
Тэр парламентад дөрөв дэх удаагаа сонгогдох хүртэл зүтгэж, амьдралаа холбосон Ардын намаасаа гарах уу. Энэ асуулт өчигдөр цахим ертөнцөөр нэлээд шуугиан тарилаа. Намаасаа гарахаар бичсэн өргөдөл нь олон нийтэд цацагдахаас өмнө тэрбээр “Энэ бол миний асуудал” гэх үгээр хариултаа бөөрөнхийлж орхисон. Гэхдээ үүнийг нь сонссон хүмүүст “Ер нь бол намаасаа гарах талаар бодож яваа юм байна” гэсэн ойлголтыг өгсөн гэхэд болно. Нөгөөтэйгүүр ингэж хэлснээрээ намдаа хатуухан сануулга өгчихөв үү гэлтэй. Ямартай ч Д.Арвингийн шийдвэр анхаарлын төвд орох нь тэр. Тэрбээр Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны Ардын намын үүрт намаасаа гарах өргөдөл өгсөн гэх мэдээлэл түүний өргөдлийн хамт цацагдав. Өргөдөлдөө “…Намын эрх бүхий албан тушаалын хүмүүсийн баримталж байгаа бодлого, шийдвэртэй намын гишүүн миний хувьд нийлж ажиллах боломжгүй байна. Иймээс намын дүрмийн дагуу гарах хүсэлтэй байгаа тул…” гэжээ. Түүний энэ үйлдлийг юун түрүүнд Ардын намын удирдлагуудтай шууд холбон тайлбарлаж болно. Улс төрд дөрөв дэх удаагаа сонгогдож буй түүн шиг эмэгтэй гишүүн байхгүй. Тэр намдаа чамгүй нэр нөлөөтэй улстөрч. Ийм байтал намынх нь удирдлагууд гомдоожээ. УИХ-ын сонгуулиас эхэлсэн Д.Арвингийн гомдол өнөөдөр тэсэрч байх шиг байна. Ардын намын удирдлагууд Б.Батзоригийг дэмжиж, Д.Арвинг үл ойшоосон гэх. Гэтэл Б.Батзориг бус Д.Арвин намдаа нэг суудал аваад ирсэн энэ үед мөн л түүнийг хүндэтгэсэнгүй гэнэ. Учир нь нам нь сөрөг хүчин болчихсон, нэг суудал ч үнэтэй байгаа энэ үед Д.Арвиныг шинэ гишүүдийн хамт суулгасан нь түүнийг уурлуулах шалтгаан болсон байна. Энэ мэтчилэн түүнд намдаа гомдох шалтгаан бий болсоор байгаа аж. Ардын намын удирдлагуудын хувьд түүнийг явуулахаас мэдээж “айж” буй. Түүнийг МАХН-д аль эсвэл Ардчилсан намд алдчих вий гэсэн болгоомжлол тээж явахад нь Д.Арвин намаасаа гарах шийдвэр гаргачихлаа. Ямартай ч Д.Арвин энэ шийдвэрийнхээ талаар ирэх пүрэв гарагт мэдээлэл хийхээ мэдэгдэв. Энэ нь магадгүй намдаа боломж олгох нэг хэлбэр ч байж мэдэх юм.
Д.Арвин МАХН-д элсэх магадлал их бий. Хэдийгээр Ардчилсан намд элсэх нь гэсэн мэдээлэл цацагдаж байгаа ч тэрбээр Н.Энхбаярын “хүн” гэх нэрийг авсаар удаж буй. Энэ утгаар нь түүнийг МАХН-ыг зорих байх гэж байгаа юм. Олон жил сөрөг хүчин явсан Ардчилсан намыг эрх баригч хүчин болоход нь гүйж орох сэтгэл түүнд байхгүй л болов уу.
Ийнхүү Д.Арвинг намаасаа гарах өргөдлөө өгсөн талаар Ардын намын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Д.АРВИНГИЙН ТӨЛӨӨ ЯВСАН
-Намын удирдлагууд, би лав Д.Арвингийн төлөө явсан. Түүнийг намаасаа гарах өргөдлөө өгсөн гэж бодохгүй байна. Цахим ертөнцөөр ийм мэдээлэл цацагдсан гэсэн. Үүнийг баталгаатай мэдээлэл гэж бодохгүй байна. Ардын намын удирдлагууд сонгуулиар аль нэг нэр дэвшигчийнх нь тал ороогүй гэж бодож байна.
МАН-ын Бага хурлын гишүүн Р.Раш: МАНАЙ НАМД ЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ
-Д.Арвингийн намаасаа гарах гэж буйд итгэхгүй байна. Миний хувьд намын удирдлагууддаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Манай намд одоо эв нэгдэл маш чухал. Илан далангүй, нөхөрсөг уур амьсгал намд зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ байдал дээрдэх нь дээрдэж байгаа.
МАН-ын Бага хурлын гишүүн Д.Очирбат: НАМААСАА ГАРНА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
Намаасаа гарна гэж бодохгүй байна. Намын зүгээс хүнийг гомдоохоор хоёр нэр дэвшигчийн нэгийг нь дэмжсэн гэж ойлгохгүй байгаа. Хоёулаа л манай намын гишүүн. Тиймээс нэгийг нь гадуурхсан зүйл байхгүй байх.
Ц.ЭНХЦЭЦЭГЗохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
