Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Буу барьсан залуухан америк хагас автомат нэг, хоёр гар буугаар зэвсэглэн бага сургууль руу орж 28 хүний амийг бүрэлгэв. Энэ нь АНУ-ын түүхэнд хоёр дахь олон хүний амь насыг авч одсон сургуулийн халдлага болж түүхэнд үлдэв. Аймшигт Хойд Америкад өрнөж байх үед 13 гаруй мянган км-ийн цаана Хятад улсад үүнтэй төстэй хэрэг гарсан юм. Гэхдээ зэвсэг нь өөр. 36 настай нэр нь үл мэдэгдэх хятад эр сургуулиасаа тарж явсан хүүхдүүдийг замд нь отон хутгалж амийг нь хороожээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар үүнээс ч олон хохирогч байх магадлалтай аж. Маш адилхан тохиолдол. Гэхдээ АНУ-д 20 настай залуу энэ хэргийг үйлдсэн бол Хятадад 36 настай нас ахиж яваа хүн энэ хэргийг үйлджээ. Дараа нь үүдэн гарсан хариу үйлдэл, хуулийн өөрчлөлтийн тухай санаа сэдэл нь санаанд оромгүй адилхан. 6-7 насны 20 хүүхэд дэндүү эрт хорвоог орхисны дараа АНУ галт зэвсгийн хяналтын тухай хуулийг өөрчлөхөөр болсон бол Хятад улс 22 хүүхэд хэрцгийгээр нас барсны дараа хутга, мэс хэрэглэх чанга хууль батлахаар боллоо.

“Газар нутаг, хил хязгаар, улстөрийн үзэл санаа, нийгмийн байгууллаараа тэс өөр энэ хоёр улсад ижил төрлийн гэж хэлж болох хоёр хэрэг гарлаа. Энэ нь зэвсэг хэрэглэлт болоод түүнд тавигдах хяналтыг чангатгаж, томоохон бодлого боловсруулах шаардлагатайг харуулж байна” гэж Хонгконгын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн социологич, доктор Динг Шуелианг ярьжээ.

Буу барьсан Сем авга

1812 онд америкчуудын домгийн дүрийг бий болгох үүднээс мах бэлтгэгч Самуэль Вилсоноор төсөөлсөн байж магадгүйгээр Сем авга гэх нэрийг өгчээ. Энэ бол нэг ёсондоо домгийн дүр. Түүнээс хойш дэлхий даяар америкчуудыг “Сем авгын эх орон” гэж нэрлэх болсон билээ. Үүнээс хойш Сем авга бүх америкчуудын бэлгэ тэмдэг болсон юм. Харамсалтай нь, сүүлийн үед Сем авгыг буу барьснаар төсөөлөх болсоор удлаа. Сүүлийн үед ч гэж 1968 онд галт зэвсэгт хяналт тавих хууль батлагдсанаар Сем авгыг буутай төсөөлөх болжээ. Үүний тод илрэл нь өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Коннектикут мужийн Нью-Таун хотын бага сургуульд болсон аймшигт хэрэг. Ердөө 6-7 настай балчир үрсийг амьдралын босго дөнгөж алхаж байгаа 20 настай залуу хэдхэн минутын дотор, ганц гох дараад хороож орхив. “АНУ-д галт зэвсэг зарах, авах асуудал маш амархан бараг хяналтгүй шахам байдаг болохоор хагас автомат, автомат, гар буу, ерөөс галт зэвсгийг ашиглан гэмт хэрэг үйлдэх нь түгээмэл байдаг” гэж доктор Динг ярьсан байна.

АНУ нэг хүнд ногдох галт зэвсгийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Сидней хотын их сургуулийн судалгаанаас харвал АНУ-ын 100 хүн тутмын 88 нь ямар нэгэн галт зэвсэгтэй гэх судалгаа гарчээ. Араас нь Серби улс 58, Йемен улс 54, Финлянд болон Швейцарь улс тус бүр 45 буу оногддог гэсэн үзүүлэлтээр араас нь жагсчээ. Харин хүчирхийллийн үүднээс аваад үзвэл АНУ бас л тэргүүлнэ. Жил бүр АНУ-д галт зэвсгийн улмаас 100 мянган хүн тутмын 4 нь нас бардаг ажээ. Үүнийг хүн амд нь шилжүүлээд бодвол жил бүр гурван сая хүн нас бардаг болж таарч байгаа юм. Энэ бол өндөр үзүүлэлт.

Хутгатай улаан луу

Азийн Хятадад ч гэсэн бас нэгэн асуудал бий. Өнгөрсөн баасан гаригт Хятад улсад болсон энэхүү халдлагын улмаас 22 хүн нас барж, 26 хүн гэмтжээ. Энэ бол 2000 оноос хойш гарч байгаагүй олон хүний амь насыг авч одсон эмгэнэлт хэрэг болсон юм. АНУ-аас ялгаатай нь дорнын Хятадын энэ хэрэг хутгатай холбоотой. Хутга барьсан этгээд 22 хүүхдийг ямар ч шалтгаангүйгээр хороосон. 12 жилийн өмнө Хятадад гарч байсан тэр хэрэг ч хутга мэсээр үйлдэгджээ. 20 настай залуу сүхээр зэвсэглэн 20 гаруй настай хүнийг цааш нь харуулсан нь тогтоогдсон юм. Баригдсанаасаа хойш ердөө гуравхан өдрийн дараа түүнийг цаазалжээ. Цаг хугацааг өнөөдрөөс үл ялиг урагшлуулаад 2010 онд очвол бас л танил дүр зураг биднийг угтана. 2010 оны дөрөвдүгээр сард ирт хутгаар зэвсэглэсэн нэгэн эр орон нутгийн нэгэн сургууль руу халдаж найман хүүхдийг хөнөөж, 44 хүүхдийг эрэмдэг болгон орхижээ. Яг энэ үйл явдал болж байх мөчид Хятадын өөр хоёр мужид бага насны хүүхэд хутгалж хороосон хэрэг гарч байсан аж.

Хятад улсад заазуурнаас том, сэлэм, сүх мэтийн зэвсгийг худалдаж авахад л үндэсний хэмжээний регистрийн дугаартай үнэмлэх өгдөг байсан. Харин жижиг болон ердийн хэмжээтэй хутгыг худалдаж авахад илүү баримт бичиг бүртгэлийн хуудас шаарддаггүй байж. Хонг-Конгын их сургуулийн социологийн тэнхимээс сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын дунд болон ахлах сургуулийн аюулгүй байдалд судалгаа явуулжээ. “Тэд сургууль руу орж байгаа эцэг, эхчүүдэд тэр болгон нарийн шалгалт хийгээд байдаггүй нь тогтоогдсон. Хэрэг үйлдэх байгаа насанд хүрсэн хүмүүс зүгээр л хүлээж зогсч байгаад хүүхдүүдийн хичээл тараад бужигнах тэр үед гэнэт хутга гарган аймшигт хэргээ үйлдэж эхлэдэг. Уг нь сургууль руу орж байгаа хүүхдүүдийг маш сайн шалгадаг мөртөө насанд хүрэгсдийг тэр болгон шалгаад байдаггүй. Энэ дэлхий ертөнц чинь 50 жилийн өмнөхөөс илүү өөрчлөгдөөд байгаа шүү дээ. Илүү харгис, хэрцгий, өрөвдөх сэтгэлгүй болж өөрчлөгдөж байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэж доктор Динг ярьжээ.

Үүнээс гадны зэвсгийн хараалд идэгдсэн өөр олон орон бий. Ихэвчлэн хөгжилтэй орнууд. Норвеги, Австрали, Швед, Дани, Герман гэх мэтчилэн. Шотландад л гэхэд гар бууг биеэ хамгаалах хэрэгсэл гэж үздэг учраас тэр болгон нарийн зөвшөөрөл шаардаад байдаггүй. Үүнээс үүдсэн халдлага ч 1996 онд болж байсан. Дандлен хотод болсон энэ халдлагыг нэгэн дунд сургуулийн багш үйлдсэн бөгөөд ангийнхаа 16 хүүхдийг буудан хороожээ. Норвеги улс тэсэрч дэлбэрэх бодисонд тэр бүр хяналт тавиад байдаггүй. Үүнээс үүдэн Андрес Брейвик 2011 онд дэлбэлэлт үйлдэж 77 хүний амийг хөнөөж. 21 жилийн ялаа эдэлж жирийн дэглэмтэй хорих ангид блогоо хөтлөн, интернетээр хэсүүчлэн суугаа. Гээд дурьдаад байвал мундахгүй олон. Тиймээс олон хүний амь насыг хороох үзэгдлийг зогсоох үүднээс дэлхий дахин анхаарах цаг болсныг баасан гаригт дэлхийн хоёр өөр улсад болсон хэрэг явдал харууллаа.

Буутай Америк, хутгатай луу эхнээсээ зэвсгээ хаях үйлдлээ хийгээд эхэлчихсэн. Гэхдээ…

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж