Английн Эссексийн Хавквэлл тосгоны оршин суугч Женнифер Уэдерелл гэгч бүсгүй өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард уушгины хорт хавдраар өвдөж, Лондонгийн “Harefield” эмнэлэгт уушги шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Гэвч Женнифер Уэдереллид уушиа өгсөн донор нь архаг тамхичин байсны улмаас тэрээр уушги шилжүүлэн суулгаснаас 18 сарын дараа фиброз өвчнөөр нас барсан байна. Женнифер Уэдереллийн гэр бүлийнхэн энэхүү хэрэгт “Harefield” эмнэлгийн эмч нарыг буруутгажээ. Учир нь Женнифер Уэдерелл нь хорт хавдраар өвдөхөөсөө өмнө хоёр ч удаа уйланхай маягийн фиброзоор шаналж, бүтэн өдөржин хүчил төрөгчийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд ийм хүнд өдөрт 20 ширхэг тамхи татдаг хүний уушги шилжүүлэн суулгасан нь өвчнийг хүндрүүлсэн гэж үзжээ. Мөн тэд эмч нар Женниферээс архаг тамхичин хүний уушгийг шилжүүлэн суулгах эсэхийг асуугаагүй гэж буруутгасан байна. Женниферийн аав Колин Граннелл “Хэрвээ эмч нар охинд минь өөрт нь архаг тамхичин хүний уушги шилжүүлэн суулгах гэж буйгаа хэлсэн бол тэр үүнийг хийлгэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан.” гэж мэдэгджээ. Харин үүний хариуд“Harefield” эмнэлгийн зүгээс Женниферт сонголт хийх боломж өгөөгүйнхээ төлөө албан ёсоор уучлалт гуйсан байна. Тус эмнэлэгийн зүгээс “Бүх өвчтөн эрүүлч боловч тамхичин донорын уушгийг өөрт нь шилжүүлэн суулгахаас татгалзаж, өөр тамхи татдаггүй донорын уушги гарч ирэхийг хүлээх эрхтэй. Бид түүнээс өөрт нь тамхичин донорын уушги шилжүүлэн суулгахыг зөвшөөрөх эсэхийг асуугаагүйдээ уучлалт гуйж байна.” гэж мэдэгджээ. Үүний дараа Женниферийн аав “Facebook” сайтад “Женниферийн сонголт” нэртэй хуудас нээж, тамхи татдаггүй хүмүүсийг идэвхитэйгээр донор болохыг уриалсан байна. Женнифер Уэдерелл өнгөрсөн есдүгээр сард найз залуу Дэвид Уэдереллтэй хуримлаад байсан аж.
Б.АНХТУЯА