Хэн тэтгэвэрт гарахдаа тэтгэмж авах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Хэн тэтгэвэрт гарахдаа тэтгэмж авах вэ?

Боловсролын салбарынханд зориулсан тэтгэмжийн цар хүрээ, хүртэх хүний тоо 2013 оноос эхлэн нэмэгдэж байна. Үүний нэг нь сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсад тэтгэвэрт гарахад нэг удаа олгох мөнгөн тэтгэмж 2013 оны улсын төсвийг хэлэлцэхдээ Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн баталсан юм. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж зөвхөн төр, орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгт ажиллагсдад хамаарахаар хуульчилсан билээ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч сургалтынменежер, зохицуулагч, нийгмийн ажилтан, аргазүйч, дадлагын болон дотуур байрны багш,  цэцэрлэгийн туслах багш гэсэн албан тушаалд 25 жил тасралтгүй ажилласан бол тэтгэмж авах хууль шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Хэн нэг удаагийн мөнгөн тэтгэмжинд хамрагдахыг Боловсролын тухай хуулийн 43.1.2-т тодорхойлон заасан байна. Нийслэл, аймгийн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш, ажилтан тэтгэвэрт гарахдаа  24 сарын үндсэн цалинтайгаа тэнцэх мөнгөн тэтгэмж авна. Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10-аас доошгүй жил ажилласан багш, хуульд заасан бусад албан тушаалтан 36 сарын цалинтайгаа тэнцэх мөнгөн тэтгэмж хүртэх юм. Төр, орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нь мөнгөн тэтгэмж олгох ажил 2014 оноос хэрэгжинэ. Нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, слесарь, цахилгаанчин, слесарь зэрэг албан тушаалд 25-аас доошгүй жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 12 сарын цалинтайгаа тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүртэнэ. Сум, баг, тосгоны сургууль, цэцэрлэгт 10-аас доошгүй жил ажилласан бол 18 сарын цалинтайгаа тэнцэх мөнгөн тэтгэмж авах юм. Их, дээд сургуулийн болон хувийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд тэтгэмж олгохгүй. Зөвхөн төр, орон нутгийн өмчит Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд тэтгэмж олгох хуультай.

ХӨДӨӨГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАНД 5 ЖИЛ ТУТАМД ТЭТГЭМЖ ОЛГОНО

Сум, тосгон, багт таван жил тасралтгүй ажилласан багш нарт олгодог, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжинд цэцэрлэгийн туслах багш нар ирэх оны эхний өдрөөс хамрагдаж эхэлнэ. Харин сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны болон албан бус боловсролын багш, цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч нарт тэтгэмж олгох ажил 2014 оноос хэрэгжих юм. Таван жил тутамд нэг удаа тэтгэмж олгоно. 2013 оны улсын төсвийг хэлэлцэхдээ Боловсролын тухай хуулийн зарим зүйл заалтыг өөрчилсөн билээ. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа, тэтгэмж хүртэх албан тушаалтныг тодорхойлон заасан байна. 

ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙНХАН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА

Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт, хөтөлбөрийг нэвтрүүлэх, шалгах туршилт хэрэгжүүлж байгаа лаборатори 31 сургуулийн багш нарт 30 хувь, ажилтан, ажиллагсад 15 хувийн нэмэгдэл олгоно. Боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх гарааны зурхай, хөрс суурь болсон лаборатори сургуулийн багш, ажилтны цалингийн нэмэгдэл 2013 онд 994 сая төгрөг болсон байна. 2013 оны улсын төсвийн төслийг боловсруулах, өргөн барих, хэлэлцэн батлах явцад хянаж багасгаагүй. Лаборатори сургуулиуд нь орон нутгийн өмчтэй учраас аймаг, дүүргийн засаг даргын төсвөөр дамжуулан тусгайлан шилжүүлж цалингийн санд нь тусгажээ.

       
Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж