Гэвч энд зөвхөн түүхий эд ч наймаалцдаг бус хэрэм, тарваганы арьс, бугын чив гээд хориотой, ховор зүйлсийн наймаа энд өрнөдөг гэх. Өнгөрсөн жил л гэхэд Эмээлт захад хоёр ихэр бамбаруушийг “бондойтол” суугаа чигээр нь хөлдөөчихсөн, урагш гаргана гэлцэж байсан гэдэг. Чухам юунд хэрэгтэйг мэдэхгүй ч хөлдөөсөн бамбаруушаас эхлээд чонын мах гулууз гулуузаар нь худалдаалдаг гэх.
Бил Эмээлт захад нар хэвийж байх үед очсон болохоор түүхий эд худалдан авдаг цэгүүдийн ихэнх нь хаалттай байлаа. Харин миний аз таарч, бага оврын ачааны тэрэгнээс хонины нэхий, ямааны арьс буулгаж буй хэдэн хүнтэй таарсан юм. Тэдэнтэй арьс шир өгөх гэж буй хүний дүрээр уулзаж хэдэн зүйл асуулаа. Эмээлт зах дээр адууны арьс 44000, үхрийн шир хэмжээнээсээ хамаараад 30000-аас дээш, ямааны арьс 18-20 мянга, хонины нэхий 8000 төгрөгийн үнэ ханштай байгаа юм байна. Дээрх арьс, нэхийг худалдан авч буй залуутай ярилцаад зогсч байтал “Хурдан удмын залуухан морь таван зуун сая гэж байгаа шүү” гэсээр нэг хүн дөхөж ирлээ. Хэнтий аймгаас ирсэн гэх энэ хүнд хурдан мориноос гадна ур хийц сайтай хөөрөг байгаа гэнэ. Тэрээр уг хөөргөө “Эртний эд” хэмээн магтаад намайг яг л авах юм шиг тайлбарлаж байлаа. Хөөрөгний үнэ зургаан сая төгрөг. Нэгэнт худалдан авч чадахгүйгээс хойш хөөрөгний эзнээс холдлоо. Харин өөрийгөө Болдоо хэмээн танилцуулсан 16-18 насны нэг хүүтэй яриа өдлөө. Тэрээр “Өдрийн доод тал нь 30000-аар ажилладаг” гэж байна. Гэхдээ буулгах ачааны хэмжээнээс хамаараад ажлын хөлс нь нэмэгддэг гэнэ. Ачигч нарын хувьд хамгийн хүнд үе бол өдийд байдаг. Хөлдүү мах, арьс шир хурууных нь өндгийг хайрч, гэртээ харихад хорсч өвддөг гэж Болдоо хэлж байлаа. Эмээлт захын үнэ ханшийг нэгэн үе хятадууд тогтоодог байсан бол харин одоо тэд бараг л үзэгдэхээ больжээ. Тэрээр үүнд их баяртай байгаагаа хэлж байсан юм.
Шинэхэн танилууд маань асуултад маань овоо хариулж байсан ч, тэд миний ямар хэргээр явж байгаа, юун хүн болохыг гадарлачихлаа. Тэдэнд намайг барьж өгсөн зүйл бол “Хүдрийн заарыг хэдээр авдаг вэ?” гэсэн асуулт байлаа. Түрүүнээс хойш ачигч нараа хурдан ажиллахыг шаардаж байсан том гүзээтэй эр нэг сүрхий харснаа машиндаа ороод суучихлаа. Нэгэнт л баригдсанаас хойш одоо дүүрсэн хэрэг гээд машиных нь баруун хаалгыг татаад “Хэрэм, тарваганы арьс орж ирэх нь нэг үеэ бодвол багассан биз дээ” гээд асуучихлаа. Харин өнөөх эр маань хориотой наймааны үнэ ханшийг би мэдэхгүй гээд урд суудлаасаа шар тортой зүйл авч хойш тавьсан нь нилээд хэдэн хэрэмний арьс байсан юм. Нэгэнт энэ хүнээс юм олж мэднэ гэдэг өнгөрсөн хэрэг болсон болохоор өөрт минь элгэмсүү байсан ачигч нар дээрээ эргэн очлоо. Тэдний ярьж байгаагаар бол хэрэм, тарваганы арьс машин, машинаараа орж ирдэг байснаа бодвол багассан ч бага хэмжээгээр ирсээр байгаа аж. Мөн манай орны нэн ховордсон амьтан болох халиун бугын чив сүүлийг нэг граммыг нь 150-200 мянган төгрөгөөр худалдан авдаг байна. Хангайн нуруу, Хөвсгөлийн тайгад аз таарвал л харж болохоор ховордсон Хүдэрийн заар ч гэсэн иймэрхүү үнэтэй байдаг ажээ. 1986 онд манай оронд 44 мянган хүдэр тоологдсон байдаг. Харин үнэртэн гоо сайхны үндсэн түүхий эд болох мускон гэдэг бодисыг агуулдаг заарнаасаа болоод дээрх тоо 500 хүрэхтэй үгүйтэй болтлоо багассан гэсэн тоо баримтыг 2010 онд гаргасан юм. Нэгэнт “тагнуулын ажиллагаа” маань тэгэс гээд нурсан болохоор буцахаас өөр аргагүй боллоо. Биднийг хөдлөхөд Эмээлт захыг чиглэн, дүүрэн ачаатай том машин их дуу гарган ирж явлаа, ямар “наймаа”-тай яваа бол доо…