Дэлхийд алдартай &#34Money Drop&#34 шоу Монголд

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Дэлхийд алдартай &#34Money Drop&#34 шоу Монголд

"Money Drop" шоу нэвтрүүлгийн Монгол дахь албан ёсны хувилбар тун удахгүй цацагдах гэж байна. Олон улсын хэмжээний шоу нэвтрүүлгийн өнгө төрхийг бүрэн илтгэхүйц шоу нэвтрүүлгүүдийг нийлүүлэгч олон улсын "Эндэмол" компанийн "Money Drop" шоу нэвтрүүлгийн албан ёсны эрхийг Монголын үндэсний "Боловсрол суваг" телевиз авчээ. Энэ нь Монголын телевизийн салбарт зохиогчийн эрхийг дээдэлсэн чанартай контент нийлүүлэх эхний алхамд зүй ёсоор тооцогдож байна. Олон улсын стандартад нийцэхүйц тус шоу нэвтрүүлгийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор "Эндэмол" компанийн зөвлөх продюсер Марике Франк "Монгол масс медиа" компанийн урилгаар хүрэлцэн ирсэн юм. Хатагтай Марикетай "Money Drop" шоу нэвтрүүлгийн Монгол дахь албан ёсны хувилбар болох "Тавин саяын уналт" нэвтрүүлгийн талаар ярилцлаа.

"Эндэмол" компанийн зөвлөх продюсер Марике Франк

-Та өөрийгөө болон компаниа бас Монголд ирсэн зорилгоо илүү дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Би олон улсын шоу нэвтрүүлгүүдийн эрх эзэмшдэг "Эндэмол" компанийн зөвлөх продюсероор ажилладаг. Манай компани 31 оронд 80 салбартай, 2500 гаруй телевизийн шоу нэвтрүүлгийн эрх эзэмшдэг. Энэ салбартаа дэлхийд хамгийн том компани гэж хэлж болно. Бид дэлхий даяар шоугаа танилцуулж, сурталчилж аялдаг. Одоогоор дэлхийн 40 гаруй оронд "Money Drop" шоу нэвтрүүлэг албан ёсны эрхтэйгээр цацагдаж байна. Би Монголд "Money Drop" шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэхэд зориулан техник болон агуулга, хэлбэрийн хувьд зөвлөхөөр ирээд байна. Улс орон бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой, телевизийн салбарын хөгжил нь харилцан адилгүй боловч тус шоу нэвтрүүлэг нь орон бүрт нэгэн стандарт, төвшинд цацагдах ёстой. Энэ ч үүднээс "Монгол масс медиа" компани тэр дундаа "Боловсрол суваг" телевизтэй хамтран ажиллаж байна.

-“Монгол масс медиа” групптэй хэрхэн холбогдсон бэ?

-2011 оны арванхоёрдугаар сард Сингапур улсад болсон Ази бүсийн  форумд "Эндэмол" компани болон "Монгол масс медиа" компани оролцсон юм. Энэ форумын үеэр тус компанийн удирдах ажилтнууд бидэнтэй уулзсан. Манай компани олон улсад эзэмшдэг шоу нэвтрүүлгүүдээ танилцуулсан юм. Эдгээр нэвтрүүлгийн дундаас "Money Drop" шоу тэдэнд маш их таалагдаж, худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн билээ. Ингэж бидний хамтын ажиллагаа эхэлсэн дээ.
 
-"Money Drop" шоу бусад шоу нэвтрүүлгүүдээс ямар ялгаа, онцлогтой вэ? 

-Энэ бол асуулт, хариултын шоу. Хүмүүсийн ерөнхий мэдлэгийг сорьдог. Хэрвээ та бүх асуултад зөв хариулбал асар их хэмжээний мөнгө хожиж, саятан болох боломжтой. Шоуны албан ёсны эрхийг худалдан авсан улс орон бүр өөр өөр мөнгөн дүнг оролцогчдод санал болгодог. Тухайлбал, Монголын хувьд 50 сая төгрөг. Нөгөө талаар ихэнх шоунууд бага мөнгөнөөс өсөх шатлалтай явагддаг бол манай шоу нь их мөнгөнөөс хасагдах журмаар тоглодог. Энэ нь оролцогч, үзэгчдийн хандлага, сэтгэл зүйд бүрэн нөлөөлж чаддаг. Мэдээж их мөнгөнөөс эхэлсэн мөртлөө шоуны төгсгөл ойртох тусам мөнгө нь багассаар байвал мөнгөний төлөөх өрсөлдөөн улам ширүүснэ. Энэ чинь л шоу нэвтрүүлэг шүү дээ. 

-"Money Drop" шоу нэвтрүүлгийн Монгол дахь албан ёсны хувилбарыг үзэгчдэд хүргэхэд "Эндэмол" компанийн зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Манай шоу нь тайз, гэрэл, техник тоног төхөөрөмж, хөтлөгч, оролцогч, зритель үзэгчид, төслийн багийнхан гэсэн телевизийн салбарын бүхий л чухал хүчин зүйлс, бүрэлдэхүүн хэсгүүдийг цогцоор нь шаарддаг. Тиймээс ч бид Монголын "Тавин саяын уналт" шоу нэвтрүүлэгт дээр дурдсан бүх шаардлагыг тавьж байгаа. Жишээлбэл, хөтлөгч гэхэд нэг минутын хугацаанд хоёр оролцогчдод мөнгөө хувааж тооцоолоход нь туслах, зөв хариулт олохыг хамтдаа эрэлхийлэх, үзэгчдийг хөгжөөх үүрэгтэй. Хамтын ажиллагааны хүрээнд "Боловсрол суваг" телевиз өөрийн нөөц бололцоогоор олон улсын стандартад нийцэхүйц шоу нэвтрүүлэг бэлтгэхээр ажиллаж байна. Бидний дүгнэж байгаагаар тайз засал, гэрлийн үзүүлбэр, техник тоног төхөөрөмж нь бусад улсын "Money Drop" шоунаас дутахааргүй хангагдсан гэж үзэж байна. 

Түүнчлэн "Money Drop" шоуны эрхийг авсан "Боловсрол суваг" телевизийн гүйцэтгэх продюсер Н.Отгонбаттай уулзлаа.


-"Money Drop" шоуны албан ёсны эрхийг хэрхэн авсан бэ? 

-Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх асуудал хүчтэй яригдаж байна. Энэ ч үүднээс "Боловсрол суваг" телевиз энэ салбарт хууль ёсны дагуу контент нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Одоогоор "X Factor", "American Idol", “America’s Got Talent” зэрэг дэлхийн алдартай, хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчиддээ хүргэж байна. Энэ бүхний үргэлжлэл болгож олон улсад нэр хүндтэй шоу нэвтрүүлгүүдийн эрхийг эзэмшигч "Эндэмол"  компанийн алдартай шоу болох "Money Drop" нэвтрүүлгийн албан ёсны эрхийг авлаа. Олон улсын стандартын дагуу тус шоу нэвтрүүлгийг Монголын үзэгчдэдээ хүргэх үүднээс тайз, гэрэл, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал зэрэг бэлтгэл ажлыг сар гаруй хугацаанд базаасан юм. Тун удахгүй шинэлэг өнгө төрхтэй "Тавин саяын уналт" шоу нэвтрүүлгээ үзэгчдэдээ хүргэх болно.

-"Тавин саяын уналт" шоу нэвтрүүлэг телевизийн салбарт албан ёсны эрхтэй контентийн эхлэл болж байгаа бол үзэгчдэд хэр хүртээмжтэй, ямар боломж олгох вэ?

-Уг төслийг хариуцаж буй манай телевизийн гол зорилго нь гэр бүл, найз нөхдийн хүсэл мөрөөдөл, зорилгыг биелүүлэхэд тусалж, ялагч болгох юм. Хамгийн гол нь шоуны оролцогчид тодорхой хэмжээний мэдлэгтэй, логик сэтгэлгээтэй, мөн дээр нь бага зэригийн азтай бол ялагч болох бүрэн боломжтой.

-"50 саяын уналт"-аас гадна өөр ямар шоуг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна вэ?

-Бид "Тавин саяын уналт" шоутай зэрэгцүүлэн "Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?" шоун дээр ажиллаж байна. "Juita Viden" компанийн эрх эзэмшдэг тус шоу нэвтрүүлэг албан ёсны эрхтэйгээр, олон улсын стандартад нийцсэн тайз засал, дуу дүрсний өндөр чанартай удахгүй үзэгчдийн хүртээл болно. Манай телевизийн контентийн гол бодлого нь "Энтертайнментээр боловсрол олгох" юм. Энэ ч үүднээс олон төрлийн танин мэдэхүйн чанартай, сонирхолтой нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

Үзэгчдийн танил "Тавин саяын уналт" шоу нэвтрүүлгийн хөтлөгч Д.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.

-"Эндэмол" компаниас "Тавин саяын уналт" шоу нэвтрүүлгийн хөтлөгчид ямар шаардлага тавьж байна?

-Орчин үеийн, дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг манай хэвлэл мэдээллийн зах зээлд нийлүүлэхээр "Боловсрол суваг" телевиз ажиллаж байна. Тус шоу нэвтрүүлгийн эрхийг эзэмшигч "Эндэмол" компаниас тодорхой баримтлах зарчим, нөхцөл шаардлагуудыг бидэнд тавьсан. Энэ ч үүднээс миний хувьд "Тавин саяын уналт" шоу нэвтрүүлгээ ямар өнгө төрхтэй хөтлөх вэ гэх зэргээр бодож боловсруулах зүйл гарч байна. Шоу нэвтрүүлгийн бэлтгэл ажил, зураг авалт нь томоохон хэмжээний үйлдвэрлэл учраас аль ч шат дамжлагын үед алдаа гаргаж болохгүй. Тиймээс ч маш хариуцлагатай байх үүрэг хүлээн ажиллаж байна. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж