Хөл бөмбөгч Марио Балотеллигийн экс найз бүсгүй Рафаэлла хоёр долоо хоногийн өмнө амаржиж, алдарт хөл бөмбөгч аав болсон тухай өмнө мэдээлсэн. Рафаэлла төрөх хугацаанаасаа гурван долоо хоногийн өмнө ээжийнхээ гэрт нярайлж, 3.8 кг жинтэй охин төрүүлсэн бөгөөд охиндоо Пиа гэдэг нэр хайрлажээ. Марио Балотеллигийн экс найз бүсгүй Рафаэлла Италийн “Chi” сэтгүүлд охиныхоо зургийг анх удаа нийтэлж, ярилцлага өгсөн байна. Рафаэлла “Би Мариод төрөхөөр өвдөж эхэлснээсээ хойш түүнд мессеж бичиж төрөх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэгээд охиноо төрсний дараа чи аав боллоо гэж мессеж явуулсан. Гэтэл тэр над руу зургаан цагийн дараа залгасан. Би түүнд төрсөн тухайгаа хэлтэл тэр “Аан за за. Миний санаа амарлаа” гээд утсаа тавьсан. Түүнээс хойш тэр надтай холбоо бариагүй” гэж ярьжээ.
Мөн Марио Балотелли одоо болтол охиноо харах гэж ирээгүй болохоор Рафаэлла түүнд охиныхоо зургийг э-мэйлээр явуулсан байна. Хөл бөмбөгч Марио Балотелли загвар өмсөгч Рафаэлла нар жил гаруйн хугацаанд үерхсэн бөгөөд хосууд салсны дараа Рафаэлла жирэмсэн болсноо мэджээ. Харин Рафаэлла Марио Балотеллид хүүхдийг нь тээж буй тухайгаа хэлэхэд тэрээр эргэлзэх зүйлгүй өөрийнх нь хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.
Б.АНХТУЯА