Харцага хочит Шинзо Абэ Японы Ерөнхий сайдыг унагав

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Харцага хочит Шинзо Абэ Японы Ерөнхий сайдыг унагав

Ням гаригт болсон Японы парламентын сонгуульд консерватив үзэл баримтлалт Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, доод танхимын суудлын бараг гуравны хоёр хувь буюу 300-аад суудлыг эзэлсэн байна. Харин сонгуульд ялагдал хүлээсэн эрх баригч Ардчилсан намын лидер, Ерөнхий сайд Ёшихико Нода огцорчээ. Японы парламентын сонгуулийн ингэж эргэснийг зүүн Хятадын тэнгис дэх арлын маргаантай асуудлаас үүдэлтэй Хятад, Японы хурцадмал байдал нөлөөлсөн гэж олон улсын ажиглагчид бичиж байна. Эрх баригч намыг суудлаас нь унагаж чадсан Либерал Ардчилсан намын дарга Шинзо Абэ Японы долоо дахь Ерөнхий сайд болох нь нэгэнт тодорхой болжээ. Тэрбээр ерөнхий сайдын үүргийг албан ёсоор хүлээж аваагүй ч зүүн Хятадын тэнгис дэх арлын маргаантай асуудлаар Японы өмнөөс зоригтой дуугарч эхэлжээ. Учир нь Хятадын талаас Японы шинэ Засгийн газрыг зүүн Хятадын тэнгис дэх маргаантай асуудлыг шийдэх дорвитой алхам хийхийг шаардаж байгаа юм. Зүүн Хятадын тэнгис дэх бүлэг арлуудын маргаан шинэ асуудал биш бөгөөд Хятад, Японы аль алин нь өөрсдийн эзэмшлийн бүс нутаг гэж үздэг билээ. Японы шинэ Ерөнхий сайдыг сульдсан эдийн засгийн шийдээгүй олон асуудал угтаж байгаа аж. Сонгуулийн үр дүнг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр Шинзо Абэ  нам нь маш том хариуцлага  үүрэх цаг болсныг онцолжээ. Шинзо Абэ “Хэдийгээр Либерал Ардчилсан нам ялалт байгуулсан ч энэ ялалт ард түмний итгэлийг бүрэн хүлээж чадаагүйг харууллаа. Харин бид ажил үйлсээр ард түмний итгэлийг дахин олж авах болно. Ард түмэн сүүлийн гурван жил үргэлжилсэн улс төрийн зогсонги байдал, үймээн самуунд цэг тавих цаг болсныг сонгуулиар харууллаа” хэмээн мэдэгджээ. Сонгуулийн албан ёсны дүн гараагүй боловч Японы хэвлэлүүдийн мэдээлснээр  Либерал Ардчилсан нам доод танхимын 294 суудлыг эзэлж, 31 суудал авсан Комейто намтай эвсэн 480 суудалтай доод танхимд олонхи болох гэнэ. Харин одоогийн эрх баригч Японы Ардчилсан нам доод танхимын 230 суудлаас 57 авч үлджээ. Мөн Японы барууны үзэл баримтлалт Сэргээн босголт нам 54 суудал авсан байна. 

Либерал Ардчилсан намын лидер Шинзо Абэ нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлж, иенийн ханшийн чангаруулж, инфляцийн өсөлтийн эсрэг тууштай арга хэмжээ авахаа мэдэгдсэний дараа даваа гаригаас Японд хувьцааны үнэ өсөх хандлагатай болж иржээ.

АНУ, Австрали зэрэг орнууд Японы Либерал Ардчилсан намын лидерт сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, шинэ Засгийн газартай нягт хамтарч ажиллахаа мэдэгдсэн бол БНСУ Японоос хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулахыг шаарджээ. Харин  Хятадын хэвлэлүүдэд Япончууд “Харцага” хочтой Шинзо Абэгийн намыг сонгож, барууны үзэл баримтлал руу хазайж буйгаас хөрш орнууд нь болгоомжилж байна гэж бичиж байгаа гэнэ. Шинзо Абэ 2006 онд Японы Ерөнхий сайд байсан Жуничиро Коизумигийн халааг авч, ерөнхий сайдаар томилогдсон боловч жил хүрэлгүй огцорсон байдаг.

Шинзо Абэ жинхэнэ удам дамжсан улс төрч бөгөөд аав нь Гадаад харилцааны сайд, өвөг эцэг нь Ерөнхий  сайд байжээ.

Шинзо Абэ Японы дайныг эсэргүүцэгч утга агуулгатай Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хүсдэг нэгэн бөгөөд 2007 онд дэлхийн II дайны үед бэлгийн боолчлолд дарлуулж байсан япончуудад эргэлзсэнийхээ төлөө уучлал гуйж байв. Аливаа маргаанд өөрийн байр сууринд хатуу зогсдог Шинзо Абэ даваа гаригт сэтгүүлчидтэй уулзах үеэр “Зүүн Хятадын тэнгис дэх арлууд Японы газар нутгийн салшгүй хэсэг. Тиймээс энэ асуудлаар яриад байх зүйл байхгүй” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр улс төрийн асуудлыг эдийн засгийн бэрхшээл болгож орхихгүйн тулд мэргэн ухаан зарах хэрэгтэй хэмээн ярьсан байна. Шинзо Абэг парламент энэ сарын 26-нд Ерөнхий сайдад томилох юм.  Ням гаригийн парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Японы Либерал Ардчилсан нам 2009 онд одоогийн эрх баригч Японы Ардчилсан намд ялагдах хүртлээ сүүлийн бараг 50 жилийн турш тасралтгүй төр барьсан нам билээ.

Японы Ардчилсан нам нийгмийн халамжийг нэмэгдүүлж, хүнд суртал, далд бизнесийг устгах амлалт өгч гарч ирсэн боловч эдийн засгийн доройтол, 2011 оны Фукушимагийн газар хөдлөлт, цунамийн гамшигтай холбоотой хохирол сүйрэл зэргээс болж олон нийтийн дэмжлэгийг алдсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж