Ажил хийгээд байртай болох боломж бодитойгоор бүрдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Ажил хийгээд байртай болох боломж бодитойгоор бүрдэнэ

Хотын  дарга Э.Бат-Үүл залуустаа зориулж “Хэрвээ ажил хийж байгаа л бол байртай болох боломжийг бүрдүүлнэ” хэмээн амлаж буй. Нийслэлчүүдийн 40 гаруй хувь нь л орон сууцанд амьдарч байгаа. Харин тэдгээрээс залуучууд бие даагаад өөрийн гэсэн байртай болсон нь гэвэл тийм ч олон биш байх. Тийм учраас ямар нэгэн байдлаар ажил хийж, улсад татвараа төлснийхөө төлөө орон сууцтай болж байвал сайхан л байна. Гэхдээ ийм боломж байгаа юу. Магадгүй “Яаж ийм зүйл байж болох юм. Популист амлалт” хэмээн бодох хүмүүс байж болох юм. Тэгвэл энэ нь 100 хувь боломжтой зүйл бөгөөд Монгол Улс тун удахгүй ийм тогтолцоонд шилжихээр судалгаа, шинжилгээний ажил хийгдэж эхэлснийг төв банкны албаны эх сурвалж дуулгалаа. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчийн зөв­лөх, ерөнхий эдийн засагч С.Болд “Улсын нийгмийн даатгалын сан асар их хэмжээний өрийн үлдэгдэлтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нь зардлаа нөхөж чаддаггүй. Энэ байдал нь урт хугацаандаа төсөвт маш их дарамт үүсгэнэ. Тиймээс нийгмийн даатгалын санг төсвөөс ангид байлгаж, мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан болгоно. Энэ талаар судалгаа, тооцоо хийгдэж байгаа. 2013 он гэхэд энэ шинэчлэл хийгдэж дуусна гэсэн хүлээлттэй байгаа” гэлээ. Түүнчлэн тэрбээр гадаадын улсуудад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сан нь хамгийн том институционал хөрөнгө оруулалтын сан болдог. Манайх ч бас энэ тогтолцоонд шилжих ёстой гэдгийг онцолсон юм. С.Болд захирлын хэлснээр бол залуучууд 2013 ондоо багтаад хэрвээ ажил хийж байгаа бол орон сууцтай болох боломж бүрдэх нь. Яаж вэ гэдгийг тодруулъя.

"Манай улсад бол иргэд нийгмийн даатгалд мөнгө төлдөг. Төлсөн мөнгө нь хаана, юунд, хэрхэн зарцуулагдаад дуусч байгааг ч мэддэггүй"

Манай улсад бол иргэд нийгмийн даатгалд мөнгө төлдөг. Төлсөн мөнгө нь хаана, юунд, хэрхэн зарцуулагдаад дуусч байгааг ч мэддэггүй. Тэр бүү хэл тэтгэвэрт гарсан хойноо ч олигтой хэдэн цаас авч чадахгүй байгаа. Таны нийгмийн даатгалд төлсөн мөнгөөр улс төсвийн цоорхойг нөхөж, эсвэл өөр нэг төсвийн байгууллагын ажилчдын цалинг тавина. Нийгмийн даатгалын сан нь төсвийн цоорхойг нөхөх, орлого бүрдүүлэх л хэрэгсэл болж байна. Шинэчлэлийн бодлогын хүрээнд нийгмийн даатгалын сан иргэдэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Иргэд нэрийн дансандаа хэчнээн төгрөг хуримтлагдаж байгааг дуртай үедээ мэдэж, мөнгөн хөрөнгөө хэрхэн яаж зарцуулахаа өөрийнхөөрөө шийднэ гэсэн үг. Үүл даргын хэлсэнчлэн ажил хийж, төлсөн татвараараа орон сууцны зээлд хамрагдаад, байртай болох боломж ийн бүрдэж байгаа хэрэг. Байр авах шаардлагагүй бол хувьцаанд хөрөнгө оруулах, бүр болохгүй бол зүгээр л хадгалсан ч болно. Тэтгэвэрт гарах үедээ бас хуримтлуулсан мөнгөө бөөнөөр нь авах уу, эсвэл бага багаар нь тэтгэвэр хэлбэрээр авах уу гэдгээ өөрөө шийднэ. Бөөнөөр нь аваад байр, машин, байшин, эсвэл зуслангийн газар юу ч авч болно шүү дээ. Үр хүүхэддээ өвлүүлж, хадгалуулсан ч болно. Өнөөдөр байгаа тогтолцоог дахин сануулъя. Хэрэв иргэн Дорж тэтгэвэрт гарахаасаа нэг жилийн өмнө нас барчихвал насаараа даатгалд төлсөн мөнгө нь улсын өмч болоод л үлдэнэ. Улсаас ажил явдлын зардал гээд цөөн хэдэн төгрөг өгч болох юм. Харин шинэ тогтолцоогоор бол иргэн Дорж тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барвал үр хүүхдэд нь хуримтлуулсан мөнгийг нь буцаан олгоно. Энэ илүү шударга биш гэж үү.

Товчхондоо бол таны мөнгө зөвхөн таных л байна. Та мөнгөө хадгалж, үрж, хувьцаанд хөрөнгө оруулж, эсвэл орон сууцны зээлд зарцуулах нь нээлттэй. Бас нас барлаа гэхэд мөнгөө өвлүүлж болно. Гэхдээ улсын нийгмийн даатгалын сан зөвхөн иргэдийн даатгалын мөнгийг хадгалаад, хүссэнээр нь зарцуулж өгөх зорилготой байгууллага болж хувирахгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээнд зарцуулалт хийнэ. Ашгаа богино хугацаанд нөхөх боломжтой хөрөнгө оруулалтууд, хувьцаа, бонд гэх мэт зүйлд нийгмийн даатгалын сангийн мөнгийг зарцуулагддаг. Тийм ч учраас гадаадын улсуудад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сан нь хамгий хүчирхэг хөрөнгө оруулалтын сан болон хувирсан байдаг. Энэ утгаараа нийгмийн даатгалын сангийн шинэчлэл маш том ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байна.

Л.ЭНХДЭЛГЭР

Зохиогчийн эрх:"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж