150 кВт-аас бага хэрэглээтэй бол 89,8 төгрөгөөр тооцно

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

150 кВт-аас бага хэрэглээтэй бол 89,8 төгрөгөөр тооцно

Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж  буйгаас хөгжиж дэвжих биш, мөхөж уруудах тал руугаа явж байна. Энэ байдлаас гарах ганц гарц нь цахилгаан, дулааны үнийг нэмэх хэмээн эрчим хүчнийхэн тайлбарладаг. Сүүлийн үед энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болсон. Үүнтэй холбоотой асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн дарга М.Ганчимэгээс тодруулсан юм.

-Эрчим хүчний салбарын өнөөдрийн байдал ямархуу байна вэ?

-Эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлаар тодорхой судалгааны ажил хийгдээд байна. Уг судалгаагаар 2013 оноос эхлэн эрчим хүчний үнийг нэмэх зохицуулалт хийх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Ингэхийн тулд нэгдүгээрт, Эрчим хүч, нүүрсний уурхай, төмөр замын тээвэрлэлт гэсэн гурван том салбар санхүүгийн алдагдалтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тарифын орлого нь үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Тухайлбал, эрчим хүчний томоохон 25 компанийн дүнгээр 2012 оны эхний сард есөн сард 44.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм. Оны эцэст энэ тоо улам өсөх нь тодорхой. Нөгөө талдаа эрчим хүч үйлдвэрлэлтийн зориулалтаар нүүрс нийлүүлж байгаа томоохон уурхайнууд алдагдалд орж байна. Тодруулбал, “Багануур”, “Шивээ овоо”, “Шарын гол” зэрэг уурхайн дүнгээр энэ оны эхний сард 8.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Мөн Улаанбаатар төмөр зам нүүрсийг уурхайгаас станц хүртэл тээвэрлэж өгдөг. Энэ тээвэрлэлт алдагдалтай гарсан. Төмөр замын нүүрсний тээвэрлэлтээс Улаанбаатар төмөр зам 10.1 хувийн алдагдал хүлээгээд байгаа гэсэн судалгаа гарсан. Энэ гурван салбарын үзүүлэлтээр нийт 60 гаруй тэрбумын алдагдалтай ажилласан нь харагдаж байгаа юм.

-Энэ их алдагдлыг тарифыг нэмэх аргаар нөхөх хэрэг үү?

-Эрчим хүчний тухай хуулийн дагуу цахилгаан, дулааны тариф бодит өртөгт үндэслэгдсэн байх ёстой. Эрчим хүчний компаниудын санхүүгийн чадавх бүрэн хангагдсан байх ёстой. Тиймээс энэ хуулийн заалтад зохицуулалт хийх шаардлагатай болсон байна. Нөгөөтэйгүүр 2010 онд УИХ-аас 72 дугаар тогтоолоо гаргасан. Энэхүү тогтоолоор эрчим хүчний салбарын тарифын зохицуулалтын ойрын үеийн чиг хандлагыг тогтоож өгсөн. 2014 оноос эхлэн эрчим хүчний салбарын үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэх, салбарыг зах зээлийн зарчмаар эрүүл саруул болгох чиглэлийг гаргаж өгсөн. Энэ утгаараа 2010-2014 он хүртэл тарифын зохицуулалт хийх үе шатуудыг тодорхой заасан байгаа. Энэ удаагийн тооцоо судалгаа хийсэн асуудал нь УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх бас нэгэн үе шатыг төлөөлж байгаа юм.

-Эрчим хүчний компаниуд хэзээнээс алдагдалд орж эхлэв?

-Алдагдалтай ажиллаж байгаа гурван салбарынхан тариф нэмэгдүүлэх саналаа 2011 оны сүүл үеэс эхлэн ирүүлсэн. Тиймээс судалж үзээд үнэ тарифын зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага бий гэдгийг хэлж байгаа юм.

-Тэгэхээр өмнөх онд ч алдагдалтай ажилласан гэсэн үг үү?

-Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 39 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ алдагдал улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс тарифаа нэмэх зарчмаар тодорхой хэмжээний эх үүсвэр бий болгох шаардлагатай байна. Энэ эх үүсвэрээр эрчим хүчний компаниуд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ найдвартай болгох, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нэмэрлэх зорилготой юм.

-Үнэ нэмэх нь тодорхой болжээ. Яг ямар шатлалаар, хэрхэн нэмэх вэ?

-Үүнд нэг зүйлийг дурдахад эцсийн шийдвэр  гараагүй. Бид судалгаагаа танилцуулж байна. Манай хороо ямар нэгэн шийдвэр, өөрчлөлт хийхдээ тодорхой системтэйгээр олон нийт, хэрэглэгч, холбогдох албан байгууллагад өмнө нь мэдээлж байх ёстой. Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны нэг том үүрэг юм. Эрчим хүчний үнэ тарифын энэ удаагийн өөрчлөлт бүх хүнд хамааралтай гэж ойлгох хэрэгтэй. Нэгэнтээ цахилгаан, дулаан бодит өртгөөсөө бага үнээр борлуулагдаж байгаа энэ нөхцөлд хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ бүгд өөрчлөгдөнө. Ингэхдээ ахуйн хэрэглэгчдэд төлбөрийн дарамт бага байхаар зохицуулалт оруулъя гэсэн чиглэл барьж байгаа. УИХ-ын 72 дугаар тогтоолд ч үүнийг тусгасан байдаг.

-Хэдэн төгрөгөөр яаж нэмэх вэ?

-Өрх бүрийн 150кВт-ын цахилгааны хэрэглээний нэг кВт-ыг 79.8 төгрөгөөр тооцохоор болсон. Одоо мөрдөж байгаа үнэ нь 74-84 төгрөгийн хооронд маш олон үнэ мөрдөж байгаа. Үүнийг нэгтгэн бүгдийг адилхан болгоё гэсэн санал гарч байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа л бол баруун, зүүн, төвийн бүст хаана ч байсан хамаагүй 150 кВт буюу түүнээс доош хэрэглээтэй айл өрх бүрийн цахилгааны хэрэглээний нэг кВт-ыг 79.8 төгрөгөөр тооцож байя гэж байгаа.

-Яагаад 150 кВт-аар хязгаарласан юм бэ. Энэ тоог ч гэсэн тодорхой судалгаагаар гаргаж ирсэн байх?

-Айл өрх бүр хоол хүнсээ буцалгаж чанаад боловсруулах, телевизор үзэх, хөргөгч, угаалгын машин ажиллуулах зэрэг үндсэн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэнэ гэж 150 кВт-аар хязгаарласан. Үүнээс илүү тансаг хэрэглээтэй олон өрөө байртай, өрөө бүртээ телевизтэй ч юм уу, олон гэрлэн чимэглэлтэй тансаг гэрэлтүүлэгтэй эсвэл тень буюу халаагуур залгаж ажиллуулах зэрэг нэмэлт үйлчилгээ авч 150 кВт-аас илүү хэрэглээтэй айл өрхийн хэрэглээ 150-иас дээш гардаг. Тэр утгаараа хамгийн чухал хэрэгцээний цахилгаан, дулааныг төлбөрийн чадварт нь нийцүүлэн хямд үнээр өгье гэж байгаа. Харин түүнээс дээш хэрэглээтэй айлуудын эрчим хүчийг кВт-ыг нь 96.6 төгрөгөөр тооцно гэсэн  тооцоо гаргаад байна. Ингэж шатлалтай тариф тогтоосноор иргэдэд төлбөрийн дарамт үүсгэхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, бага мөнгө төлье гэвэл хэрэглээгээ хянаж, 150 кВт-аас бага хэрэглэж болно. Төлбөрөө хийж чадна гэж үзвэл түүнээс дээш хэрэглээд их 96.6 төгрөгөөр тооцуулж их мөнгө төлж болно. Иргэдэд ч сонголт бий болж байгаа юм. Үйлдвэр аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг 15, дулааныхыг 20 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо гаргасан. Одоогийнхоор дулааны тариф маш хямд байгаа. Ахуйн хэрэглээний халаалтын бодит өртөг ам метр тутамд 700 гаруй төгрөг байдаг. Гэтэл бид 341 төгрөгөөр борлуулдаг. Гэхдээ бодит өртөгт хүргэх гэж байна гэж шууд хоёр дахин нэмэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, ахуйн хэрэглэгчдэд дарамт учруулахгүй гэсэн зарчимтайгаа зөрчилдөх болоод байгаа юм. Тиймээс дулааны бүх тарифыг дунджаар 20 хувиар нэмэгдүүлж болохоор байна.

-Үнэ нэмэгдсэн нөхцөлд энэ гур­ван салбар алдагдлаа нөхөхөд хэр хугацаа шаардагдах вэ. Алдагдлаа бүрэн нөхөж чадна гэж үзэж байгаа юу?

-Одоогийн ярьж байгаа тариф нь ганц эрчим хүчний бус дээр дурдсан гурван салбарын алдагдлыг бууруулах зорилготой юм. Яагаад гэвэл ганц үнэ тарифийн зохицуулалтаар алдагдлыг бүрэн нөхөх боломжгүй. Тодорхой хэмжээний санхүүгийн алдагдлыг тарифын зохицуулалтаар нөхөж, нөгөө хэсгийг компаниудын үр ашгийн үзүүлэлтүүдийг бууруулах, бусад нөөц бололцоог дайчлах, зарим зардлыг хасах танах зорилгоор нөхөх зорилго тавьж ажиллана.

-Алдагдлаас бүрэн гарах боломж байхгүй гэж үү?

-Гэхдээ 2013 онд төвийн бүсийн эрчим хүчний системийг алдагдалгүй болгоно гэсэн томоохон зорилт тавьчихсан байгаа. Эхний ээлжинд энэ зорилгодоо хүрчихвэл салбараа алдагдалгүй болгох найдвар харагдаж байна. Ингэхийн төлөө компаниуд ч бүсээ чангална, бид ч энэ салбарын орлогыг нэмэгдүүлэх талаар тоймтой ажил хийх болно. Ямартай ч дээр дурдсан гурван салбарын алдагдал тодорхой хэмжээгээр буурна.

-Тодорхой хэмжээгээр гэдэг нь яг хэчнээн хувиар буурахыг хэлээд байна вэ?

-Бидний тооцоолж буйгаар эрчим хүчний салбарын алдагдлын 60 хувийг тарифын зохицуулалтаар, үлдсэн 40 хувийг компанийн дотоод нөөц бололцоо, үр ашгийг нэмэгдүүлж алдагдлыг барагдуулна гэж үзэж байгаа. Нүүрсний уурхайнуудын алдагдлыг 30-40, төмөр замын тээврийнхийг 20-30 хувийг нөхнө гэж үзэж байгаа.

-Цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхийн тулд Шу­дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн тө­лөө газраас зөвшөөрөл авах ёстой юу?

-Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт хоёр хуулийн хүрээнд хийгдэж байгаа. Нэг нь Эрчим хүчний тухай хууль, нөгөөх нь Өрсөлдөөний тухай хууль. Эрчим хүчний салбарын томоохон 16 компани ШӨХТГ-аас гаргасан зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн жагсаалтад багтсан байдаг. Зүй ёсны монополь аж ахуйн нэгжүүд зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнэ тарифт өөрчлөлт оруулах нөхцөлд ШӨХТГ газарт  шалтгаан, үндэслэлээ хянуулах ёстой гэж Өрсөлдөөний тухай хуулиар заасан байдаг. Тэгэхээр манайх ч хянана, ШӨХТГ ч хянана гэсэн үг. Эрчим хүчний салбарын үнэ тарифын асуудал ганц манай хорооных бус ШӨХТГ-т ч хамаатай болж байгаа юм. Хоёр агентлагт хамааралтай гэж ойлгож болохоор байгаа биз. Одоо бидний хүлээж байгаа асуудал бол ШӨХТГ-ын зөвшөөрөл. Удахгүй хурлаар нь орно гэсэн. Магадгүй ирэх долоо хоногоос шийдвэр өгөх байх.

-Эрчим хүчний зохицуулах хороо энэ асуудал шийдвэрлэсэн гэж ойлгож болох уу?

-ШӨХТГ-аас зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн жагсаалтад багтсан аж ахуйн нэгжийн тарифтай холбоотой зөвшөөрөл гарсны дараа бид хурлаараа эцэслэн шийдвэрлэх ёстой.

-Шийдвэр хэзээ гарна тэр цагаас эхлэн шинэ тарифыг шууд мөрдөнө гэсэн үг үү?

-Шийдвэр хэзээ гарахыг мэдэхгүй. Ямар ч байсан шинэ шийдвэрийг мөр­дөж эхлэхээс 15 хоногийн өмнө хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдэгдсэн байх шаардлагатай гэж хуульчилсан байдаг.

М.УЯНГА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж