МАХН Засгийн газраас гарахгүй гэдгээ илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

МАХН Засгийн газраас гарахгүй гэдгээ илэрхийллээ

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж дөнгөж сая өндөрлөв. Үүний дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

-Өнөөдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдлаа. Ямар гол асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо дөнгөж сая хуралдаж дууслаа. Гол ярьсан асуудал гэвэл Гүйцэтгэх товчооны өмнөх хурлаар хэлэлцсэн МАХН Засгийн газраас гарах тухай асуудлыг “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлд тавьж , хэлэлцүүлэх асуудлыг хөндлөө. Уг асуудлыг хөндөж ярих болсон үндсэн шалтгаан нь өнгөрсөн хоёр өдөр МАХН-аас  нэр дэвшиж, бүх шатны Иргэдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 300 орчим төлөөлөгчийг хүлээн авч, сургалт зохион байгуулан явуулсан. Энэ үеэр явуулсан хэлэлцуүлгээр МАХН-аас сонгогдсон Иргэдийн Хурлын төлөөлөгчид хэд хэдэн тодорхой асуудлаар санал дэвшүүлэн ярилцлаа. Гол хөндсөн сэдэв нь МАХН Засгийн газраас гарах тухай асуудал байлаа.

Засгийн газраас гарах  эсэх тухай асуудыг ярих  болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, орон нутгийн сонгуулийн үеэр МАХН-д учирсан бэрхшээл, тус намаас дэвшсэн нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх, оролцсон тохиолдолд хуульд байхгүй саад бэрхшээлийг туулсан нөхцөл байдлыг улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэж үзсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлыг улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна гэж үзсэн. Ингээд ёс зүйн хувьд МАХН шинэчлэлийн гэсэн тодотголтой  Засгийн газар хууль ёсыг эрхэмлэн сахих үүргийг хангалттай биелүүлэх учиртай гэсэн үүднээс уг асуудлыг хөндөж тавьсан. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор  МАХН-аас төрийн бүх шатанд, орон нутгийн бүх шатны Иргэдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчид саналаа хэллээ. Төлөөлөгчдийн дэвшүүлэн тавьсан саналаар бол Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, сонгуулийн булхай будилаантай явдлыг хяналт тавьж зогсоохын тулд  гаднаас  биш дотор  нь  ажиллаж бүх шатанд хяналтыг тавьж байж энэ шударга бус байдлыг зогсоож чадна гэж үзлээ. Энэ асуудлыг Гүйцэтгэх товчооны хурлаар авч хэлэлцээд  дээрх саналыг зөв  зүйтэй гэж үзсэн.

-Хурлаас эцсийн шийдвэр гаргасан уу. Ямар шийдвэр гаргасан бэ?

-МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар Засгийн газраас гарах эсэх тухай асуудлыг Эвслийн удирдах зөвлөлд тавих шаардлагагүй гэлээ. Харин өмнө гаргасан засгаас гарах шийдвэрээ дахин эргэж хараад цаашдаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж