Хөдөлмөрийн хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батална

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батална

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Дараа нь тус байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Болосвролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах заалтууд тусгагдсан байдаг бол  хүүхдэд чиглэсэн заалт байдаггүй аж. Тиймээс дээрх хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд  портез хийлгэх үнийг  хөнгөлөх, тэднийг сургуульдаа ирж очиход нь автобусаар үйлчлэх, аймаг, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв ажиллуулах зэрэг нийгмийн хамгааллын чиглэлийн заалт оруулах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн С.Оюун гаргасан юм.

Мөн тэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдтэй холбоотой асуудлаарх судалгааг эхний ээлжинд гаргах хэрэгтэй. Шинэ Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг онцоллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмшиж чаддаггүй учраас тэдэнд зориулсан төвүүдтэй болох, оношлогооны асуудалд анхаарал хандуулах, өвчнийг эрт үед нь оношлох ажлыг идэвхижүүлэх, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа хүнд төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг гишүүд мөн гаргалаа. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэнээр энэ удаагийн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж