Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Өмнөд Солонгосын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох түүхэн бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээгээд байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд консерватив үзэлтэй Сэнури намаас нэр дэвшиж байгаа Пак Кын Хе түүхэнд анх удаа  эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөртэй байгаа юм. Гэсэн хэдий ч Ардчилсан нэгдсэн намаас нэр дэвшиж байгаа Мүн Жая Ин сонгогчдын саналыг ихээр татах хүчтэй өрсөлдөгчийн нэг хэмээн шинжээчид үзэж байгаа.

Уг Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Ан Чөл Сү нэрээ татсанаар албан ёслоор Пак Кын Хе, Мүн Жая Ин нарын хоёр нэр дэвшигчийн нэг таван жилийн хугацаанд төрийн эрхийг барьсан  одоогийн ерөнхийлөгч Ли Мён Пакийн орыг залгах хүнээр тодрох юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны компанит ажил 22 хоног үргэлжилсэн бөгөөд нэр дэвшигчид нийгмийн халамж, эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хамгийн их анхаарлаа хандуулсан аж. Ерөнхийлөгчийн 11 дэх удаагийн уг  сонгуульд сонгогдох магадлал өндөр байгаа Пак Кын Хе нь тус улсын цэргийн генерал Пак Жон Хигийн охин бол Мүн Жая Ин нь либераль ерөнхийлөгч гэгддэг Ху Мү Хё агсны намын төлөөллийн хүн юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж