-Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас хямралд орж байгаа юу?
-Манай улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт хөгжлийн хурдацтайгаа шууд уялдаатай явж иржээ.Аж үйлдвэрийн үндсийг тавьж эхэлсэн 1934-1939 онд арав гаруй дахин, 1939-1960 онд найм гаруй дахин, 1960-1980 онд 14 гаруй, 1980-1990 онд бараг хоёр дахин их цахилгаан үйлдвэрлэж байлаа. Үүнийг дагаад эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ, нүүрсний уурхайнуудыг барьж байгуулсан.Цаашид үйлдвэржилт, хотжилтын асуудлыг шийдвэрлэхэд эхлээд түлш, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх зорилтыг 1961 оноос дэвшүүлж, богино хугацаанд их ажил хийсэн. Эргээд харахад энэ салбар 20-30 жилээр түрүүлж хөгжжээ. Үүний ачаар л өдий зэрэгтэй явж байна.
1960-1990 онд нөөц баялгийг дээд хэмжээгээр ашиглаж, цахилгаан станцыг шинээр барьж, хүчин чадлыг нэмэгдүүлэнөндөр хүчдэлийн шугамууд татаж, төвийн бүсэд төвлөрсөн эрчим хүчний систем байгуулах, нүүрсний орд ашиглах, бусад төрлийн түлш, эрчмийн эх үүсвэрийг хэрэглэх зэргээр түлш, эрчим хүчний аж үйлдвэрийг түргэн хурдацтай хөгжүүлсэн. Инженер техникийн ажилтан, эрдэмтдийг гадаад, дотоодод бэлтгэн үндэсний боловсон хүчинтэй болж, эрчим хүчний суурилсан хүчин чадлыг 61-984 МВт хүргэн Улаанбаатар зэрэг томоохон хотын дулаан хангамжийг ДЦС-д хослон үйлдвэрлэх замаар хангаж ирлээ. ТЭХС, ББЭХС-ийг байгуулснаар хот, суурингуудын 30 орчим хувийг төвлөрсөн шугамд холбосон. Гэвч 1980-аад онд чадлын дутагдалд орсноос ачааллаа даахгүй болж, 1990 онд материал сэлбэг, тоног төхөөрөмжүүд ерөнхийдөө элэгдэж муудсан юм. Гэтэл одоо дахиад чадлын дутагдалд орж, 30-50 жилийн настай станцуудын тоног төхөөөрөмж нэгэнт хуучирчээ.
Монголын эрчим хүчний ассоциацийн эрдэмтэд, зөвлөх мэргэжилтнүүд Дорнод бүсийн эрчим хүчний систем болон “ДЦС-4” ТӨХК-ийн өргөтгөлийн судалгаа хийх явцад эрчим хүчний хэрэглээ2020 он гэхэд 2-3 дахин, шинэ хэрэглэгчдийг оруулан тооцвол үүнээсч их өсөхөөр байна. Иймээс тус салбарын хөгжил хэрэглээгээ гүйцэхгүй, тоног төхөөрөмж бүхэлдээ хуучирч муудсан зэргээс эрчим хүчний хямралд орж байна. Харин манай салбарын инженер техникийн ажилтнууд эдгээрийг маш сайн ажиллуулж байгаа учраас л иргэд бэрхшээийг одоохондоо бараг мэдрэхгүй байгаа юм. Барилгын салбарт дулаан дутагдалтай байгаагаас 70 гаруй барилгыг төлөвлөрсөн шугамд холбож чадахгүй байна гэж Улаанбаатар дулааны шугам сүлжээнийхэн ярьж байна. Дулаанд холбох зөвшөөрөлгүй сууцанд захиалга өгч хохирвоо гэж интернэтэд бичсэн байна шүүдээ. Одооноос эрчим хүчний салбар улс орны хөгжлийг урагш хөтөлж чадахгүй, амиа аргацаасан байдалд орлоо.
-Монгол Улсын эрчим хүчний засаглалын үнэлгээний тайланд энэ салбарын хөгжилд дунд дүн тавьжээ. Гэтэл цахилгаан, дулааны төрийн өмчит 18 компанийг хувьчлахгүй байгаа нь зөв үү?
-Бид Монголын нээлтэй нийгэм форумын захиалгаар тусгай аргачлалын дагуу хийсэн судалгаагаа мэргэжилтнүүдэд нээлтэй танилцуулж хэлэлцүүлсэн. Ер нь сайн засаглал гэдэг бол нээлттэй, мэргэжлийн өндөр түвшинд гаргасан бодлого шийдвэрээ ягштал биелүүлдэг, хараат бус байх явдал юм. Гэтэл эрчим хүчний салбарын ажлыг зөв зүйтэй явуулахад бүрэн боломжтой олон хууль, тогтоомж гарсан ч тун хангалтгүй хэрэгжиж байна. Судалгаагаар 3.15 гэсэн дундаж үнэлгээ бол дунд сурлагатай хүүхэдтэй дүйх юмуу даа. Эрчим хүчний салбарыг сүүлийн үед дандаа мэргэжлийн бус хүмүүс удирдаж ирлээ. Цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг, дамжуулж түгээдэг төрийн өмчит хувьцаат компаниудын тодорхой хэсгийг ядаж тухайн үйлдвэрийн ажилчдад хувьчилж эзэмшүүлбэл хэрэгтэй олон сайн зүйл бий болно. Мэргэжлийн ажилтнууд үйлдвэрээ сайн ажиллуулбал цалингаас гадна ногдол хувь хүртэнэ, тэр хэмжээгээр чармайна. Үйлдвэрээ удирдахад хамт олны төлөөлөл оролцоно, тэгээд эрчим хүчний салбар нээлттэй, хараат бус болно.
-Нийслэлийн дулаан хангамжийн аюулгүй байдал алдагдсан, томоохон аваар осол гарахад нийтээр хөлдөх аюул нүүрлэнэ гэдэг хэр бодитой вэ?
-Ер нь эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг өдөр тутам төдийгүй цаг хором бүр үнэлж байх ёстой.Харамсалтай нь үүнийг хийхгүй байна. Энгийн жишээ хэлэхэд хуучирсан мотортой, олон нөхөөстэй муу дугуйтай машинд томоо чиргүүл чирээд цас ихтэй, өндөр уул даваатай газраар явж байгаатай адил байна. Ийм машинтай жолооч үргэлж л түгшиж явна даа. Сайн жолооч бол яаж ийж байгаад хүрэх л байх. Би түрүүндхэлсэн, манай салбарынхан сайн тулдаа л улс орны хөгжил дэвшилд хор хохирол, хүндрэл бэрхшээл учруулалгүй үйлдвэрлэлийг явуулж байна. Өнөөдөр дулааны хангамжийн эх үүсвэрийн боломжит хүчин чадал 1,585 гКал/ц байгаа ч 2010 онд хэрэглээ үүнээс давчихсан. Одоогийн ачаалал 1,815 гКал/ц хүрсэн нь үнэхээр эрсдэлтэй. Хотын захын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоогүй, хотын агаарын бохирдлыг бууруулж чадаагүй. Хэрвээ станцууд, шугам сүлжээнд ямар нэг аваар осол гарвал хотыг хөлдөөхгүй авч гарах хэцүү асуудал тулгарна. Саяхан хотын дулааны сүлжээний хуучирч муудсан шугамд гэмтэл гарсан шүүдээ. Иймээс олон жил ярьж байгаа ДЦС-5-ыг яаралтай барих хэрэгтэй. Иймээс байршлыг оновчтой сонгож, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх нь чухал. 1980-аад онд ДЦС-4-ийг барьж байж л одоогийнхтой адил бэрхшээлийг давж гарсан юм даа.
-ДЦС-5 болон сэргээгдэх эрчим хүчний станцыг яаралтай барьж ашиглалтад оруулахын тулд Засгийн газраас нэн түрүүнд ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Гаргасан шийдвэрээсээ эргэж буцалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо эрчим хүчний салбарыг бусад салбараас дор хаяж 10-аас доошгүй жилээр түрүүлүүлж, зөв бүтэцтэй салбар болгох зорилт тавьж хөгжүүлмээр байна. Үүний тулд чадлын хувьд бие биедээ саад болохооргүй, аль алийгаа дэмжсэн экологи, эдийн засгийн хувьд зохистой бүтцийг бий болговол сайн.Цахилгаан, дулааны үнэ тарифийг үе шаттай чөлөөлөх цаг болжээ.Манай ассоциацийн дэргэдэрдэмтэд, шилдэг мэргэжилтнүүд, зөвлөх инженерүүдээс бүрдсэн эрчим хүчний хүрээлэн ажиллаж байна. Бидэнд итгэл үзүүлбэл хамгийн зохистой хөгжлийн загварыг гаргаж чадна. Зарим үйлдвэрийн газар тооцоо судалгаа хийлгэж байна. Тухайлбал, ДЦС-4-ийн чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлэх судалгаа, урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж өгсөн. Засгийн газар зөвшөөрч, шуурхай шийдвэр гарган өргөтгөлийн ажил эхэллээ.
-Уул уурхайн хөгжлийг сааруулахгүйн тулд эрчим хүчний эх үүсвэрээ яаж зузаатгах вэ. Сэргээгдэх эрчим хүч ирээдүйн гол тулгуур мөн үү?
-Юуны түрүүнд томоохон чадлын ДЦС, УЦС барих шаардлагатай. Эрчим хүчний хэрэглээ хэд дахин өсөх гэж байна. Өсч байгаа хэрэглээнээс түрүүлж явах ёстой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь дэлхий дахины асуудал боллоо. Энэ салбарт олон жил ажиллаж, хобби болсон сэдэв минь болохоор байнга л судалгаа тооцоо хийж байдаг. ДЦС-5, Сэлэнгэ мөрний Шүрэнгийн УЦС, тэгээд нарны цахилгаан станц барих төслийг дэмжих ёстой. Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит уулын салхин цахилгаан станцын паркад Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Монгол Улс эрчим хүч импортолдог бус экспортолдог, эрчим хүчний аюулгүй байдлаа хангасан орон болох бүрэн боломжтой. Үүнийг манай салбарынхан хүсч байдаг. Ийм болгох эрдэмтэн мэргэжилтнүүд, мөн сэргээгдэх эрчим, нүүрсний арвин их нөөцтэй. Манай орны нүүрсний нөөц 162 тэрбум тн, АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторитой хамтран хийсэн судалгаагаар салхины нөөц 160 мянга гаруй кв. км талбай бүхий бүс нутагт их чадлын Салхин цахилгаан станц барьж ашиглахад тохиромжтой онцсайн салхины нөөцтэй. Манай улсын бүх аймаг дор хаяж 6000 МВт салхины эрчмийн нөөцтэй. Өмнөговь аймаг дангаараа 300 мянган МВт салхины эрчмийн нөөцтэй гээд бод. Ийм их эрчим хүчний нөөцтэй орон. Энэ бол алтнаас үнэтэй баялаг шүү.