-Хүүгийн биеийн байдал, сэтгэл санаа ямар байгаа бол. Та холбоотой байгаа юу?
-Хүүгийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан. Одоо ээжтэйгээ байгаа гэсэн. Манай улсын хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмнэлгээс гараад хаачих вэ гэдэг нь тодорхойгүй байдаг юм билээ. Миний бодлоор гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг дахин нэг харж, сайжруулах хэрэгтэй юм шиг санагдсан. Гадны орнуудад бол өөр байдаг.
-Тэр өдөр таныг ороход ээж нь бас хүүд хатуу хандаж байсан гэдэг үнэн үү?
-Тэр орой би 22.00 цагийн үед гэрээсээ гарсан юм. Тэгэхэд хүүхэд уйлж байгаа сонсогдсон ч нэг их анзаараагүй. Гэтэл хоёр цаг гаруйн дараа эргээд ирэхэд хүүхэд уйлсан хэвээрээ байсан. Ээждээ зэмлүүлээд уйлж байгаа хүүхдийн дуу, хэрцгийгээр зодуулж байгаа хүүхдийн дуу ялгаатай шүү дээ. Тийм болохоор сандраад хаалгыг нь нүдэж байгаад орсон. Намайг ороход хүүгийн нүүр хэсэг нь цус болсон, хоёр гар, ууц нуруу, хүзүү нь түлэгдчихсэн байсан. Хараад элэг эмтэрмээр болсон. Би тэр болгон уйлаад байдаггүй. Тэгэхдээ тэр үед хүүг хараад өөрийн эрхгүй өрөвдөж, уйлсан. Үнэхээр тэсээгүй. Хамгийн хачирхалтай нь хойд эцэгтээ зодуулж байгаа хүүгээ ээж нь өмөөрөхгүй байсныг гайхсан. Намайг гэрт нь ороход ээж нь хүүгээ нууж, арагшаа түлхээд л. Үнэхээр хүүхдэдээ туслая гэж бодож байсан бол “Хүн дуудаарай” гэх байсан болов уу. Тэгтэл ээж нь “Хүүхдээ зоддоггүй монгол хүн гэж хаана байсан юм” гээд хүүг авч гарах гэсэн намайг цохиж, хөөж гаргасан.
-Өөрийн тань мэдүүлгээр ээжид нь ямар нэгэн хариулага тооцож, шалгаж болоогүй юм болов уу?
-Гэрчийн мэдүүлгээр ээжид нь ямар нэгэн хариуцлага тооцож болохгүй гэж байсан.
-Хүүг өмнө нь байнга зоддог байсан гэж гэрчүүд мэдүүлсэн гэсэн?
-Би дүүгийндээ сүүлийн гурван сар амьдарч байгаа юм. Ажиглахад, тэр айл ам бүл гурвуулаа мөртлөө байнга хэрүүл, шуугиантай байдаг юм шиг санагдсан.
-Хойд эцэг нь гэрчээр мэдүүлэг өгч байхад өөрөө байлцсан гэсэн. Гэмшиж байх юм уу?
-Тийм шинж анзаарагдаагүй. “Хүүхдээ зодож болохгүй болчихсон юм байна л даа” гээд уцаарлангүй байсан. Эцэг хүн үр хүүхдээ буруу зүйл хийвэл шүүмжлэлтэй, хатуу хандаж болно. Гэхдээ халуун галаар түлж, ууц нуруугий нь хөх эрээн болж, хөдөлж чадахгүй болтол нь зодож нүднэ гэдэг байж боломгүй явдал шүү дээ. Тийм болохоор энэ явдлаас олон хүмүүс сургамж авсан байх гэж бодогдсон. Гэр бүлийн далд хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүд олон бий. Тэдэнд тавих нийгэм, олон нийтийн байгууллагын анхаарал ч цаашид идэвхижих байх гэж найдаж байгаа.