Роме Грожиан “Лотус” багт үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Роме Грожиан “Лотус” багт үлдлээ

“Формула 1”-ийн өнгөрсөн улиралд нэлээд олон шүүмжлэл араасаа дагуулсан Францын нисгэгч Роме Грожиан ирэх улиралд “Лотус” багт дахин хүчин зүтгэхээр боллоо. Тэрээр улирлын төгсгөлд 96 оноог цуглуулж наймдугаар байрт бичигдсэн билээ. Грожиан өнгөрсөн улирлын Белгийн гран прид “Ред Булл” багийн Марк Веббертэй санаатай мөргөлдсөн гэж үзэн нэг тойрогт уралдах эрхээ хасуулж байсан удаатай. Мэргэжилтнүүд түүнийг ирэх улиралд “Лотус” багт дахин уралдахгүй байх, багийнхан нь санал тавихгүй гэж үзэж байсан ч түүнд багийнхан нь санал тавьж дахин нэг улирал уралдуулахаар болсон байна. “Үнэхээр сайхан байна. Би Лотус багт дахин нэг гайхалтай улирлыг өнгөрөөнө гэдэг бол нэр төрийн хэрэг. Формула 1-т эргэн ирээд Лотус багтай маш олон зүйл суралцсан, гайхалтай улирлыг өнгөрөөсөн. Манай баг шинэ машинаа хүлээн авах гэж байгаа, дугуйг ч гэсэн сайжруулсан. Би шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна” гэж Роме Грожиан ярьжээ. Францын нисгэгч 2009 онд Формула 1-т дэвшин гарч ирж “Рено” багт хүчин зүтгэж байсан ч ЖиПи 2 уралдаанд нэг багт хамт уралдаж байсан Роберт Кубица “Рено”-д ирснээр тэр ЖиПи 2-т дахин уралдахаас өөр аргагүй болсон юм. Тэрээр бүтэн хоёр жилийг ЖиПи 2, Авто ЖиПи, Спорткарс ангилалд уралдаж байгаад өнгөрсөн улиралд Формула 1-т эргэн ирж “Лотус” багтай боломжийн амжилт үзүүлсэн билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж