Ямар боловч МАХН Засгийн газраас гарахгүй гэсэн шийдвэрт хүрэх нь тодорхой болсныг эх сурвалж хэллээ. МАХН-тай “Шударга ёс” эвсэлд хамтарсан МҮАН-ынхан өчигдөр тус нам дээр очиж Засгийн газраас гарах шаардлагагүй, Засгийн газрыг тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар дээрх асуудлаар өчигдөр МАХН-ынхантай уулзсан юм байна. МАХН-ынхан мөн намын дарга Н.Энхбаярын Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн байр суурийг дэмжихээр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлэх асуудлыг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг санал болгосон байна. Уг асуудлыг өнөөдөр болох МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэн шийдвэр гаргахаар тогтжээ.