Д.Дорлигжав МҮОХ-ны ерөнхийлөгчөөс нэрээ татлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав МҮОХ-ны ерөнхийлөгчөөс нэрээ татлаа

Дөрвөн жил тутамд хуралдаж, МҮОХ-ны өнгөрсөн жилийн ажлын тайлангаа дүгнэн хэлэлцэж, ирэх дөрвөн жилийн зорилт төлөвлөгөөгөө хэлэлцэхийн сацуу удирдах төвшний эрхмүүдийг сонгодог Олимпийн чуулган өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. МҮОХ-ны ээлжит чуулган болж буйг тохиолдуулан Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Жак Рогге илгээлт ирүүлснийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан уншиж, танилцуулав. Мөн ОУОХ-нд бүртгэлтэй 45 орны олимпийн хорооноос манайд мэндчилгээ ирүүлжээ.

Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн тус чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл гээд 90 орчим хүн оролцож байна. Энэ удаагийн чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан, МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай, мөн Зохион байгуулалтын гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдааныг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн даргалж, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, Э.Мөнх-Очир нар удирдан явуулж байна.

Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, баталсан бөгөөд үүнд МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. Учир нь МҮОХ-ны дүрэмд зааснаар чуулган эхлэхээс наанадаж 14 хоногийн өмнө дүрэмд өөрчлөлт оруулах эсэх тухай санал, хүсэлтээ ирүүлэх ёстой, гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч санал ирээгүй тул дээрх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэлээ. Ингээд гишүүдээс санал хурааж, олонхи нь дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэнээр дээрх асуудлыг хасав. Дээрх асуудлаар гишүүд дор бүрнээ саналаа илэрхийлсэн. Энэ үед МҮОХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв. Түүний хувьд төрийн алба хашдаг, харин МҮОХ-ны дүрэмд тус байгууллагын ерөнхийлөгч нь орон тооны байна гэж заасан байдаг тул дээрх хоёр албыг нэгэн зэрэг хаших боломжгүй юм. Тиймээс “МҮОХ-ны ерөнхийлөгч заавал орон тооны байх шаардлагагүй. Өмнө нь МҮОХ орон тооны бус ерөнхийлөгчтэй байсан. Тухайн үед Ш.Отгонбилэг агсан МҮОХ-г тэргүүлж, ямархан ололт амжилттай байсныг Д.Загдсүрэн дарга ч мэдэж байгаа. Тиймээс дүрэмд өөрчлөлт оруулж болох юм” гэсэн санал дэвшүүлэв.

Харин МҮОХ-ны удирдлагуудын зүгээс хурал дэгийн дагуу, олон улсын жишгийн дагуу явагдах ёстой. Олон улсын жишигт хурал болохоос 3-6 сарын өмнө санал хүлээн авдаг. Учир нь хурлын явцад сэтгэл санааны байдал, тухайн орчин нөхцөлөөс хамаарч зохисгүй шийдвэр гарах тохиолдол байдаг. Тиймээс өмнө нь санал ирүүлээгүй учир шууд чуулганд дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх боломжгүй гэдэг байр сууриа илэрхийллээ. Есдүгээр сард хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Олимпийн чуулганы товыг зарлаж, дүрэмд өөрчлөлт оруулах санал хүсэлтээ өмнө нь ирүүлэх хэрэгтэйг бүгдэд нь дуулгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч хүсэлт, санал ирээгүй тул энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн юм.

Гишүүдийн хувьд дээрх асуудалд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байв. Энэ үеэр хөндөгдсөн бас нэг асуудал бол Олимпийн чуулган дахь тамирчдын оролцоог нэмэгдүүлэх. Олимпийн медальтнуудын төлөөлөл болж, тус чуулганд оролцож буй Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган “МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах саналтай байна. Олимпийн медальтнуудын оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн бол Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар “Тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг дэмжиж байна. МҮОХ-ны гол гүйцэтгэлийг тамирчид хийдэг. Гэтэл олимпийн чуулганд хоёрхон тамирчин оролцож байна. Тамирчдын төлөөлөл, дуу хоолой энд дутагдаж байна. Тэдний хувьд чуулганы өмнө дүрмийн өөрчлөлтийн талаар ямар нэг мэдэгдэл хүлээн аваагүй, санал илгээх боломжгүй тул дээрх өөрчлөлтийг энэ чуулганаар ярилцах нь зүйтэй” гэлээ.

Ингээд МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг өмнө нь санал оруулаагүй ч чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж болно, болохгүй гэдэгт гишүүд байр сууриа илэрхийлж, багагүй маргаан үүссэн. Энэ үеэр Ерөнхий прокурор Д.Дорлигжав МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж буйгаа хэлээд, спортын байгууллагад шинэчлэл хэрэгтэй, ил тод, шударга байх ёстой, тиймээс дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн санал дэвшүүлж буйгаа хэлсэн юм.

Багагүй маргааны төгсгөлд МҮОХ нь дэгийн дагуу чуулганаа явуулах ёстой, дүрэмд зааснаар чуулганаас өмнө санал ирээгүй тул дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэгт гишүүд санал нэгдэв.

Ингээд чуулганаар хэлэлцэх эхний асуудал болох МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн тайланг хэлэлцэж эхэллээ. Одоо МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн дөрвөн жилд ажилласан Гүйцэтгэх зөвлөлийн тайланг тавьж байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж