Олимпийн медалийн буухиаг таслуулаагүй Д.Нармандах

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Олимпийн медалийн буухиаг таслуулаагүй Д.Нармандах

“Атланта-96” зуны олимпийн XXVI наадмын хүрэл медальт, “Бирмингем-99” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, гурван хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, “Хөх Монголын алтан од” Доржпаламын Нармандах 1975 оны энэ өдөр төржээ. Монголын жүдо бөхийн олон олон амжилтын эзэн болсон энэхүү гайхалтай тамирчны тухай сүүлийн үеийн спортын хорхойтнууд хэр мэдэх бол. Төрсөн өдрийг нь тохиолдуулан Нарка гавьяатын тухай өгүүлэхээр шийдлээ.

Д.Нармандах гэхээр түүний тухай мэддэг хүн бүрийн санаанд 1996 оны Атлантын олимпийн наадам санаанд ордог байх. Орчин үеийн олимпийн анхдугаар наадам 1896 онд Грекийн нийслэл Афинд болж, 100 жилийн түүхт ой тохиосон жил нь хүн төрөлхтөний спортын их баяр АНУ-ын Жоржиа мужид болсон юм. “Атланта-96” спортын түүхэнд “Алтан олимп” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь ийм учиртай. Зуны олимпийн XXVI наадмаас манай улсын баг тамирчдын цорын ганц медалийг Д.Нармандах жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүртсэнээр Монгол улс олимпийн наадмын медалийн албан бус жагсаалтад 71 дүгээр байрт жагссан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд хэцүү үед хүртсэн гэдэгт энэ медалийн үнэ цэнэ оршино.

Жүдо бөхийн 1995 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 20-21, 23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон. Энэхүү тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхийг 60 кг-ын жинд Д.Нармандах, 65 кг-д П.Нямлхагва, 71 кг-д Х.Болдбаатар нар авсан юм. Харин мэдүүлэг нь хоцорч очсон тул манай эмэгтэйчүүд барилдаж чадаагүй. Ингээд л “Алтан олимп”-од гурван эрэгтэй жүдоч хүч үзэх болов. Д.Нармандах, П.Нямлхагва, Х.Болдбаатар нарын хэн нь ч медаль хүртэх хэмжээнд бэлтгэгдсэн байсан юм.

Тухайн үеийн Үндэсний шиг­шээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Ж.Ганболд, “Буурал” хэмээх Д.Гансүх нарын тухай дурдахгүй өнгөрч яавч болохгүй. Тамирчдын ихэнх нь наймаа хөөгөөд спортоо орхичихсон, цөөн хэд нь Спортын төв ордонд үлдсэн тэр үед энэ гурван дасгалжуулагч их ч зүтгэсэн дээ. Тэд шавь нарынхаа бэлтгэлээс гадна ар гэрт нь анхаарал тавьж байсан. О.Балжинням аварга “Жин хасч буй хүний бөөр муудаж, нурууны өвчтэй болдог” гээд шавь нараа таньдаг ламдаа хүртэл дагуулан очиж төөнүүлж, тан авч өгдөг байжээ. Түүнчлэн сэргэлтийн бэлтгэлд гарсан байх үед “Гөрөөсний цус уулгачихъя” гэж ярьдаг байсан нь хэдэн шавиа юманд хүргэчихье гэсэн багш хүний сэтгэл гэлтэй. Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар хожим манай сонинд ярилцлага өгөхдөө “Гурван багш минь бидний бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл бололцоо, гадагшаа тэмцээн уралдаанд явах зардлыг зохицуулах гэж их ч гүйсэн дээ. Тэд маань ингэж залгуулаагүй бол жүдо бөх манайд өнөөдрийн хэмжээнд хүрээ ч үү, үгүй ч үү. Би багш нарыгаа Монголын жүдод маш том гавьяа байгуулсан гэж боддог” хэмээн ярьсан.

Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш, үндэс­ний бөхийн улсын аварга О.Балжинням манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсныг дор сийрүүлье. Аварга “Бидэнд Европт тэмцээнд оролцож, хамтар­сан бэлтгэл хийх зайлшгүй шаардлага байсан. Ингэхийн тулд “Эрдэнэт” зэрэг том компаниуд дээр очиж, зардал мөнгө гуйдаг байлаа. Европт, Элчин сайдын яаман дээрээ очоод “Бид замын зардлаа арай гэж төлж ирлээ. Та бүхэн бидэнд туслаач ээ” гэж хүсдэг байсан. Чехэд Элчин сайдаар ажиллаж байсан Н.Нямжав, Унгарт Элчин сайдаар ажиллаж байсан Р.Хатанбаатар нарт баярлаж явдаг. Тэд манай тамирчдыг яаман дээрээ байр­луулж, хооллож байсан. 1996 оны Атлантын олимпийн өмнө манай улсын бусад спортын төрлийн тамирчид Хөх хотод бэлтгэл хийсэн юм. Харин бидний “Хөх хотод бэлтгэл хиймээргүй байна. Японд очиж, жүдогийн сургууль дээр бэлтгэл хийвэл илүү чанартай” гэсэн хүсэлтийг тухайн үеийн “Эрдэнэт” үйлд­вэрийн дарга Ш.Отгонбилэг гуай шийдэж өгч байсан. Энэ бүхний хүчинд олимпоос медаль хүртсэн юм шүү. Энэ мэт хүнд хэцүү бүхнийг үндэсний бөхийн аварга хүнийхээ нэр нүүрээр шийдэж байсан үе бий” хэмээн ярьж байв.

Атлантын олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид улсын баяр наадмаар Сүхбаатарын талбайд жагсч тангараг өргөөд, наадмын дараа Улаанбаатар-Бээжин-Токио-Миннеаполис-Атланта гэсэн чиглэлээр 20 гаруй цаг нисч зорьсон газраа хүрсэн юм. Д.Нармандахын бэлтгэл сайн байж, олимпийн өмнө Мюнхений Дэлхийн цомоос мөнгө, Прагын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж, Казахстаны олон улсын тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар Атлантад ирэв.

Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн хүнд жингийн барилдаанаар эхэлсэн тул манайхан сүүлчийн гурван өдөр барилдсан. Сонирхолтой нь эхний өдрүүдэд жүдогийн эх орон Японы бөхчүүд хүсэн хүлээсэн алтан медалиа хүртэж чадсангүй. Харин япончууд олимпийн наадмын дундуур бүх шүүгчийг хүлээн авч, хурал хийж, зоог барьснаар тэдний амжилт дээшилсэн гэдэг. Х.Болдбаатар, П.Нямлхагва нар Японы ах дүү Кензо, Юкимаса Накамүра нарт будлиантай дийлдсэнээр медальгүй үлдэж, Монголын жүдочдын цорын ганц найдвар нь сүүлчийн өдөр дэвжээнд гарах Д.Нармандах болж хувирав.

60 кг-ын жинд 34 жүдоч хүч үзсэн. Манай Д.Нармандах Пуэрто-Рикогийн Мелвин Мен­десийг цэвэр ялж, гараагаа сайхан эхлүүлэв. Ингээд хоёрын даваанд Их Британийн бөх, 1995 оны Европын аварга Найжел Донахью­тай таарлаа. Түүнийг Мюнхений Дэлхийн цомын үеэр ялж байсан болохоор манай бөх сэтгэл­зүйн давуу байдалтай бай­лаа. Харин Донахью жаахан бэр­гэсээр юүко үнэлгээгээр дийлд­сэн. Д.Нармандах дараа нь Узбекистаны Алишер Мухтаровыг цэвэр ялснаар хагас шигшээд үлдэв. Өөрөөр хэлбэл медальд маш их ойртсон гэсэн үг.

Мөнгөн медалийн төлөө Японы шилдэг бөх Тадахиро Номүротой хүч үзэв. Түүнтэй олимпийн өмнө Прагын Дэлхийн цомын хагас шигшээд таарахдаа бараагүй. Даагаа нэхэхээр дэвжээнд гарсан ч жаахан туршлага дутсан тал бий. Д.Нармандах жаахан ахиу барьц олсондоо шунаад шийдсэн мэх хийсэн ч хариу мэхэнд орж хий хөмрөөд цэвэр ялагдсан юм. Ингээд л хамгийн шийдвэрлэх үе ирсэн. Ялбал медальтай харих, ялагдвал хоосон хоцрох. Хүрэл медалийн төлөөх барилдаанд түүнийг Беларусийн Натик Багиров хүлээж байв. Манай хүн ялбал Монголын жүдочдын олимпийн наадмын цорын ганц медалийг авч харина, Багиров ялбал өмнөх жилийн ДАШТ-ий хүрэл медалиа ихэрлүүлнэ. Д.Нармандах олимпийн өмнө беларусь эртэй нэг барилдахдаа дархан хөмрөөнд нь ороод цэвэр ялагдаж байсан. Тиймээс түүнийг сайн судалсан байв.

Барилдаан эхэллээ. Д.Нар­мандахын бэлтгэл илүү байсан уу, дэвжээнд гарахдаа өөртөө их итгэлтэй байжээ. Барилдаан эхлээд хоёр минут гаруйн хугацаа өнгөрөхөд Багировын гар нь суларч, ядарч эхэлсэн нь манай бөхөд мэдрэгдсэн аж. Тэрбээр энэ л торгон мөчид зөв мэдэрч, өөрийн үндсэн үүрээ мэхээ хийсэн нь цэвэр ялалт авчирсан юм. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын далбаа дээш өргөгдөхөд мань эр өөрийн эрхгүй огшиж, тамирчин болж, хөлс хүчээ урсгасны минь хөдөлмөр гарлаа хэмээн бодож байжээ. Д.Нармандахын хүртсэн хүрэл медаль Монголын баг тамирчдын “Атланта-96”-гаас хүртсэн цорын ганц медаль байлаа. Таны харж буй энэхүү зураг бол Атлантын олимпоос хүрэл медаль хүртсэн ялалтын мөч. Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны гэрэл зурагчин Боб Билинхемийн мөнхөлсөн энэхүү агшин 1996 оны дэлхийн спортын шилдэг гэрэл зургаар тодорсон түүхтэй.

Д.Нармандахын хувьд 1996 он сайхан жил. Тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэнийхээ дараа, аравдугаар сарын 9-10-нд Вьетнамын Хошиминд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Энэ нь Монголын жүдочдын “Шар тив”-ийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны шар өнгөтэй медаль байснаараа онцлог. Д.Нармандах олимпийн дараа хэсэг амраад, нэлээд жин нэмсэн байв. Тиймээс халуун оронд очоод жингээ хасах гэж их зүдэрчээ. Хэрвээ өөр хүн байсан бол халшраад болих байсан байх. Харин тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн эрчээрээ зүтгэн байж жиндээ орж, БНАСАУ, БНСУ-ын шилдэг жүдочдыг ялж түрүүлсэн юм. Түүнд энэхүү алтан медалиас гадна “Макао-93”, “Осака-2000”, “Улаанбаатар-2001”-ийн хүрэл медаль бий. Энэхүү нийтлэлийн гол баатар маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилддаг ч Азийн наадамд нэг л одгүй байдаг. Тэрбээр “Хирошима-94”, “Бангкок-98”-д оролцохдоо солонгосчуудтай таарч, торгууль юм уу, шүүгчдийн саналаар дийлдэн медальгүй үлдэж байв.

Д.Нармандахын хамгийн их харамсч явдаг тэмцээн бол Английн Бирмингемд болсон 1999 оны ДАШТ. Бэлтгэл жигдрээд бас л сайхан байсан үе нь. Латвийн Алдис Парстраутс, Германы Оливер Гуссенберг нарыг ялсан ч урьд нь ялж байсан Японы Казүхико Токүног барсангүй. Гэсэн ч түүнд хүрэл медаль хүртэх боломж үлдсэн, үүний төлөө ч зүтгэсэн. Удаад нь Азербайжаны Ельчин Исмайлов, ОХУ-ын Евгений Станев нарыг цувруулан ялаад медалийн төлөө гарч ирлээ. Түүнтэй үзэх бөх нь Гүржийн Нестор Хергиани. Хэн хэн нь үнэлгээ авч чадалгүй яваад байлаа. Барилдаан ингээд өндөрлөсөн бол манай бөхөд шүүгчдийн саналаар ялах боломж өндөр байсан. Учир нь Д.Нармандах тэрхүү барилдааны санаачилгыг гартаа авчихсан байснаас гадна олимпоос медаль хүртэж, шүүгч нарт хэдийнэ танил болоод байсан. Барилдаан өндөрлөхөөс арваадхан секундын өмнө Ж.Ганболд багш “Нарка жаахан идэвхи үзүүлээдэх” гэхээр нь ухасхийгээд этэх мэх хийх гэсэн нь өрсөлдөгчийнх нь хонгоддог талд нь таарч буруудсан юм. Хергианигийн манай бөхийн өмднөөс барин гүйсээр байгаад дэвжээний хажууд унагаж чадсан. Ийнхүү олимпийн хүрэл медальт жүдочоос ДАШТ-ий хүрэл медаль нүүр буруулсан юм. Үнэлгээ авдаггүй юм аа гэхэд алдаагүй бол хангалттай ялах байсан газар. Хэрвээ тэгсэн бол олимп, ДАШТ-ий медальт Монголын анхны жүдо болох байлаа. Хэдийгээр Д.Нармандах дараа жил нь болох Сиднейн олимпийн наадамд оролцох эрхээ авсан ч уйлахгүй байж чадсангүй. Харин багш нар нь түүнд “Энэ удаа чадаагүйгээ олимпод гүйцээгээрэй” хэмээн захив.

Нэг л мэдэхэд XX зууны сүүлчийн жил болж, зуны спортын XXVII наадам Австралийн Сидней хотод эхэл­лээ. Д.Нармандах дөрвөн жилийн өмнөхөөсөө хамаагүй туршлагаж­сан ч харамсалтай нь түүнээс амжилт горьдох боломж­гүй болсон байлаа. Жин хасч байхад нь багш, эмч нар шингэн ихдүүлж тарьснаас болж барилдах ямар ч чадваргүй болчихсон юм. Шингэн ихдэхээр биенээс ус л гоожиж, дэвжээн дээр гарахад хальтраад байлаа. Тэр эхний даваанд Венесуэлийн Рейвер Альваренгатай таарсан. Манай бөх Венесуэлийн бөх гэж юу байдаг юм бэ. Арчаад өгнө гэж бодоод гарсан ч арайхийн торгуулиар дийлсэнд нь олон хүн гайхашрав.

Ингээд хоёрын даваанд БНСУ-ын Жун Бу-Кюнтай таар­лаа. Олимпийн өмнө Монголын тамирчид Солонгост очиж хамтарсан бэлтгэл хийсэн. Тухайн үед Д.Нармандах Жун Бу-Кюнаас үнэлгээг яаж л бол яаж авдаг байлаа. Харин Сиднейд таарахад нэг л болж өгсөнгүй тул шийдсэн мэх хийгээд дор нь орчихсон юм. Ингээд дагах барилдаанд орсон ч өнөөх Хергианигаас хариу­гаа авч чадсангүй, хоёр том тэмцээнд дараалан ялагдав. Манай тамирчныг ялсан Жун Бу-Кюн алдарт Тадахиро Номүрад ялаг­даж мөнгөн медаль хүртсэн юм.

Д.Нармандахад Азийн аварга цолоо ихэрлүүлэх бодол их байсан. Үүнийгээ гүйцэлдүүлэх хамгийн боломжтой үе нь 2001 он байв. Тэр жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар болсон билээ. Гэсэн ч бэлтгэл нь цөмөрчихсөн тул хүрэл медалиар сэтгэлээр хуурахаас өөр зам үлдсэнгүй. Тэмцээний өмнө Японд очиж бэлтгэлээр нүдүүлж, энд ирээд жинтэйгээ ноцолдсоор байгаад сэргэлт авч чадаагүй юм. Гэхдээ муу бөхөд ялагдаагүй. Түүнийг хагас шигшээд ялсан БНСУ-ын Чой Мин Хо нь хожим 2008 оны Бээжингийн олимп, 2003 оны Осакагийн ДАШТ-д түрүүлсэн юм. Харин Чой Мин Хо аваргын төлөө Д.Нармандахын байнга ялдаг Ираны Масуд Хажи Акхондадехт ялагдсан.

Д.Нармандахын оролцсон сүүлчийн тэмцээн нь 2001 оны долдугаар сарын 26-27-нд Германы Мюнхенд болсон ДАШТ байлаа. Гэхдээ шальтай ч барилдаж чадсангүй. 2000 оны Сиднейн олимпийн хүрэл медальт, 1999 оны дэлхийн аварга Кубын Маноло Пулоттой эхний даваанд таарч, сууж үүрэхэд нь тэвэрч шидэх гээд өөр дээрээ алдаж ялагдсан юм. Энэ нь түүний сүүлчийн барилдаан байлаа. Д.Нармандах энэхүү тэмцээний дараа 26-хан насандаа зодог тайлсан.

Тэр 1992 онд Эрдэнэтээс Улаанбаатарт орж ирсэн юм. Байр орон сууцгүй болохоор хамаатан садан, найз нөхөд гээд хэдэн жил хэссэн. Энэ зовлонг ганц Д.Нармандах гэлтгүй хөдөөнөөс ирсэн бүх л тамирчин туулсан. Тэрбээр шигшээ багийнхан гадагшаа тэмцээнд явах юм уу, цугларалтад гарахад бөөн баяр болдог байлаа. Байр, хоолонд хэсэг хугацаанд ч гэсэн санаа зовохгүй болох болсон болохоор тэр. 1990-ээд оны үед Монголын спорт ийм л хүнд байсан.

Түүнийг олимпийн медаль хүртээд бүх асуудлаа шийдүүлсэн гэвэл эндүүрэл. Д.Нармандахыг олимпоос ирснийх нь дараа байр амласан ч өгсөн нь үгүй. Шигшээ багийн хэдхэн төгрөгийн цалинтай түүнд мөнгөтэй, мөнгөгүй явах үе байсан. Монгол Улсын гавьяат тамирчны үнэмлэхээ автобусанд үзүүлээд явж байсан үе ч бий. Гэхдээ тэр тамирчин болсондоо гутарч явсангүй. Харин ч энэ заяандаа баярладаг. О.Балжинням багш, одоогийн МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар хөөцөлдсөний хүчинд 2000 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга М.Энхболд Д.Нармандахыг байртай болгож байв.

Тэрбээр “Хүнд чинь өөрийн гэсэн бодол байдаг юм. Би санаа зовох зүйлгүй, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байхдаа Атлантын олимпод оролцсон. Түүний дараа эхнэр, хүүхэдтэй болсон ч Сиднейн олимпод оролцохоор зүтгэсэн. Нийгэм хэцүү, хүмүүс дэмжихгүй байхад би зүтгээд, ар гэрийн амьдрал орхигдоод байдаг. Нэг олимпоос нөгөө олимп хүртэл дөрвөн жилийн хугацаа бий. Тиймээс гэр бүлээ бодоод зодог тайлсан. Тухайн үед дэмжлэг сайн байсан бол жин өгсөөд ч болтугай барилдаж, адаглаад 2004 оны Афины олимпод барилдах байсан болов уу. Яг нарийндаа бол тамирчин хүнийг дэмжээд өгдөг сайн ар байх хэрэгтэй” хэмээн ярьсан нь юутай үнэн бэ.

Гавьяатаас хэдэн жилийн өмнө “Таны үеийнхэн болон одоогийн залуусын хооронд хэр их ялгаа байна вэ” гэж асуухад “Их бий. Одоогийн хүүхдүүдэд адаглаад өмсөх кимоно, бэлтгэл хийгээд гарахад саун, шүршүүр нь бэлэн. Өсвөр үе, залуучуудын ДАШТ зохиогдож байна. Тамирчид өөрсдөө сэтгэлтэй бол витамин, эм тариагаа худалдаад авчих бүрэн бололцоо бий болжээ. Харин бидний үеийн хүүхдүүд кимоно гэж мэдэхгүй, зүгээр нэг цагаан хувцас гэж боддог байлаа. Шигшээ багийн тамирчин болсон хойноо л хятад кимоно өмсч үзнэ. Бидэнд зөвхөн глюкоз, АТП тарьж, үрлээр жаахан С витамин өгч, монгол уураг гэж гашуун юм усанд найруулаад уулгадаг байсан. Одоо бодоход миний үеийнхэн техник, тактикаар илүү байжээ. Тамирчин болгон л үүрдэг, хөмөрдөг, этдэг, хутгадаг байсан бол одоогийн залуус тэр зэрэгт хүрэхгүй санагддаг” хэмээн хариулсан. Түүнээс ийн асуусан нь учиртай. Залуу тамирчид энэхүү нийтлэлийг маань уншаад өөрт нь ямар их боломж байгааг ойлговол сэтгүүлч миний үзэг, цаас нийлүүлсний зорилго биелэх нь тэр.

Д.НАНЖИД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж