Спорт дагасан хөгжил ба сүүдэр

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Спорт дагасан хөгжил ба сүүдэр

Монгол Улс 1964 онд анх удаа Токиогийн олимпод тамирчдаа оролцуулснаас хойш олимп алгасч үзээгүй өнөөдрийг хүрэх хооронд дэлхий ертөнц ч, жижиг буурай Монгол ч олон талаараа өөрчлөгдөн хөгжжээ. Өнгөрсөн зууны жараад онд дэлхий дахин үзэл суртлын хоёр талд хуваагдсан, энэ хэрээр олимпийн наадам эв нэгдэл, энхтайвны бэлгэ тэмдэг байх утга агуулгыг илэрхийлдэг байсан гэхэд болно. Харин өнөөдөр олимпийн наадам эв нэгдлийн илэрхийлэл гэхээс илүүтэй улс орнуудын хөгжлийг хэмжих нэгэн үзүүлэлт, цэвэр өрсөлдөөний талбар гэж харагддаг болсон байна. Өрсөлдөөний энэхүү талбарыг дагаж спорт хурдтай хөгжиж байгаа ч энэ хэрээр улам бүр арилжааны шинжтэй болж, мөнгө хөрөнгө, бизнес, хээл хахууль гэх зэрэг асуудлууд түүнийг сүүдэр мэт дагаж гарч ирэв. Бодитой нүүрлэсэн энэ байдал өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэйг сануулж, шахаж, шаардаж эхэлсний дагуу дэлхий дахинд спортын байгууллагууд, тэр дундаа Олон улсын олимпийн хороо өөрийн үйл ажиллагаа, дүрэм, ёс зүйн үнэлэмжээ өөрчлөн хөгжүүлж байна. Тэгвэл тэрхүү өөрчлөлт, шинэчлэлтийн үндсэн зарчим, агуулга нь юу вэ гэсэн асуулт урган гарч таарна.

Хөгжье гэвэл өөрчлөгдөх ёстой

Спорт бол мөнгө гэсэн хандлагаас татгалзах биш харин спортын байгууллагуудыг мөнгө дагасан бохир үйл ажиллагаанаас хол хөндий байлгах хаалт хашилтыг тавихад өөрчлөлт, шинэчлэлт чиглэж буй юм байна. Өөрөөр хэлбэл, тамирчин, дасгалжуулагчид болон спортын байгууллагад ёс зүйн код тогтоох, үйл ажиллагаа, санхүүжилтийг нь ил тод байлгах, ардчилал, сайн засаглалыг загварыг мөрдүүлэх нь өнөөдрийн өөрчлөлт, шинэчлэлийн гол зорилго болжээ. Гэтэл Монголын спортын ертөнцөд дэлхий дахины энэ хандлага, өөрчлөлт тусгалаа олж чадаж байна уу гэж асуувал “тийм” гэдэг хангалттай хариултыг хэн ч өгч чадахгүй биз ээ.

Ерээд оны нийгмийн тогтолцооны өөрчлөлтөөс хойш унаж босч яваа Монголын спортын салбарт олон талаар хоцрогдол нүүрлэсэн ч тамирчид маань Олимпийн наадмаас хошой алт, хошой мөнгөн медаль шүүрч чадсанд бид бахархдаг. Аль ч цаг үед олимпийн төрөлд тамирчдаа тасралтгүй бэлтгэж, амжилтыг нь ахиулж ирсэнд төр, засгийн болоод спортод зүрх сэтгэлтэй хувь хүмүүсийн гавьяа аль аль нь бий. Харин үүний цаана Олимпод оролцдог тамирчидтайн “буян”-аар оршин тогтнож ирсэн нэгэн байгууллага бий нь Монголын үндэсний Олимпийн хороо (МҮОХ) юм. Монголын үндэсний олимпийн хорооны дүрэм 2008 онд шинэчлэгдсэнээс хойш дахин сөхөгдөөгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ хэрээр дэлхий дахинд гарсан өөрчлөлт, тэр тусмаа Олон улсын Олимпийн хаартад орсон жилийн өмнөх өөрчлөлтөөс алд дэлэм хоцорчихоод байна.

Монголын үндэсний олимпийн хороо Засгийн газраас санхүүждэггүй. Олимпод оролцсон тамирчдын амжилт, идэвх зүтгэлээс хамааран Олон улсын болон Азийн олимпийн хорооноос санхүүжих замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ байдлаараа түрээ барьж, Засгийн газар, төрөөс хамаарахгүй, бие даасан хараат бус байна гэдэг эрх дархыг өөрсдөдөө өгч өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Гэтэл олон улсын жишгээс харахад тухайн орныг Олимпод төлөөлдөг байгууллага нь тамирчдыг бэлтгэхэд төр засагтайгаа маш ойр нягт, хамтран ажилладаг, тэгж байж хамтдаа өндөр амжилтад хүрдэг байх юм. Мөн олон улсын жишигт Олимпийн хороо болон олимпизмийг төр засаг нь улс төрийн зорилгоор ашиглахыг хориглодог нь үнэн ч энэ нь Засгийн газартайгаа хамтран ажиллахыг хориглосон үг огт биш. Харин Монголын үндэсний олимпийн хороо энэ талаарх ойлголтын зөрүүгээсээ болоод “Засгийн газраас хараат бус байна” гэдэг нэг л том хана хэрэм босгочихсон гэж салбарынхан нь шүүмжилдэг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хууль эрхзүйн орчинд нь өөрчлөлт хийж, спортын хөгжилд Засгийн газар, төр засаг нь ямар үүрэгтэй, Олимпийн хороо нь ямар чиг үүрэгтэй байхыг ялгаж, салгаж өгөх ёстой юм байна.

Хүн амаа эрүүл байлгах үүрэгтэйн хувьд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүргийг төр засаг нь  хүлээдэг. Үүний тулд биеийн тамирын заал талбай, цэцэрлэгт хүрээлэн, усан сан зэргийг барьж байгуулахад төрөөс хөрөнгө оруулалт хийдэг нь дэлхийн нийтийн жишиг юм байна. Нийтийн биеийн тамир хөгжсөн газарт л жинхэнэ мэргэжлийн спорт, мэргэжлийн тамирчид төрдөг байна. Тамирчдыг бэлтгэх, сургах, олимп, олон улсын тэмцээнд санхүүжүүлэх нь ч төрийн үүрэг. Энэ үүргээ Монголын төр засаг хүнд хэцүү цаг үед ч сайн, муу алин боловч гүйцэтгэсээр ирсэн, өнөөдөр ч гүйцэтгэж байгаа. Үүний үрээр тамирчид маань олимпод улсаа төлөөлөн амжилттай оролцож, энэ хэрээр Олимпийн хороо нэр хүндтэй, мөнгө төгрөгтэй яваагаа ямагт санаж, үйл ажиллагаагаа төр засгийн бодлоготой уялдуулах нь зүй ёсны асуудал юм. Мөн нэг талаар Олимпод Монгол Улсыг төлөөлж байгаа, нөгөө талаар олимпизмыг Монгол Улсад төлөөлж байгаагийн хувьд “хувийн байгууллага, компани”-ийн дүрмээр биш сайн засаглалын дүрмээр ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Олон Улсын Олимпийн хорооны шинэчлэгдсэн дүрмийг шууд тусгаж, сайн засаглалын загварт шилжих хэрэгтэй болсон байна. Орлого санхүүжилт, татвар, тайлан нь ил тод тунгалаг, олон улсад мөрдөж байгаа ёс зүйн кодыг өөрийн дүрэм, үйл ажиллагаандаа тунхагласан байгууллага болж өөрчлөгдөхийг Монголын үндэсний олимпийн хорооноос шаардах цаг болсон байна.

Монголд спортын холбоод болон МҮОХ нь өнөөдөр олон нийтийн байгууллагын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй. Харин олон улсад спортын байгууллагын тусгай хууль хэрэгждэг байна. Ийм тусгай хуулиар спортын байгууллагын шударга өрсөлдөөн, арилжаа, ашиг орлогынх нь зохистой хэм хэмжээ зэргийг зохицуулж, зааж өгдөг байна. Спорт бол өрсөлдөөн учраас энэ тэмцэл нь тамирчид, дасгалжуулагчдын хооронд амь бөхтэй хадгалагддаг. Өнөөдөр Монголын спортын холбоодын ихэнх нь дотроо хагарч, хуваагдсан байдгийн нэг шалтгаан нь багш дасгалжуулагчдынх нь тамирчин байх үеийнх нь өрсөлдөөнөөс улбаатай байдаг.

Спортын холбоодын хагарлыг МҮОХ ашигласаар ирсэн

Тухайн улс оронд нэг спортын төрөлд нэг л мэргэжлийн холбоо байхыг Олон улсын Олимпийн хороо болон бусад байгууллагууд шаарддаг. Гэтэл манайд спортын холбоод нь хэд хэдэн “толгой”-той буюу хэд хэд хуваагдсан байна. Олимпийн төрөлд багтдаг спортынхон ч адилхан хагаралтай, олимпод багтдаггүй нь ч адилхан хуваагдмал. Олон улсын олимпизмын хөдөлгөөнд Монголоо төлөөлдөг МҮОХ энэ хуваагдлыг зогсоох, эвлэрүүлэх битгий хэл харин ч дөгөөж, өнөөгийн удирдлагын баг нь тэрхүү хагарлыг өөрсдөдөө ашиглаж ирсэн гэж харагддаг. Учир нь МҮОХ-ны чуулган нь 90 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд спортын холбоодын удирдлага нь энэ 90 дотор багтдаг байна. Дүрэм журам батлах, МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох эрхтэй 90 гишүүн дотор аль спортын холбооноос хэнийг нь оруулбал өнөөгийн удирдлагын багт ашигтай вэ? Ийм байдлаар асуудалд хандаж, спортын холбоодын дотоодын хагарлыг зохицуулах биш, даамжруулах, ашиглах бодлогыг МҮОХ-ны удирдлагууд ил, далд баримталж ирсэн гэж тогоон дотор нь хутгалдаж яваа хүмүүс шүүмжилж байна. Өнөөдөр МҮОХ-ны ээлжит чуулган болж, ерөнхийлөгчийг сонгоно. Уг сонгуульд санал өгөх гишүүдийг мөн л шударга, ил тод байдлаар биш “хуйвалдааны” зарчмаар сонгосон гэдэг шүүмжлэлийг нэр бүхий хүмүүс хэвлэлээр ил тод хэлж байна. Чуулганы төлөөлөгчөөр аймаг төлөөлж ирж буй хүмүүс л гэхэд МҮОХ-ны өнөөгийн удирдлагуудын “сонголт”-оор нийслэлд ирсэн байх жишээтэй. Чуулганы төлөөлөгчдийг өөрсдийн талд бүрдүүлсний учир нь гэвэл өнөөгийн удирдлагын баг, тухайлбал, ерөнхийлөгч Д.Загдсүрэн дахин уг албан тушаалдаа сонгогдох хүсэлтэй байгаа. Тэрээр энэ албан тушаалд 2001 оноос хойш сонгогдон ажиллаж байна. Одоо дахин сонгогдвол 15 жил ажиллах болно. Олон нийтийн статустай байгууллагын сонгуульт албан тушаалыг “өмчилсөн” мэт ийм олон жилээр хаших гэж улайрах шаардлага ч, ёс зүй ч түүнд байхгүй гэдэгт найдаж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр сайн ажилласан байж болох ч ямар ч албан тушаалд нэг хүн ингэж удахаараа хэвшмэл болох, шинийг эрж эрэлхийлэх чадвар нь буурдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.

МҮОХ-г тойрсон шүүмжлэл өнөөдөр л өрнөж буй юм биш. Өмнө нь гарч байсан шүүмжлэл, шинэчлэл хүссэн санаачлагуудыг өнөөгийн удирдлагуудад дарсаар, тойрсоор өнөөдрийг хүрсэн байна. Тийм учраас өөрчлөлт, шинэчлэлийг хүсч буй бол юуны өмнө удирдлагаа, менежментээ өөрчлөхөөс эхэлье гэж олон хүн хүсч байгаа юм байна. Ер нь Монголын спортын бодлого, спортын байгууллагуудыг өөрчлөх нь шүүмжлэл хэлж яваа хэдхэн хүний амбици, хэсэг хүний хүсэлт төдий зүйл биш юм. Энэ бол дэлхий дахины чиг хандлага, шахалт, шаардлага юм. Олимп бол Монгол Улсын хувьд өөрийгөө илэрхийлэх нэг гарц. Олимпод Монголыг төлөөлдөг МҮОХ гэх энэ байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт бол хэдхэн хүний асуудал биш нийт монголчуудын эрх ашиг юм шүү.

Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж