Хятад коксын экспортын татвараа бууруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Хятад коксын экспортын татвараа бууруулна

Хятад улс 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс металлургын коксын экспортын татварыг 40 хувиар бууруулна Хятадын Сангийн яамны баттай эх сурвалж Reuters-т мэдээлжээ. Гангын үйлдвэрүүдийн гол түүхий эд болох коксын татварыг бууруулснаар Хятадын гангын салбар бэхжиж, экспорт нэмэгдэх ач холбогдолтой юм байна.

Хятад дэлхийн хамгийн том коксын үйлдвэрлэгч байсан ч байгаль орчин бохирдуулж байна гэдэг шалтгаанаар 2008 онд экспортын татварыг 25 хувиар нэмсэний дараанаас экспорт огцом буурчээ.    

“Экспортын татвар буурах юм 70 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгаа коксын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах хөшүүрэг болно. Мөн коксжих нүүрсний эрэлтийг өсгөж, хамгийн эхэнд Өвөр Монгол болон Монголын нүүрс нийлүүлэгчдэд ашгаа өгнө. Харин Австрали Америкийн импортын өрсөлдөх чадварыг сулруулна гэж “UOB-Kay Hian” Хонконгийн зөвлөх компанийн ахлах шинжээч Хелен Лау хэлсэн байна. 

Мөн Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон учраас экспортын зарим татварыг арилгах үүрэгтэй болоод байгаа юм байна.

Гэхдээ одоохондоо Бээжингийн холбогдох яамнаас энэ тухай мэдээлээгүй байгаа ч зах зээлийн шинжээчид ийм алхам зайлшгүй хэрэгтэй үзэж байна. 2012 онд Хятадын коксын экспорт дөнгөж 9 сая тонн хүржээ. Гэхдээ хагас кокс болон коксын экспорт эхний 10 сарын дотор дөнгөж 907 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар буурсан үзүүлэлт юм. Хятад 2000-2007 оны хооронд жилд дунджаар 15 сая тонн кокс экспортод гаргадаг байжээ. Экспортын татвар буурсанаар коксын үнэ 70-80 ам.доллараар буурч, гадны бусад нийлүүлэгчдээс хямд болж, Япон Солонгос зэрэг орнууд дахин Хятадаас кокс авдаг болно гэж үзэж байна.

Тиянжиний түүхий эдийн боомтод одоогоор 400 гаруй ам.долларын үнэтэй байна. Коксын экспортын татвар буурвал коксыг үнэ 285 ам.доллар болж багасна гэж шинжээчид үзэж байна.

Металлургийн коксийг төмрийн үйлдвэрийн зуухны тэсэлгээнд ашигладаг юм.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж