
Энэ өвлийн хувьд гэвэл, нийслэлчүүдийг дулаанаар бүрэн хангана гэж байна. Харин 2014 оноос наана цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр бий болгохгүй бол тэсгим хүйтнээр халаалтгүй ч болж мэдэх гэнэ. Дулаан, цахилгаан, дэд бүтцийн асуудлыг нэг өдөр яриад шийдэх боломжгүй. Тав дахь эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох талаар олон жил ярьж байгаа ч түүнээс өмнө цахилгаан, дулаангүй болох нь. Тиймээс яаралтай байдлаар Амгалангийн УС-15 байрны уурын зуухыг ашиглан дулааны цахилгаан станц барих шийдвэрийг Эрчим хүчний яамнаас гаргасан. Цаашдаа ДЦС-4- ийг өргөтгөх шаардлагатай гэж байгаа билээ.
Халаалт хэрэгтэй байна
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга дэд бүтцээ хулгайгаар ашиглаж байна. Үүний том жишээ бол хулгайгаар дулаанд холбогдсон 60 барилгад дулаан өгөхгүй гэж мэдэгдээд байгаа. Тэд төвийн дулааны шугамд холбогдсон айлуудын дулаанаас л хумсалж байна гэсэн үг шүү дээ. Нийслэлийн захиргаанаас анхнаасаа хот байгуулалтыг бодож үзээд зөвшөөрөл өгөөгүй байхад барьсан барилгуудтай тэмцэнэ гэдгээ илэрхийлж, ард иргэдийн ч эрх ашгийг хүндэлж, хулгайн халаалтыг зогсоож байгаа. Ер нь цаашдаа орон сууц, аж ахуй нэгжийн бөөгнөрөл болсон учир Зайсан, 3, 4, 13, 15, 16 дугаар хороолол болон хотын төв орчмоор шинээр барилга баривал дулаанаар хангах боломжгүй гэж байна.