Төрөөс тараасан компьютероос болж 10 настай хүүхэд гэмтэв

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Төрөөс тараасан компьютероос болж 10 настай хүүхэд гэмтэв

“Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сурагчдад тараасан ком­пьютеруудын нэг нь дэлбэрчээ. Үүнээс болж нэг сурагч гэмтсэн байна. Тэгэх тэгэхдээ бүр ноцтой гэмтсэн тухай эмч нар ярив. Одоо яах вэ. Бусад компьютер нь дэлбэрэхгүй байх баталгаа бий юу.

Энэ явдал нийслэлийн 84 дүгээр сургууль дээр болсон юм. Тус сургуулийн тавдугаар ангийн сурагч Б.Мөнхбаярын компьютер дэлбэрч, шатжээ. Үүнээс болж хүүгийн нүд, цээжин хэсэг нь түлэгдсэн байна. Аав, ээжийнхээ амь нь болсон бяцхан хүү одоо гуравдугаар зэргийн түлэгдэлттэй, нүдний торлог бүрхэвч нь гэмтсэн гэх оноштойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харин мэргэжлийн эмч нар нүд­ний торлог бүрхэвчийн гэмтлийг гадаа­дад очиж, эмчлүүлэх шаард­лагатай хэмээн анхааруулсан юм.

“Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн компьютерууд нь Хятадад үйлдвэрлэсэн. Тэднийг тараахдаа сурагчдын эцэг, эхчүүдээс 300 мянган төгрөг хураан авч байв. Харин Б.Мөнхбаяр хүүгийн хувьд компьютерээ асаах үед нь дэлбэрчихжээ. Ослын шалтгааныг гал, цахилгааны хүчдэлээс бус компьютерээс өөрөөс нь болсон гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас тогтоосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бэртсэн хүүгийн ангид 40 ширхэг зөөврийн компьютер өгчээ. Тэднийг шалгаж үзэхэд 16 нь ажиллахгүй байсан гэнэ. Гэхдээ компьютер нь ажиллахаа больсон тохиолдолд эцэг, эхчүүд нь өөрсдөө торгуулийг нь төлнө гэх хатуу болзлын тухай энд бичихээ больё. Харин хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулаагүй байгаа дээр нь тэр муу хэдэн компьютерыг ажиллагаагүй болгосон нь яамай даа гэмээр л…
"Харин 2005 оны эхээс “XO-1” нь байгаль орчинд хөнөөлтэйгээс гадна эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг түүхий эд бүтцэд нь олноороо орсон тухай гадны хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна"

“Хүүхэд  бүрт  зөөврийн  ком­пьютер” хөтөлбөрийн хүрээнд “ХО” хэмээн нэрлэгдсэн компьютеруу­дыг хамгийн хямд үнээр буюу 200 ам.доллараар тараасан. Энэхүү хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын сургуулийн насны хүүхдүүдэд нийлүүлдэг томоохон төсөл юм.  Зөөврийн компьютерийг эхний ээлжинд Перу, Урагвай, Монгол зэрэг улсад тараажээ. Анхнаасаа энэ тендерч будлиантай явсан гэсэн олон маргааныг дагуулж байсан юм. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны заралсан уг тендерт Хятадын “ZTE” компани ялсан байдаг. Тендер шудрага явагдаагүй гэдэг шалтгаанаар  “Haier” Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Сангийн яаманд энэ асуудлаар гомдол гаргаж байсан удаатай.  “Жижигхэн хэрнээ бат бөх ”ХО” компьютер нь цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг, гараараа цэнэглэж болох, дэлгэцийг наранд харж болох, хоорондоо харилцан холбогдох хял­бар интерфэйс бүхий гэх мэт бүх зүйл нь хүүхдэд зориулагдсан юм” хэмээн рекламдаж байсан. Хүүхэд бүрийг компьютержүүлэх хөтөлбөрийн хүрээнд дэлхий дахинд шүүмжлэхүйц асуудал олон гарч байжээ. Тухайлбал, “XO-1”-ийн хард диск нь гэмтэхдээ амархан бөгөөд ингэж эвдэрсэн тохиолдолд эцэг эх нь өндөр үнэ төлж, янзлуулдаг талаар гомдол  их гарч байжээ. Харин 2005 оны эхээс “XO-1” нь байгаль орчинд хөнөөлтэйгээс гадна эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг түүхий эд бүтцэд нь олноороо орсон тухай гадны хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна. Ямартай ч энэхүү зөөврийн компьютер дэлбэрсэнтэй холбогдуу­лан албаны эх сурвалжаас тодруулахад “Манай яам тендер зарласан юм. Харин шалгуурт тэнцсэн компани одоо энэ гараад байгаа бүх асуудлын хариуцлагыг хүлээгээд байгаа. Хүүгийн бүх эмчилгээний зардалыг энэ компани дааж байгаа. Гадаад очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэсэн. Одоогоор тухайн 84 дүгээр сургуулийн хэрэг­цээнд байгаа бүх зөөврийн компьютерийн эргүүлэн хураан авсан. Энэхүү “Хүүхэд бүрт компьютер” хөтөл­бөрийн хүрээнд Нийслэлийн болон Налайх дүүргүүдийн арван жилийн сургуулиудад нийт 5000 ширхэг зөөврийн компьютер нийлүүлээд байна. Энэ зөөврийн компьютерт гарсан асуудал анхных нь болж байна. Нийлүүлэгч компани маань энэ бүх хариуцлагыг хүлээж байгаа” гэсэн юм.

Тус зөөврийн компьютерийг хан­ган нийлүүлэгч байгуулалгын сайт дээр Монгол Улсад 10 мянган ширхэгийг нийлүүлсэн гэх мэдээлэл байсан. Гэтэл албаны эх сурвалж “Одоогоор 5000 ширхэгийг нийлүүлсэн” гэсэн билээ. Мөн “ХО” гэх зөөврийн компьютерийг анх хүлээж авахад хайрцаг болон сав баглаан дээр нь ямар нэгэн нэр хаяг заавар байгаагүй хэмээн хүүгийн ээж ярьсан юм. Тамга тэмдэг хаяггүй аюул тарих зүйлийг тухайн төсөл хэрэгжүүлэгч нийлүүлэгч компанитай томоохон хариуцлага тооцох нь зүйн хэрэг юм. Энэ мэт асуудлыг хариуцлагыг дан ганц компани биш тендерийг зарласан, шалгасан компани давхар хариуцах ёстой.

Э.БАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж