Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргалаа. Хуралдаан 18.30 цагаас эхэлсэн юм.
Монгол банктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулна
Гадаадын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг худалдан борлуулснаас төвлөрүүлсэн 1,5 тэрбум долларын эх үүсвэрийг санхүүгийн оновчтой механизмаар дамжуулан удирдаж, макро-эдийн засгийн эерэг нөлөөллийг баталгаажуулах үүднээс Монголбанктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулан ажиллах эрхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт олголоо. Энэхүү гэрээг байгуулснаар Засгийн газрын хөрөнгийн удирдлага, зарцуулалтыг төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилт, Мөнгөний бодлогын үндсэн зорилтуудтай уялдуулан нийцүүлэх боломж бүрдэж байна.
Томилгоо:
- Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Осорын Ганбатыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
- Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Түнрэвийн Батмагнайг ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Б.МАРАЛ