С.Мөнгөнцэцэгийн тоглолтыг үнэгүй үзэх боломж

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

С.Мөнгөнцэцэгийн тоглолтыг үнэгүй үзэх боломж

Өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаанд оролцож, анх удаа эх орондоо алтан медаль авчирсан дуурийн гоцлооч, залуу гавьяат С.Мөнгөнцэцэг энэхүү түүхэн үйл явдлаас хойш анх удаагаа бие даасан тоглолтоо хийх гэж байна. Гэхдээ энэ нь дуучны гавьяат цол, Глинкийн алтан медалийн мялаалганы тоглолт бус харин тодорхой хүрээнд хийх урилгын тоглолт ажээ.
Тэрээр СУИС-д дуурийн дуулаач мэргэжлээр сурч байгаад 1998 онд Болгар улсын Софи хотын хөгжмийн академид элсэн орж, сонгодог урлагийн өлгий нутгуудын нэг болсон Болгарт мэргэжил эзэмшсэн нэгэн. Тийм ч учраас энэ жил тохиож буй Монгол, Болгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, кирилл үсгийг үндэслэн зохиосон ах дүү Керили, Методи хоёрын нэрэмжит славян үндэстний бичиг соёлын баярын өдрийг тохиолдуулан энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт “Arte” ресторанд урилгын сонгодог тоглолт хийх гэж байгаа юм байна.
С.Мөнгөнцэцэг гавьяат “Би Болгар улсад дуурийн дуулаач мэргэжлийг эзэмшсэн. Эх орондоо ирээд дуурийн театртаа хоёр жил дуулаад Олон улсын хэмжээний А зэрэглэлийн уралдаанаас алтан медаль анх удаа эх орондоо авчирсан. Тэгэхээр Монгол, Болгар хоёр улс миний хувьд ээлээ өгсөн нутаг” хэмээн ярьдаг байна. Тийм ч учраас энэхүү талархлын сэтгэлээ илэрхийлэх уран бүтээлийн бэлэг болох тоглолтоо “Ээлээ өгсөн нутаг” хэмээн нэрийдсэн байна. Тоглолтыг Болгар улсад сурч, ажиллан амьдарч байсан Монголчууд хийгээд Монголд ажиллаж, амьдарч буй Болгарчууд, гадны ЭСЯ-ныхан, түүнчлэн сонгодог урлаг таашаагчид тэр дундаа С.Мөнгөнцэцэг гавьяатын фенүүд урилгаар хүрэлцэн ирж үзэх аж.
Мөн тоглолтын үеэр С.Мөнгөнцэцэг гавьяатын фенүүд санаачилж “Сонгодог урлагийн фен” клубыг байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Тоглолтонд ирсэн хүмүүсийг Болгарын ЭСЯ-ны зүгээс цэвэр болгар виногоор дайлах бөгөөд харин С.Мөнгөнцэцэг гавьяат монгол, болгар ари романс, мэргэжлийн дуунуудаар бэлэг барих нь ээ. Тавдугаар сарын 24-ний энэ үдэш мөн эгэл жирийн сонгодог урлаг таашаадаг эрхмүүд ч “Arte” ресторанд очиж, болгар вино уунгаа гавьяатын сонгодог бэлгийг шимтэн сонсох боломжтой юм байна.
Дуучны тухай товчхон танилцуулахад, тэрээр Төв аймагт төрж өссөн, 1998 оноос Болгарын Софийн нэрэмжит хөгжмийн академид профессор К.Вачкогийн удирдлаганд 2004 онд бакалавр, 2005 онд тус сургуульдаа мэргэжил дээшлүүлж улмаар 2006 онд Софигийн их сургуулийн хөгжмийн тэнхимд дуулаачийн багш мэргэжлээр профессор К.Карапетровын удирдлаганд магистр хамгаалсан юм. 2004-2006 онд Софи хотын хөгжмийн театр, Русе хотын дуурийн театр, Великотьрново хотын театруудад тус, тус гоцлол дуучнаар гэрээгээр ажиллахын зэрэгцээ Италийн Милано хотын явуулын театртай алдарт Дж.Пуччинигийн “Богема” дуурийн Мимигийн дүрээр гэрээ байгуулж, Европын 13 орноор аялан тоглолт хийж байгаад 2007 онд эх орондоо иржээ. Тэр цагаас хойш ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж буй авьяаслаг уран бүтээлчийн тоглолтод зочлохыг урьж байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж