолч гэж цээжээ дэлддэг болжээ. Олонд биш чанарт баригдах учиртай юм. Балдангийн үг, Лхашидын ая “Буянт гол” дууг захын хүн дуулна. Тэд ганцхан энэ дуугаараа л мөнхөрсөн. Хөшөө ч бослоо. Тухайн үедээ тэр хоёр өөрсдийгөө зохиолч гэж хэлж чадахгүй л явсан. Шүлэг бичдэг, ая зохиодог авьяастай байж болно. Тэр чадвараа зөв ашиглах ёстой.
-Дуучид, ая зохиогчид уран бүтээлийн цэнгүүн нэртэй тоглолт хийх болж. Банзрагч, Адарсүрэн гээд алтан үеийнхэн байсан бол энэ зах зээлийн үед мөн ч их боломж олдох байж дээ. Та цэнгүүн хийж байв уу?
-Би хэдэн жилийн өмнө уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байсан юм. Та нар санаж байгаа байх гурван Батсүхийн тоглолт гээд хийсэн. Одоо хийж чадахгүй байх. Аливаа юманд цаг хугацааны хэмжүүр гэж бий. Зах зээлд шилжсэн нь хоёр талтай юм. Хамгийн харамсмаар нь чанаргүй бүтээл хийгдээд байх юм. Манай Нансалмаа, Түмэндэмбэрэл нар хөдөөгийн тайзан дээр алга ташилтаар булуулж мөн ч олон дахиулдагсан. Одоогийн энэ хэдтэй адил ам барина гэж мэдэхгүй. Хоолой цуцна гэж байхгүй төрөлхийн авьяастай хүмүүс байж дээ. Тэд чинь найруулагчийн зөвшөөрөлгүй айлын найр, үдэшлэг уулзалтад оролцож дуулна гэж байхгүй. Түмэндэмбэрэлийг бие нь муу, их халуунтай байхад дуул гээд тайзан дээр гаргаж л байсан гэдэг юм. Банзрагч маань бурхан болохынхоо өмнө бүх сумаар тойрч, ардын жүжигчин Д.Самбуутай хамт явж тоглосон доо. Тэр нь орлого олох зорилгоор биш ард түмэндээ урлагаар үйлчлэх гэж явсан байдаг. Одоо нэг үеэ бодоход манай шинэ үеийн залуучууд аливаа урлагийг дүгнэж цэгнэдэг болсон байна билээ. Үүнийг би том алхам гэж дотроо баярладаг. Уран бүтээлээ таниулдаг сайхан боломж энэ цаг үед нээгдээд байна. Асар том боломж юм шүү. Харин түүнийг ашиглаж ард түмнээ илбэдэж болохгүй. Үзэгчдийн урлагт ханддаг хандлага өөр болно. Өнөөдрийнх шиг хэрийн дуучны тоглолтыг үзэх гэж мөнгө үрэхгүй л байх.
-Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нэгэн ярилцлагадаа “Монголд мэргэжлийн хөгжмийн зохиолч дөрөв бий” гэж хэлсэн удаатай. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Манайд гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн олон хөгжмийн зохиолч бий. Би ч гэсэн Свердловскийн Хөгжмийн дээд сургуулийг төгссөн. Гэхдээ дөрөв нь юу юм бэ ер нь цөөхөн гэж хэлж болно шүү. Лав л тав арван дуу хийснийг мэргэжлийн гэж хэлэхгүй байх. Хөгжим гэдэг аугаа юм. Хэрийн хүн бүтээдэггүй. Түүнийг сонсдог хүн бас өөр. Монголын хөгжмийн урлагт орж ирсэн дунд үеийхний төлөөлөл Ц.Нацагдорж, Ц.Чинзориг, З.Хангал Х.Билэгжаргал гээд том зохиолчид байлаа. Одоо Б.Шарав, Н.Жанцанноров хоёрыг хэлэхээс аргагүй дээ.
-Одоогоос 30 жилийн өмнө Төв аймгийн театраас нэг өдөр таван гавьяат төрсөн гэдэг. Түүний нэг нь та байх аа?
-1982 онд Улаанбаатарт Төв аймгийн соёл урлагийн өдрүүд болсон юм. Аймгууд декад гэж хийдэг байсан даа. Би тэр үед тус театрт хөгжмийн багшаар очоод байсан юм. Хэдэн сар нухаж байж уран сайханчид нийлсэн 200 гаруй уран бүтээлчтэй том концерт босгосон. Хотод ирчихээд Улс төрийн товчооныхонд маргааш үзүүлнэ гэж байтал гэнэт тоглох юм боллоо. Тэгтэл Цэдэнбал Филатова хойшоо явах болоод тоглолтыг наашлуулж үзэхээр болсон. Тоглолт дууссаны дараа дарга нар тайзан дээр гарч ирээд бүжиг дэглээч Б.Гүрбазар, дуучин Ш.Эрдэнэчулуун, Г.Нямсүрэн, Р.Банзрагч бид тавд гавьяатын тэмдэг зүүж өгч билээ.
-Сүүлийн жилүүдэд Төв аймгаас бөх төрөхөө болиод дуучин олон болж байгаа. Энэ юутай холбоотой бол?
-Мэргэжлийн түвшний том дуучид төрөөд байгаа байх шүү. Б.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар гэж сайхан дуучид гарч ирлээ. Тэр том олон улсын тэмцээнд түрүүлнэ гэдэг гайхамшигтай. Манай дуурийн болоод мэргэжлийн дуулаачдын чадвар өндөр түвшинд хүрчээ. Дуурийн театрт Төв аймгийн гурван ч сайн залуу дуучин байгаа юм билээ. Төв аймаг урлагийн олон авьяастнуудыг төрүүлсэн нутаг. Багаас нь хүүхдүүдийг урлаг соёлд ойртуулан дуулуулж, бүжиглүүлж сургасны нөлөө их бий байх аа.
-Таны “Таван эрдэнэ”, “Алтан шар зам”, “Малчин заяа” зэрэг дуу одоо ч сонсогч олонтой. Сүүлийн үед уран бүтээл хийв үү?
-Хэдэн дуу минь залуу дуучин С.Банзрагч сэргээн дуулж байгаад баярладаг даа. Бие тааруу болохоор юм хийж чадахгүй байна. Миний хамгийн сүүлчийн дуу гэхэд “Ээжийнхээ ачийг яалаа даа” дуу бий Ш.Чимэдцэеэ дуулдаг юм. Харин радио, телевизээр бүтээлээ сонсож л суух болж дээ.