Дорнодын театр “Сонгодог бүтээл 2012” ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Дорнодын театр “Сонгодог бүтээл 2012” ялагч боллоо

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааны сүүлийн шат нийслэл хотноо болж зүүн, баруун, төвийн бүсээс шалгарсан гурван театрын уран бүтээлчид өрсөлдөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан Г.Ибсений “Нийгмийн дайсан” жүжиг, симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”-оороо хүртэж, 35 сая төгрөгөөр шагнууллаа. Шүүгчид тус театрынхныг симфони найрал хөгжмөөрөө илүү байсныг онцолсон юм.

УДЭТ-т болсон “Сонгодог урлаг 2012” шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд зүүн бүсээс шалгарсан Дорнод аймгийн Хөгжимт драмын театр Хенрик Ибсений “Нийгмийн дайсан” жүжгээ толилуулан ялагч болсон бол баруун бүсээс Завхан аймгийн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театр А.П.Чеховын “Ванья ах” жүжиг, “Этүгэн чимэгт аялгуу” концерт, төвийн бүсээс Дархан-Уул аймгийн “Залуучууд театр” Г.Ибсены “Нора”, Г.Перселлын “Дидона Эней хоёр” дуурийг тус тус нийслэлчүүдэд дэлгэн өрсөлдсөн юм. Мөн урилгаар Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга “Зүүдний Соннамбула”  сонгодог концерт, Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулга  “Бурхан Халдуны дуулал” концерт, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо хүргэсэн.

Дорнод аймгийн Хөгжимт драмын театр Хенрик Ибсений “Нийгмийн дайсан” жүжгийг УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулжээ. Хөгжмийн зохиолч, профессор Б.Нямдорж тус театрын симфони найрал хөгжимд тулгаарлан Монголын хөгжмийн түүхэнд анх удаа орон нутагт симфони жааз хөгжмийг эгшиглүүлснээрээ онцлогтой бүтээл болсон байна. Жүжгийн гол дүр доктор Томас Стокманнд жүжигчин Л.Батсайхан, хотын мэр Петра Стокманнд жүжигчин Г.Гантуяа, хэвлэлийн газрын эзэнд жүжигчин С.Ганбаатар, шар сонины редакторт жүжигчин Б.Од нар тоглосон юм.

Наадмын шүүгчид, үзэгчид орон нутгийн театрт сонгодог зохиол мэндлэн үзэгчдийн цангааг тайлж буйд сэтгэл өндөр байсан юм. Тэр бүр нийслэлийг зорин ирж, театрт тухлах боломжгүй иргэддээ зориулан Дорнод театр өөрийн гэсэн ариун сүмийг сүндэрлүүлжээ.  Тэд орчин үеийн шийдэлтэй, театрын гайхалтай акустиктай 600 хүний суудалтай их танхим, 50 хүний суудалтай тусгай танхим, эргэдэг тайз, хөшгүүд нь дээрээс нь буудаг, гэрэлтүүлэг, дуу авиа, кино проекторын удирдлагатай, уран бүтээлчдийн тусгайлсан өрөөнүүдтэй, оёдлын үйлдвэрийн цех, ноот, архив, захиргааны оффис, VIP өрөө, уран зургийн галерей, үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бүрэн боломж бүхий гоёмсог, өөрийн гэсэн театртай болжээ. Одоо тус театрын хамт олон үзэгчдийн таашаалд нийцсэн чанартай, сайн “бүтээгдэхүүн” үйлдвэрлэхийн төлөө бүхнээ зориулах аж. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж