МҮОХ-ны бодлогыг зөв тодорхойлох хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны бодлогыг зөв тодорхойлох хэрэгтэй гэв

МҮОХ-ны Олимпийн чуулган маргааш болно. Дөрвөн жилд нэг удаа хуралдаж, МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээс гадна ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болоод гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийг сонгодог тус чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл оролцдог уламжлалтай.

МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө одоогийн тэргүүн Д.Загдсүрэнгээс гадна МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, Монгол Улсын ерөнхий прокурор, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нар нэр дэвшээд буй. Олимпизмийн үзэл санаа, суртлыг түгээн дэлгэрүүлэх олимпийн дээд байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдахаар өрсөлдөж буй эрхмүүдээс Д.Дорлигжав прокурорын талаар олон нийт багагүй эргэлзээтэй байгаа. Тиймээс чухам ямар учраас Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй талаар Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбатаас тодрууллаа. Учир нь МЖБХ-ноос Д.Дорлигжавыг МҮОХ-ны ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлжээ.

-МЖБХ-ноос Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэлээ. Энэ талаар та тодруулахгүй юү?

-МҮОХ-ны дүрмийн дагуу энэ байгууллагын ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь нээлттэй байдаг. МҮОХ-ны олимпийн чуулганд олимпийн төрөлд багтсан спортын холбоод тус бүр хоёр, олимпийн тус төрөл бол нэг төлөөлөгчөө оролцуулдаг. Энэ дагуу Монголын жүдо бөхийн холбооноос МҮОХ-ны ерөнхийлөгчид Д.Дорлигжавыг, харин дэд ерөнхийлөгчид МЖБХ-ны тэргүүн Х.Баттулгыг санал болгосон. Ерөнхий прокурор Д.Дорлигжавын хувьд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сүүлийн дөрвөн жилд ажилласан. Спортод элэгтэй, зүрх сэтгэлээ зориулж яваа эрхэм учраас МЖБХ-ноос нэр дэвшүүлж байгаа юм.

-Яагаад заавал Д.Дорлигжав прокурорыг сонгон, нэр дэвшүүлэх болов?

-Монголын спортод зөв бодлого, зөв систем үгүйлэгдэж байна. Бодлого байхгүй учраас зохицуулалт байхгүй байна. Монгол Улсын спортын салбарт нэгдсэн нэг бодлого хэрэгтэй. Энэ бүхнийг зангидах учиртай байгууллага нь МҮОХ. МҮОХ өнгөрсөн хугацаанд тодорхой ажил хийсэн, гэхдээ цаашдын зорилт, ажил үйлс, бодлогыг зөв тодорхойлж, шинэчлэх хүн хэрэгтэй байна. Д.Дорлигжавын хувьд ажлын туршлага арвин, гар бие оролцсон ажил бүртээ ахиц гаргаж чаддаг, үүнийгээ харуулж, баталж чадсан хүн.  Спортыг бүх нийтэд хүртээмжтэй, үздэг нь үзэж таашаал авдаг, оролцдог нь оролцож амжилт гаргадаг тийм л байлгах зорилго тавьсан. Бодлого буруу байгаа учраас спорт хөгжиж чадахгүй байгааг өөрчлөх цаг болсон.

-Монгол Улсын Ерөнхий прокурор хүн МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх нь хэр оновчтой вэ. Хууль эрхзүйн хүрээнд харшлах зүйл бий юү?
-Төрийн албан хаагч Төрийн бус байгууллагад ажиллах бүрэн эрхтэй. Учир нь ТББ бол олон нийтийн байгууллага, үүнд сайн дураараа ажиллаж байгаа. Д.Дорлигжав өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. МҮОХ-ны дүрэмд тус байгууллагын ерөнхийлөгч нь орон тооны байна гэж заасан байдаг. Гэхдээ энэ удаагийн Олимпийн чуулганаар МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байгаа. МҮОХ-нд ерөнхийлөгчөөс гадна дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх зөвлөл, хяналтын зөвлөл гээд удирдлагын төвшний бусад албан тушаалтнууд ажилладаг. Тиймээс зөв бодлого тодорхойлж, зөв баг бүрдүүлж, зөв менежментээр ажиллавал МҮОХ-ны ерөнхийлөгч нь орон тооны бус байж болно гэж бодож байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж