![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/12/f901afd2906e64e6/7c3d1387cabac27doriginal.jpg)
Хорвоод мэндлээд дөнгөж нэг ой хүрч буй M. Сайханбилэг хүү хэр баргийн хүн тэсвэрлэж гарахад бэрх элэгний өвчинд шаналж, БНСУ-д элэг шилжүүлэх мэс засалд орохоор болсон нь олон түмний өр өвтгөж байна. Хүүгийн зөвхөн хагалгаанд 150 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд өчигдөр аав, ээжтэй нь Ч. Сайханбилэг гишүүн уулзаж, тусламжийн гараа сунгасан бол С.Дэмбэрэл гишүүн 9911….тэй дугаараа дуудлага худалдаагаар зарж, орлогыг хүүд хандивлана… зэрэг мэдээ, мэдээлэл урсах нь монголчуудын өр нимгэн сэтгэлтэйнх биз ээ. Тусламжийн гараа Төрийн ордноос эхэлсэнд Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн “Mongolian Economy” сэтгүүл олзуурхаж байна. Учир нь, ихэнх тохиолдолд өвдөх зовиур, илрэх шинж тэмдэггүй шахуу явсаар нэг л мэдэхэд өөр хэн нэгний эрхтнээр сольж, аврал эрэхээс аргагүй байдалд хүргэдэг элэгний өвчлөлд Монгол улсаараа дарлуулж байгаа тухай манай сэтгүүл сүүлийн дугаартаа цогцоор нь хөндсөн билээ. Уг нь бол манай эмч нар ур чадвараараа дэлхийд гологдохгүй гэдгийг баталж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар Монголын анагаах ухааны салбарыг нэг алхам урагшлуулсан юм билээ.
Монголын элэг шилжүүлэх үндэсний багийн эмч нар элэгний эмчилгээгээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд очоод буй БНСУ-ын АСАН эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч Монголд долоон хүнд элэг шилжүүлэх хагалгаа амжилттай хийгээд байгаа аж. “Солонгос эмч нар шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөө авчирч хагалгаа хийчихээд, буцаагаад аваад явдаг. Зарим багажаа үлдээх нь ч бий. Одоо бид гар мухар суусан үеэ бодоход овоо хэдэн багажтай болсон. Гэхдээ л элэгний өвчлөлийг цус алдаж хүндрэхээс нь өмнө эрт оношилдог орчин үеийн багаж техник зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тэдгээрийг авахад эхний ээлжинд 1.2 тэрбум төгрөг шаардлагатай. Хармсалтай нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дээр уначихжээ” хэмээн эрүүл мэндийн манаанд зогсох үүргээ гүнээ ухамсарлан гүйж яваа Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нарын төлөөллийн манай сэтгүүлийн Редакцын уулзалтад уригдах үеэр ярихыг нь сонсоод зүрх өвдөх шиг болсон.