“Дэлхий нийтийн чиг хандлага 2030: Ирээдүйн боломжит дүр зураг” (Global Trends 2030: Alternative Worlds) хэмээх энэ судалгааны тайланд Америкийг хэт их гүрэн байхаа болих хэдий ч, дэлхийн түвшинд тэргүүлэх байр суурь нь хэвээр байна гэжээ. Өөртэйгээ ижил гүрнүүд дотроо тэргүүлэх байр суурьтай байна гэж шинжээчид АНУ-ыг үзсэн ч “ийм байх бололцоотой”, “тэгэх болов уу” хэмээн тодотгосон нь анхаарал татаж байна.
АНУ-ыг хоёрдугаар байрт оруулсан ганц салбар нь эдийн засаг юм. Шинжээчдийн үзсэнээр 2030 он гэхэд Хятад улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх аж. Энэ нь шинэ таамаглал биш бөгөөд Их Британийн “Standard Chartered” банк аль 2010 оны судалгаандаа, 2020 он гэхэд Хятад АНУ-ыг гүйцэж, 2030 онд ДНБ нь Америкийнхаас хоёр дахин их болно гэсэн бий. Тэгвэл Хятад ДНБ-ээрээ АНУ-ыг 2016 он гэхэд гүйцэж түрүүлнэ гэдэг дүгнэлтийг Дэлхийн банк 2011 онд хийсэн билээ. Мөн Европын холбооны Аюулгүй байдлын судалгааны хүрээлэн 2006 онд хийсэн судалгаагаараа, дэлхийн эдийн засагт Хятадын манлайлах цагийг 2025 он гэж үзсэн юм.
Гэхдээ энэ нь, эдийн засаг дахь Хятадын манлайлал АНУ-ын их гүрний нөлөөг сулруулна гэсэн үг биш ажээ. Уг судалгаагаар бол Америк “дэлхийн цагдаа” байхаа болих шалтгаан нь, эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт гарснаар дэлхий нийтийн шинэ дэг журам бий болохтой холбоотой аж. Энэ дэг журмыг өнөөдөр хэдэн их гүрэн хамтран тогтоож байгаа бол 2030 он гэхэд энэ байдал задарч дэг журам тэдгээр гүрнүүдийн дунд хуваагдах гэнэ. Шинэ дэг журмын хүрээнд шийдвэрлэх үүргийг бүс нутгийн шинжтэй нэгдлүүд, улс төрийн холбоод гүйцэтгэх аж. Энэ нь АНУ-ын хувьд ашиггүй байдал үүсгэх юм. Учир нь Хятад, Ираны нөлөө энэ хэвээр өссөөр байвал 2030 он гэхэд Азийн орнууд нөлөөнийхөө хувиар Хойд Америк, Европыг нийлүүлснээс илүүтэй жин дарах ажээ. Европ гэснээс энэ холбоо дэлхийн хамтын нийгэмлэгт үзүүлдэг нөлөөгөөрөө “11-ийн бүлэг” гэгддэг нэгдлийн Бангладеш, Египет, Индонез, Иран, Мексик, Нигер, Пакистан, Филиппин, Өмнөд Солонгос, Турк, Вьетнамын ард орно хэмээн судалгааг хийсэн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
АНУ-ын нөлөө хэдийгээр сулрах ч, хүчний харьцааг тэнцвэртэй байлгахад тус улсын үүрэг туйлын чухал гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. АНУ-ын эдийн засаг хүчгүйдэж, тус улс цэрэг дипломатын өнөөдрийн үүргээсээ татгалзвал дэлхийн бусад хэсэгт анархи байдал тогтоно гэнэ. Тухайлбал Өмнөд-Хойд Солонгос, Энэтхэг-Пакистан, Хятад болоод хөршүүдийнх нь хоорондын зөрчлийг зохицуулахаар оролцох улс байхгүй болох юм. Өөрөөр хэлбэл хүч нөлөө нь буурсан ч бай Америк гэдэг улсыг, нэг ч орон орлож чадахгүй нь судалгаагаар харагджээ.
Нөхцөл байдлын ийм өрнөлийн үр дүнд ОХУ ямар байдалтай байхыг судалгаанд мөн дурьдсан байна. Оросын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн экспортоос хараат байдаг мөн хүн амын нөхөн үржихүйн асуудал бэрхшээлтэй байгаа явдал хамгийн эмзэг цэг нь аж. 2030 он гэхэд Оросын хүн ам 130 сая болж буурна хэмээн мэргэжилтнүүд үзжээ. (Лалын шашинтнуудын дунд төрөлт өндөр байгаагаас энэ бүлгийнхэн тус улсын хүн амын 19 хувийг эзэлнэ гэдгийг тайланд дурьджээ) Тэдний дүгнэснээр ОХУ Баруунтай түншилдэг харилцаагаа хэвээр хадгалсаар байх аж. Мөн Москва цэргийн чадавхаар давуутай байдлаа ашиглан хөршүүдээ айлган барьж байхыг хичээж магадгүй гэнэ.
Америкийн тагнуулынхан ийм төрлийн судалгааг тав дахь удаагаа хийж байгаа юм. 1997 онд нийтлэгдсэн эхний судалгаанд 2010 он хүртэлх үйл явдлыг таамагласан бөгөөд дэлхийн тавцанд АНУ-ын гүйцэтгэх тодорхой үүргийн талаар дурьдсан зүйл огт байгаагүй билээ. Харин 2015 он хүртэлхийг шинжсэн 2000 оны тайлан түүнээс хавьгүй сонирхолтой байв. Уг тайланд АНУ-ыг ядаж л дэлхийн эдийн засагт дангаар нөлөөлөх чадвартай олон улсын эргэлзээгүй лидер хэмээн дүгнэсэн ч олон улсын харилцаан дахь өөрчлөлт бүс нутгийн эвслүүдийн зүг хэлбийнэ гэдгийг тэмдэглэж байжээ. Гэхдээ энэ эвслүүд АНУ-ын манлайлах байр суурийг булаацалдах боловч амжилтад хүрэхгүй хэмээн шинжээчид дүгнэж байсан байна. Гэхдээ Вашингтоны нөлөөний түвшин явцын дунд буурна гэдгийг мөн л тэмдэглэж байжээ. Гадаад дайсан байхгүйн улмаас дотоод дахь асуудалдаа илүүтэй анхаарснаас ийм чиг хандлага үүснэ хэмээн шинжээчид үзсэн нь дараагийн нэг дүгнэлттэй нь зөрчилдсөн бөгөөд учир нь ирээдүйд улам идэвхжих алан хядагчдын гол бай нь АНУ байна гэж тэд мөн үзсэн юм. Гэхдээ ингэж үзэхдээ тэд АНУ-ын гадаад дайснууд гэж төрийн институциудыг хэлсэн бололтой.
Тагнуулын үндэсний зөвлөлийн хоёр дахь судалгааны тайлан гарснаас хоёр жилийн дараа Их Британийн Батлан хамгаалахын академи “Өөрчлөгдөж буй дэлхий дахины зөрчил: 20 жилийн дараа юу болох вэ?” (Conflict in a Changing World: Looking Two Decades Forward) гэдэг ном гаргав. Зохиогч Америкийн тагнуулынхантай тун ойролцоо дүгнэлт гаргасан бөгөөд АНУ 2020 он хүртэл олон улсын тавцанд манлайллаа хадгалж, түүнээс цааш нөлөө нь суларснаар дэлхий дахинд эмх замбараагүй байдал үүснэ гэжээ. Мөн нөлөөнийхөө хувьд бүс нутгийн шинжтэй гүрнүүдийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэнэ гэж үзсэнбайна. Дашрамд дурьдахад зохиогч Хятадаас гадна Японы хүч нөлөөг чангарна гэж үзээд, энэ хоёр улсын бололцоог нэг түвшинд аваачиж үнэлсэн нь сонирхолтой юм.
Сүүлийн хоёр судалгаанд Оросын асуудал тун ойролцоо байдлаар дүгнэгдсэн бөгөөд нэг бол бүс нутгийнхаа лидер байна, эсвэл эдийн засаг, экологи, нөхөн үржихүйн бэршээлээсээ болж лидер байх бололцоогоо алдана гэж үзсэн байна. Үүнээс гадна нэгдмэл байдал нь алдагдана гэж Америкийн тагнуулчид дүгнэсэн бөгөөд дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд авторитар чиг хандлага давамгайлна гэж үзжээ.
Сүүлийн хоёр судалгаандаа шинжээчид АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурийг үгүйсгэж зүрхлээгүй ч, нөлөө нь буурах хандлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ дүгнэлтийг дээр дурьдсан Европын холбооны Аюулгүй байдлын судалгааны хүрээлэн аль зургаан жилийн өмнө хийхдээ, даяарчлалын үр дүнд 2025 гэхэд нэг ч улс гүрэн нөгөөгөөсөө илэрхий давуу талтай байж чадахгүй болох ба дэлхий нийтийн хөгжлийг дангаараа тодорхойлох бололцоогүй болно гэж үзжээ. Тэгэхлээр дэлхий эзэнгүй болох нь энэ ээ.