Япончуудад найдлага төрүүлсан ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Япончуудад найдлага төрүүлсан ерөнхий сайд

Шинзо Абэ Японы шинэ Ерөнхий сайд болно. Японы парламентын доод танхимын сонгууль өнгөрсөн ням гарагт болсон бөгөөд энэ үеэр түүний тэргүүлсэн Либераль ардчилсан нам ялалт байгуулж, олонхи болсон юм. Сонгуулийн дараа Шинзо Абэ хийсэн мэдэгдэлдээ “Зүүн Хятадын тэнгис дэх арлууд Японы газар нутгийн салшгүй нэг хэсэг” хэмээн Хятадын эрх баригчид бууж өгөхгүй гэдгээ хатуухан илэрхийлсэн. Үүнээс болж Хятадын хэвлэлүүдэд түүний талаар “Харцага хочит Шинзо Абэ кабинетийн тэргүүн боллоо” хэмээн дурамжхан өнгө аястай бичсэн байна. Мөн хямралд орсон эдийн засгаа сэргээхийн тулд хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсаар байгаа юм. Шинзо Абэ удам дамжсан улстөрч. Түүний өвөг эцэг нь Японы Ерөнхий сайд байж. Харин эцэг нь Гадаад хэргийн сайд байх үед Япон, АНУ харилцаа сайжирч байсан гэдэг. Шинзо Абэ 2006 онд Японы Засгийн газрыг тэргүүлж байсан боловч яг нэг жилийн дараа огцрох өргөдлөө өгсөн юм. Тэрбээр Хойд Солонгосын тагнуулынханд хулгайлагдсан япон­чуудыг буцаах асуудал болон энхийг сахиулагч цэргүүдээ эргүүлэн татах тухай хөндөж байжээ. Японы өмнөх парламентын сонгуулиар нэр хүндээ алдсан Либераль ардчилсан намыг дахин хөл дээр босгож, хүчирхэгжүүлэхэд Шинзо Абэгийн гавьяа ч чамгүй их байсан бололтой. Тэрбээр Сэкэй их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөнийхөө дараа Өмнөд Калифорнийн их сур­гуульд энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцжээ. Хамгийн анх 1993 онд Японы парламентад орж ирсэн бол хожим нь Ерөнхий сайд Моригийн ерөнхий нарийн бичгийн даргийн орлогч болжээ.  Япончууд Шинзо Абэ болон түүний намаас их зүйл хүлээж байгаа. Энэ тухай тэрбээр “Өөрсдийнх нь итгэл найдварыг алдахгүй байж чадах нь уу хэмээн манай намыг ард түмэн анхааралтай ажиглах болно” хэмээн ярьсан байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж