Далайцтай, даацтай эхлэл

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Далайцтай, даацтай эхлэл

Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө Үндэс­ний газар хамтран “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ши­нэчлэлд хамтдаа” үндэсний чуул­ганыг анх удаа зохион бай­гууллаа. Энэхүү чуулган нь хүүхэд, гэр бүлийн хөгжил хам­гааллын талаар төрөөс барим­талж буй бодлого, үйл ажиллагаа, хүүхдийн асуудлаар салбар дун­дын зохицуулалтын өнөөгийн байд­лыг хүүхэд, гэр бүл, олон ний­тийн санал хүсэлтийг үндэс­лэн шинэчлэн сайжруулах зорил­го­той юм.
Сүүлийн үед хүүхдийн амьд явах эрхийг илт зөрчсөн, эмгэнэлтэй хэрэг удаа дараа гарч байгаа учраас хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд гэр бүл болон нийгмийн таатай орчныг бүрдүүлэх ажлыг нэн тэргүүнд хийх шаардлага тулгараад байгаа. Хүүхдийн тө­лөө хийх ажил маш их буй. Бүр орвонгоор нь эргүүлэх зүйл ч их байгааг Засгийн газрын хэрэг­жүү­лэгч агентлаг Хүүхдийн тө­лөө Үндэсний газрын дарга И.На­рантуяа онцлон тэмдэглэж байсан.

Тэрбээр мөн хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн устсан учраас тэднийг буцааж авах, сэргээх зэрэг ажлыг ч эхлүүлээд байгаа юм. Мөн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” Үндэсний чуулганаас гарсан “НҮБ-ын Хүүхдийн эрхийн ту­хай конвенцийн хэрэгжилтийг хан­гах, Монгол Улсад хүүхдийн эр­хийг хангах, хүүхдийн хөгжил, хам­гааллын асуудлыг шинэ төв­шинд хүргэх, хүүхдийн асууд­лаарх хөрөнгө оруулалтыг нэ­мэг­дүүлэх, хүүхдийг аливаа эрс­дэлд өртөхөөс урьдчилан сэр­гийлэх, хамгаалах, хүүхдэд ээл­тэй, аюулгүй орчныг бүр­дүүлэх үндсэн зорилгын хүрээнд бай­гууллага бүр үүрэг хүлээх ёстой” гэ­сэн зөвлөмжийг хэрэгжүүлэ­хээр Монгол Улсын Засгийн газ­рыг төлөөлж Хүн амын хөг­жил, нийгмийн хам­гаал­лын яам, Хүүхдийн төлөө Үндэс­ний га­зар, хүүхдийн асуудлаар үйл ажил­лагаа явуулж буй олон ул­сын байгууллагуудыг тө­лөөлж НҮБ-ын “Хүүхдийн сан”, “Хүүхдийг ивээх сан”, “Дэл­хийн зөн Монгол” олон улсын байгуул­лага, Норвегийн туслам­жийн бай­гууллага, хэвлэл мэдээллийн байгуул­лагуудыг төлөөлж Мон­голын сэтгүүлчдийн эвлэл, хувийн хэв­шил, аж ахуйн нэгжүүдийг төлөөлж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, хүүхдийн асуудлаарх иргэний нийг­мийн байгууллагуудыг тө­лөөлж Хүүхэд хамгааллын Үндэс­ний сүлжээ харилцан ойлголцож, хамтран ажиллахаар санамж бич­гийг байгуулав.

Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хам­гаал­лын яамныхан эрхзүйн орч­ныг бүрдүүлэх, хүүхдийн тө­лөөх үйл ажил­лагааг дэмжиж санхүүжүү­лэх зэрэг үүрэгтэй ажиллах бол Хүүхдийн төлөө Үндэсний газар нь төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоог хангах, хүүх­дийг аливаа гэмт хэрэг, зөр­чил, эрсдэлээс урьдчилан сэр­гийлэ­хэд олон нийтийн орол­цоог нэмэгдүүлж, хүүхэд өөрий­гөө хамгаалах чадвар эзэм­ших арга зүйг боловсронгуй бол­гох, түгээн дэлгэрүүлэх, хам­тын ажиллагааны санал, са­наа­чил­га өрнүүлэн хүүхдийн эр­хийг хамгаалах асуудлаар ман­лай­лан ажиллах юм.

Харин олон улсын байгууллагын хувьд хүүхдийн эрхийг хан­гах, хөг­жил, хамгааллыг сайжруула­хад Зас­гийн газарт өөрийн чиглэ­лийн хүрээнд арга зүйн болон тех­ни­кийн тусламж, дэмжлэг үзүү­лэх, хүүхдийн эрхийг хан­гах, хүүхдийн хөгжил, хамгаал­лын асууд­лаар чадавхийг бэхжүү­лэх үйл ажиллагааг зохион бай­гуула­хад Засгийн газарт дэмж­лэг үзүүлэх, хамтран ажил­лах бол хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лийнхэн хүүхдийн эрхийг хан­гах, хөгжил, хамгааллын асууд­лыг сайжруулахад нийгмийн хариуц­лагын хүрээнд олон нийтийг соён гэ­гээрүүлж, хүүхдийн язгуур эрх ашгийг дээдэлж, хүүхдэд ээлтэй байдлаар хүүхэд, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах зэ­рэг үүргийг хүлээсэн.

Хүүхэд хам­гаалах систем алдагдсан ма­най оронд “Хүүхэд гэр бүлийн хөг­жил, хамгааллын шинэчлэлд хамт­даа” чуулганыг анх удаа дор­витой санаачлан зохион бай­гуулсан нь цагаа олсон үйл явдал бо­лов. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулсан, энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүний хувьд тус газрын дарга И.Нарантуяад Монголын мянга, мянган аав ээжүүд талархаж байгаа нь мэдээж биз ээ. И.На­рантуяа энэ ажлыг аваад хэдхэн сар болж байна. Харин энэ чуул­ган түүний ажлын далайцтай, даац­тай эхлэл боллоо.

Тэрбээр улс­төрчийн зангараг гаргаж, аж­лаа эхлүүлснээ мэдэгдлээ. И.Наран­туяа “Гэр бүлд ээлтэй шийдэл” ТББ-ын тэргүүнээр ажиллаж бай­сан бөгөөд Монголын гэр бү­лийн сайн сайхны төлөө 2004 оноос хойш ажиллаж байгаа нэ­гэн. Тэрбээр гэр бүл хэрхэн тогт­вортой байх вэ, залуу гэр бүлд зориулсан зөвлөмж, гэр бү­лийн хүчирхийллээс урьдчилан сэр­гийлэх гэх мэт олон сэдвээр сур­галт зөвлөгөөн зохион байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн гэр бүл чухам яавал ажилтай, орлоготой, аз жаргалтай байх вэ, хүүхдээ хэрхэн зөв төлөвшүүлэх вэ, тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэгдэх вэ зэрэг асуудалд ч байнга анхаарал хандуулдаг.

Учир нь гэр бүл аз жаргалтай, амгалан байвал улс орон хөгжинө гэж тэр үздэг билээ. Хүүхэд бол гэр бүлийн цөм, гэр бүл болон түүний гишүүн бүр аз жаргалтай, амар тайван байвал улс хөгжих учиртай гэдэг асуудал дээрээ тууштай байж, холыг харж, хоёрыг сэтгэдэг нэгэн юм. Тийм ч учраас энэ хүнд өрх гэрийн, төр улсын ирээдүй болсон хүүхдийн асуудлыг, хүүхдийн төлөө ажиллах байгууллагыг атгуулсан нь том ололт. Учир нь тэр  нийгмийн амьдралын хаана, ямар асуудал тулгараад, юу дутагдаж байдгийг амьдралаараа туулж, мэдэрсэн хүн болохоор хүүхдэд чиглэсэн, наалдацтай, зөв бодлого хэрэгжүүлэх нь дамжиггүй.

Хүүх­дийн төлөө Үндэсний газар нь саяын чуулганаар Монгол Улсын Ерөн­хий сайдын ивээлд хүүхдийн асуудлыг авчирлаа. Ингэснээр хүүхэд бүх яамдын анхаарах асуу­дал болж байгаагаараа далайцтай болж байна. Энэ байгууллагын цааш­дын үйл ажиллагаанд хүүх­дийн төлөө ажиллах чин хүсэлтэй бу­сад төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс ч оролцох боломжтой гэдгийг чуул­ганд оролцогчид мэдэгдлээ.

Чуул­ганд орон нутгийн 200-гаад, төрийн болон төрийн бус бай­гуула­гын хүүхдэд хамаатай бүх байгуулагынхан оролцож, ийн­хүү мэдэгдэв. Хүүхдийн төлөө ажил­лаж буй хүмүүст туслах, хүүх­дийнхээ төлөө анхаарах нь хүн бү­рийн үүрэг хэмээн ухамсарлах цаг нэгэнт болжээ.

Э.ТУУЛ

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж