
Хууль зүйн яам Монгол телевизтэй хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэг анхных нь. Эрүүгийн хуулийн төслийг боловсруулахад иргэдийн санаа бодлыг хуулийн төсөлд тусгах зорилготой ийм хэлэлцүүлэг цаашид ч цувралаар үргэлжлэх аж. Харин анхны хэлэлцүүлэгт ирсэн иргэд телевизээр зар сонсоод л олзуурхан ирсэн гэдгээ нуусангүй. Тэдний олонхи 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль өшөө авалтын хууль болсон, өнөөдрийн мөрдөж байгаа эрүүгийн хуулиар хүн алсан хүн шагнуулдаг болсон юм биш үү гэж цөхрөнгөө баран хэлж байгаагаас үзэхэд Монголд хууль гууль болж, шударга ёс, хариуцлага гэдэг зүйл аль эрт байхгүй болсныг илтгэнэ. Хэлэлцүүлэгт хэлмэгдсэн, амьдын хагацал, зовлон үзэж яваа, бусдын хариуцлагагүй үйлдлээс бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн ирж, хуулийн салбарын шинэчлэлийг хийлцэж яваа, дэмжиж байгаа хуульч, өмгөөлөгчдөд зовлонгоо “тоочлоо”. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Мөнхцэцэг “Миний нөхөр өнгөрсөн долдугаар сард үйлдвэрлэлийн ослоор нас барсан. Тухайн үед кранист нь үйлдлээ буруу хийснээс осол гарсан гэдэг нь тогтоогдсон байхад прокурор нь кранист н.Баатарсүрэн гэмт хэргийн субъект болж чадахгүй гэсэн. Шүүх хурал нь одоо болтол болоогүй, гурван удаа хойшилсон. Гэхдээ хурал хойшлогдсон талаар надад юу ч хэлээгүй. Мөн компани ямар ч хохирол барагдуулаагүй, хариуцлага ч хүлээгээгүй. Энэ асуудал болон прокурорын талаар хэнд хандах вэ” гэв.
Сүүлийн үед барилгын салбарын аюулгүй ажиллагааг хангаагүй, дүрэм журам зөрчсөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирсон гэмт хэрэг дуу дуугаа аван гарах болсон. Хариуцлага хүлээх эзэн олдохгүй энэ гэмт хэргийн хохирогчид, тэдний ар гэрийнхэн сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн болон эдийн бус хохирлоо барагдуулахын тулд хаана, хэнд хандахаа мэдэхгүй явна. Уг нь хуулиараа бол жинхэнэ ашиг олж байгаа хуулийн этгээд, аж ахуй нэгж хариуцлага хүлээх байтал төр тэдэнд хариуцлага тооцдоггүй. Тиймээс хариуцлагын тогтолцоог чангаруулах хэрэгтэй байна гэдгийг иргэд санууллаа.
Мөн өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг талаар тодорхой заалт байдаггүй юм байна. Гэхдээ Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилийг зохицуулах хэлтсийн дарга, Эрүүгийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Г.Оюунболд хэлэхдээ “Эд хөрөнгө, сэтгэл санаа, эдийн болон эдийн бус хохирлыг үнэлэх тогтолцоо олон жилийн турш иргэний хөндөгдсөн эрхийг бүрэн хангаж чадахгүй байна. Шалтгааныг нь судалхад, 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан. Гэтэл Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1993 оны А53 тоот захирамжаар өнөөдөр Эрүүгийн хэрэгт үнэлгээ тогтоож байна. Өөрөөр хэлбэл, шинэ хууль гарахаас өмнө харилцааг зохицуулж байсан иргэдийн хурлын захирамжаар эрүүгийн хэрэгт үнэлгээ хийж байсанд байгаа юм” гэдгийг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголд хүний эрх, эрх чөлөө 22 жилийн өмнө цаасан дээр буусан. Одоо болтол амьдралд хэрэгжээгүй. Харин залуу хуульч Х.Тэмүүжин хууль зүйн шинэчлэлийг зоригтой эхлүүлж байгаа учраас одоо л бодитой хэрэгжих байх. Өнөөдөр бидний хажууд өдөр бүр эрх нь зөрчигддөг хүмүүс байгаа. Төрийн буруутай үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөнөөс үйлдэлтэй гэмт хэрэг жилдээ бараг 1700 гарч байна гэсэн судалгаа надад бий. Гэтэл хохирол нь амьдрал дээр яагаад бүрэн төлөгддөггүй юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Тиймээс юуны түрүүнд шинэ эрүүгийн хуулийн төсөлд иргэний нэхэмжлэлийн эрх үүргийг илүү тодорхой болгон оруулах хэрэгтэй. Өнөөдөр мөрдөн байцаагч, прокурорынхон ял эдлүүлэх зорилго тавьдаг болохоос биш хохирогчийн хохирлыг барагдуулах тал руу анхаардаггүй гэдгийг хэлээд, Х.Тэмүүжин сайдын эхлүүлсэн хуулийн салбарын шинэчлэлд амжилт хүслээ. Мөн тэрбээр Эрүүгийн хуулийн төслийг боловсруулахад иргэдийн санал, бодлыг хуулийн төсөлд тусгахаар хэлэлцүүлэг өрүүлж байгаад талархлаа илэрхийлсэн юм.